Буяны бичгийг хуурамчаар үйлдэж хөдөлгөөнд оролцож байжээ

00000

Амралтын өдрийн мэнд. Шөнийн сурвалжилганд явснаа сийрүүлэн хүргэж байна. Баасан гарагийн үдэш шөнийн сурвалжлаганд явах үүрэг авлаа. Өнгөрсөн зун гар цүнхээ алдаж мэдүүлэг өгөхөөр цагдаагийн алаг тэргэнд сууж хэсэг рүү явж билээ. Тухайн үед дахиж  л алаг тэргэнд суухгүй юмсан гэж бодож байсан. Харин ажлын шаардлагаар ахин суухаар болов. Энэ удаа хатуу хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд Баянгол дүүргийн хэмжээнд жолоочид QR кодтой замын хөдөлгөөнд оролцож буй эсэх, хэрхэн хэв журмаа сахин биелүүлж буйг шалгах том зорилготой.

Бид 22:00 цагт хөдөллөө. Журам сахиулах зорилготой манай багийг Баянгол дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн урьдчилан сэргийлэх ажил хариуцсан зохицуулагч, цагдаагийн ахмад Г.Отгонтамир удирдана. Манай хэсэг Модны II-оос Гандан руу эргэх чиглэлийн авто замын хөдөлгөөнд хяналт шалгалт хийхээр тогтов.

Хатуу хөл хорио тогтоосон нийслэлийн шөнө хөл хөдөлгөөн ихтэй аж.  Шалгалт эхэллээ. Замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгсэл бүрийн QR кодыг шалгаж байлаа. Шалгалтаар таван тээврийн хэрэгсэл тутмын гурав нь QR кодгүй байх аж. Ингэхдээ ойрхон найзыгаа хүргэж өгөх, эхнэрээ, аавыгаа ажлаас нь авах гэж явна гэсэн ижил тайлбартай.  Мөн хугацаа нь дууссан эсвэл хуурамч QR кодтойгоор хөдөлгөөнд оролцож байлаа.

Энэ талаар цагдаагийн ахмад Г.Отгонтамир “Бид программд тухайн автомашины QR кодыг  уншуулахад чиглэл, зөвшөөрөлтэй эсэх бүх мэдээлэл нь гарч ирдэг. Хугацаа нь дууссан QR кодыг ашиглах, QR кодны серийн дугаарыг өөрчилж, хуулбарлаж таксинд явах зөрчил маш их илэрч байгаа. Зөвшөөрөлгүй хөдөлгөөнд оролцож байгаа иргэд  найзындаа очих, гэр бүлийн хүнээ ажлаас нь авах гэж явна гэсэн нийтлэг тайлбар хэлж байна. Мөн хуурамч QR код ашиглаж байгаа жолоочид “таньдаг хүнээсээ авсан” гэсэн тайлбар хэлдэг. Иргэд онцын шаардлагагүйгээр хөдөлгөөнд оролцож байна. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил илэрч байгаа. Хоногт дунджаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үедээ зам тээврийн осол гаргасан 1-2 тохиолдол бүртгэгдэж байгаа. Баянгол дүүргийн хэмжээнд өнгөрсөн хоногийн хугацаанд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 7 зөрчлийг таслан зогсоолоо. Мөн буяны бичгийг шилжүүлж авч явах, хуурамчаар үйлдэх, өөр зориулалтаар ашиглах зөрчил илэрч байна” гэлээ.

Коронавирус цар тахлын улмаас Улаанбаатар хотод хатуу хөл хориог 14 хоногийн хугацаанд дахин тогтоосон. Хэрэв иргэн бүр хариуцлагатай байж үүргээ биелүүлэхгүй бол энэ байдал хэдий хугацаанд үргэлжлэхийг хэн ч тааварлашгүй. Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино гэдэг шиг нэг л хүн хариуцлага алдвал нийтээрээ хохирно. Тиймээс иргэн та хариуцлагатай байж  найзтайгаа уулзах, найрлах, баяр тэмдэглэхээ түр азнахыг хүсье.

Ес эхэлсэн өвлийн хүйтэн шөнө хяналт шалгалт хийх тун амаргүй даваа юм. Харин цагдаа нар хоёр хөлөө хавсарчхаад л “Амрыг эрье, бичиг баримтаа, QR код байгаа юу?” гэж  ахин дахин асууж ажил үүргээ гүйцэтгэнэ. Тангараг өргөсөн төрийн албан хаагч учраас тэдэнд шантрах эрх байхгүй. Иргэн та хариуцлагатай байгаарай гэж ахин сануулаад энх цаг удахгүй ирнэ гэсэн итгэлээр энэ удаагийн сурвалжилга аа дуусгая.

         Г.Мичи


URL: