С.Эрдэнэ: АН-ын тамга тэмдэгийг намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэр гарсан

 16091322695fe968ed00da1

АН-ын дарга С.Эрдэнэ өнөөдөр мэдээлэл хийлээ. Тэрбээр ”Үндсэн дүрмийн дагуу ажилдаа орж байна. Улсын дээд шүүх дээр асуудал гарсан. Улсын дээд шүүх улс төрийн намыг бүртгэдэг дүрэм журмын хүрээнд 2017 оны 01 тоот тогтоолоор албан ёсоор бүртгэлтэй Ардчилсан намын дарга нь С.Эрдэнэ хэвээр байгаа” гэсэн юм.

Мөн “Намын үндсэн дүрмийн дагуу дараагийн шинэ дарга томилогдох хүртэл дэд даргад түр эрхээ шилжүүлсэн. Гэтэл түр үүрэг гүйцэтгэж байсан хүн маань дүрмийн бус үйлдэл хийсэн. Тодруулбал, АН-ын Их хурлыг дүрмийн бус байдлаар эрхгүй этгээд зарлаж, дүрмийн бус хурал хийсэн. Тиймээс дүрмийн бус хурал хийсэн этгээдийн түр эрхийг цуцалж, АН-ын тамгыг буцааж өгөх шаардлага тавьсан. Харамсалтай нь, удаа дараа шаардлага биелүүлээгүй учир хуулийн байгууллагад хандсан.

УБЕГ-т асуудал тавьж, тус газраас хяналт шалгалт хийгээд дүгнэлт гаргасан. Өнөөдөр АН-ын тамга тэмдэг, эрхийг хууль ёсны намын дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан учраас шийдвэрийн дагуу ажиллагаанд орсон. Түр эрх эдэлж байсан нөхөр дээр байгаа тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамга хийлгэх эрх надад олгосон. Үүний дагуу АН-ын тамгыг хийлгэж, хүчин төгөлдөр үйл ажиллагаагаа эхэлж байна. Хуучин төв байрандаа үйл ажиллагаа явуулж, эрх бүхий албан тушаалтнууд ажилдаа орлоо. Дүрмийн дагуу дараагийн даргыг сонгох, намын Их хурлыг зарлах үүрэгтэй ажлын хэсэг гаргасан. Тэдний гол зорилго нь намын даргын сунгаа, үндэсний бодлогын хорооны гишүүдийн шинэчлэл, дараагийн их хурлыг товлох ажил хийнэ” гэв.


URL: