Ерөнхийлөгчтэй холбоотой шинэ зохицуулалт ирэх онд “амилна”
Үндсэн хуульд заасны дагуу манай улс дөрвөн жилд нэг удаа парламентаа шинэчлэн сонгодог. Төрийн тэргүүний бүрэн эрх ч ийм хугацаанд үргэлжилдэг байв. Үүний дагуу дөрвөн жилийн бүрэн эрх эдэлсэн сүүлчийн Ерөнхийлөгч нь Х.Баттулга болж байгаа юм. Хууль ёсоор энэ жил УИХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулсан бол ирэх жил Ерөнхийлөгчийн сонгуультай. Шинээр сонгогдох Ерөнхийлөгчийн хувьд өмнөхөөсөө өөр зохицуулалттай болсон. Тодруулбал, манай улс өнгөрсөн онд Үндсэн хуулиа шинэчлэн баталснаар зарим өөрчлөлтийг хийсэн юм. Тухайлбал, “эцэг” хуулийн 30.2-т “Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” хэмээн заасныг даган мөрдөж ирсэн. Тэгвэл Үндсэн хуулийн өөрчлөлтөөр “Ерөнхийлөгчөөр 50 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг зургаан жилийн хугацаагаар, зөвхөн нэг удаа сонгоно” хэмээн тусгасан юм. Үүний дагуу шинээр сонгогдох Ерөнхийлөгч зургаан жилийн бүрэн эрхтэйгээр ажиллана. Тэгвэл ирэх оны долоодугаар сард болох Төрийн тэргүүний сонгуулийг ямар хууль эрх зүйн орчинд зохион байгуулах вэ. УИХ энэ талаарх бэлтгэл ажлыг хангах үүднээс Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийг шинэчлэн баталлаа. АН засгийн эрх барьсан 2012-2016 онд УИХ болон Орон нутаг, Ерөнхийлөгчийн сонгуулийг нэг хуулиар зохицуулдаг болгоод байсан. Гэвч энэ нь маш буруу зохицуулалт байсан бөгөөд өөр, өөрийн онцлогтой сонгуулийг нэг хуулиар явуулах нь олон талын сөрөг үр дагавартай байгааг СЕХ-ноос сануулж, дүгнэлт гаргасны дагуу өөрчлөх шаардлага үүссэн юм. Тиймээс УИХ-ын пүрэв гаргийн нэгдсэн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийг дангаар нь зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэв. Ингэснээр Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил болон зохион байгуулалттай холбоотой бүх ажлыг нарийвчлан тогтоолоо. Тухайлбал, сонгогч саналаа өгөх бэхэн тэмдэглэгээ хийх, сонгогч сонгогчдын нэрсийн жагсаалт болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээлэлтэй адил эрхтэй байх, сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдээгүй, эсвэл буруу бүртгэгдсэн гэх асуудлаар гомдол гаргах эрхтэй хэмээн тусгалаа.
Уг заалтын дагуу сонгуулийн явцад дээрх зөрчил үүссэн бол гомдлоо гарган, холбогдох байгууллагаар шалгуулах бүрэн эрх нээлттэй болж байгаа юм. Мөн сонгогчдын нэрсийн жагсаалтыг сонгуулийн хэсэг бүрт өгч байх, хяналтын тооллогыг 100 хувь гараар тоолохоор болов. Мөн сонгуулийн санал авах байранд дуу, дүрс авах хяналтын камер байрлуулах, сонгогчийн бүртгэлийн төхөөрөмж ажиллахгүй, эсвэл ажиллах боломжгүй болсон бол сонгогчийн тухайн цаг үеийн гэрэл зургийг авч, овог, нэр, регистрийн дугаар болон бүртгэлийн хуудас олгосон цаг, минутыг тэмдэглэсэн цахим болон цаасан архив үүсгэнэ хэмээн хуульд тусгав. Ийнхүү хуулийн зохицуулалт тодорхой болсон учраас Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой нарийвчилсан зохицуулалтыг СЕХ-ноос гаргана. Монгол Улс Төрийн тэргүүнээ шинэчлэн сонгох ажил он гарснаар эрчимтэй өрнөхөөр болж байна. Энэ тухайд хамгийн их анхаарал татаж буй сэдэв нь Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших вэ гэдэг асуулт. Тэр дундаа одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга 2021 онд болох сонгуульд дахин нэр дэвших боломжтой эсэх тухай маргаан. Үндсэн хуулийг өнгөрсөн онд шинэчлэн баталсан ч энэ оны тавдугаар сараас мөрдөж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн шинэчлэл бүх салбарт үйлчилж эхэлсэн. Аливаа сонгуульд ч мөн адил. Харин Х.Баттулгын хувьд Үндсэн хуулийн хуучин заалтын хүрээнд буюу дөрвөн жилийн бүрэн эрхтэй байхаар сонгогдож байв. Түүний хувьд 2017 оны долоодугаар сард 10-нд Ерөнхийлөгчийн тангаргаа өргөсөн бөгөөд ирэх жил бүрэн эрх нь дуусгавар болж байгаа юм. Гэхдээ Х.Баттулгыг Ерөнхийлөгчийн сонгуульд дахих боломжтой эсэх тухайд одоогоор нэгдсэн ойлголтгүй байна.
УИХ сая баталсан Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулиар энэ ойлголтыг эцэслэх хүлээлт байсан ч “УИХ Үндсэн хуулийг тайлбарлахгүй” гэх хариултыг Ажлын хэсгийн ахлагч өгснөөр дээрх асуулт хариулт нэхсэн хэвээр үлдсэн. Хуульчдын зүгээс өөр өөр тайлбарыг өгч эхэлсэн. Тиймээс энэ бүхний эцсийн цэгийг хатгах газар нь Үндсэн хуулийн Цэц болчихоод байгаа билээ. Он гарснаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой яриа ид дэгдэх учраас тухайн үед Х.Баттулга нэр дэвших боломжтой эсэх тухайд хэн нэгэн гомдол гаргаж гэмээнэ Цэцээс нэгдсэн шийдвэрийг гаргана гэх хүлээлттэй байна. Хуулийн хүрээнд үүнээс өөр гаргалгаа үгүй билээ. Ерөнхийлөгчид нэр дэвшигчийн хувьд УИХ-д суудалтай намаас нэр дэвших учиртай. Х.Баттулгын хувьд 2017 онд АН-аас нэр дэвшин өрсөлдсөн. Харин энэ удаад хэрхэх тухайд АНын X их хурлын тэргүүлэгч Б.Ган-Очир “АН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших эрхтэй хүмүүс ҮБХ-ноос өрсөлдөнө. ҮБХ нэр дэвшигчийг Их хуралд санал болгоно. Гэтэл 5.12.4.1.2- т зааснаар Ардчилсан намаас Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин сонгогдон ажиллаж байгаа иргэн байгаа бол дахин нэр дэвших хүсэлтийг гаргасан тохиолдолд энэхүү дүрмийн 5.12.4.2-т заасан журмыг баримтлахгүйгээр хэлэлцэн шийдвэрлэнэ. Хэрэв үүрэгт ажлаа хийж байгаа Ерөнхийлөгч Х.Баттулга нэр дэвших хүсэлтээ илэрхийлбэл эхлээд ҮБХ биш Их хурлаар шууд шийдвэрлэнэ. ҮБХ-ны хурлаас нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн хоёр хүнийг нэмбэл их хурал дээр нээлттэй гурван хүний өрсөлдөөн болж таарна” гэх тайлбарыг өгөөд байна. Х.Баттулгын хувьд ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүсэлтээ ил, далд илэрхийлж эхэлсэн. Гагцхүү түүнд нам нь боломж олгох эсэхийг хүлээх л үлдэж байна.
Ээлжит сонгууль хаяанд тулсан учраас Х.Баттулга нэр дэвших боломжтой эсэх маргаан тун удалгүй эцэс болох нь гарцаагүй. Харин Монгол Улсын зургаа дахь Ерөнхийлөгчид ногдох бүрэн эрх өмнөх таваас арай өөр. Дээр дурдсанчлан зургаан жилийн хугацаанд Төрийн тэргүүнээр ажиллахаар байгаа юм. Түүнчлэн Шүүхийн тухай болон Авлигын эсрэг хуулийн дагуу хууль, шүүхэд оролцоо багатай байхаар байна.
Өөрөөр хэлбэл, Шүүхийн тухай багц хуулийн шинэчлэлийн хүрээнд Ерөнхийлөгч ШЕЗ-ийн гишүүдийг баталгаажуулдаг байсныг болиулахаар тусгасан бөгөөд уг хуулийн хэлэлцүүлгийг УИХ өнгөрсөн долоо хоногт эхлүүлээд байгаа юм. Харин Авлигын эсрэг хуулийн дагуу АТГ-ын даргыг Ерөнхийлөгч санал болгосноор УИХ томилдог байсан бол энэ эрх мэдлийг Ерөнхий сайдад төвлөрүүлэх шинэ зохицуулалт бүхий өөрчлөлтийг УИХ батлахаар эхний хэлэлцүүлгийг хийчихээд байна. Ингэснээр АТГ-ын даргыг Ерөнхий сайд санал болгосноор УИХ-аас томилгооны сонсгол хийх бөгөөд зургаан жилийн бүрэн эрхтэй байна гэж өөрчилнө. Харин АТГ-ын дэд даргыг дарга нь санал болгосноор мөн л УИХ-аас томилдог болохоор хуулиа хэлэлцэж эхлээд байгаа нь энэ. Энэ мэтээр шинээр сонгогдох Ерөнхийлөгч хууль, шүүхэд оролцоо багатай байхаас гадна өмнөх төрийн тэргүүнээс олон буюу зургаан жилийн бүрэн эрхтэйгээр ажиллах нь. 19 жилийн дараа шинэчлэн баталсан Үндсэн хуульд Ерөнхийлөгчтэй холбоотой хэд хэдэн өөрчлөлтийг хийсэн нь ирэх онд “амилж”, амьдрал дээр хэрэгжиж эхлэх нь.
М.Өнөржаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: