Сайн мэдээ: Сүүлийн 24 цагийн дотор 79 хүн эдгэрч эмнэлгээс гарчээ
Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 1195, эдгэрсэн 824, эмчлэгдэж байгаа 361 байна. Үүнээс 257 хөнгөн, 96 хүндэвтэр, 6 хүнд, 2 хүн маш хүнд байна. Харин сүүлийн 24 цагийн дотор 79 хүн эдгэрч эмнэлгээс гарсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ. Мөн “Өчигдөр 11.00 цагт мэдээлэл хийснээс 20 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ. Тодруулбал, БЗД-ийн эмнэлгийн голомттой холбоотой 18 хүнээс илэрсэн байна. Өвчтөн 8, сахиур 2, хавьтал 3, эрүүл мэндийн ажилтан 5 хүн байна. БЗД-ээс үүссэн голомт хавдарын эмнэлэг, гэр бүл гээд гинжин хэлхээгээр үргэлжилж байна.
Ийнхүү тус эмнэлэгт 244 тохиолдол бүртгэгдээд байна. Үүнээс эрүүл мэндийн ажилтан 27 байна. Гэр бүлийн хавьтал 77, өвчтөн 98, сахиур 32, бусад хавьтал 9, хамт ажиллагсдаас 1 хүн байна. Токио-Улаанбаатар онгоцоор ирсэн 2 хүний давтан шинжилгээнээс халдвар илэрсэн. Баянзүрх дүүргийн эмнэлгийн голомттой холбоотой “Тэнүүн-Огоо” гэдэг компанийн хоёр жолоочоос халдвар илэрсэн. Энэ нь тус компанид ажилладаг 10-аад залуучууд салхинд гарч, нийтээрээ бөөгнөрөл үүсгэсэн. Бусад хүмүүсийг тусгаарласан байна” гэсэн билээ.
URL: