Б.БОЛДБААТАР: Муу зуршлаасаа салж, спортдоо эргэн ирсэн

116875040_585116468820927_9215175407710665606_n

Тэрбээр 1034 км замыг 34 хоногт туулж, Сүхбаатарын талбайд хөл тавихдаа спорт сонирхогчидтой амжилтаа хуваалцсан юм.
Хөнгөн атлетикийн ахмад тамирчин, ОУХМ Б.Болдбаатар өнгөрсөн зун Говь-Алтай аймгийн төвөөс Улаанбаатар хүртэлх 1040 км замыг 34 хоногт туулан тамирчин хүний тэсвэр хатуужлыг хүүхэд, залууст харуулсан. Монголын мастеруудын УАШТ-ээс алт, мөнгө, хүрэл медаль зүүж, ОХУ, Японд болсон Ахмад мастеруудын спортын их наадамд хурд сорин, шагналт байр эзэлсэн тэрбээр Сүхбаатарын талбайд барианд орж, амжилтаа спорт сонирхогчидтой хуваалцсан билээ. Түүнийг МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган хүлээн авч уулзахдаа “Алтан очир” одонгоор шагнасан юм.
-Хол зам туулж, олон хоног гүйсэн тань спортын ертөнц дэх өнгөрсөн зуны хамгийн сонирхолтой үйл явдал байлаа. Та Улаанбаатарт товлосон хугацаандаа ирж, спорт сонирхогчидтой амжилтаа хуваалцахдаа “Ээждээ амласнаа биелүүллээ” гэж хэлсэн.
-Тийм ээ, өмнө нь ийм хол гүйж байсангүй. Би төрсөн нутаг Говь-Алтай аймгийнхаа төвөөс гарч гүйгээд Сүхбаатарын талбайд амжилттай хөл тавьсандаа баярладаг. 2015 онд прокурорын байгууллагын 85 жилийн ойн баярын арга хэмжээнд ээжийгээ үүрээд оролцуулж явахдаа холын зайд гүйх санаа анх төрсөн юм. Тэр үед Говь-Алтайгаас Улаанбаатар хүртэл 1000 гаруй км гүйх тухайгаа ээждээ хэлэхэд “Миний хүү чадна” гэж дэмжиж билээ. Тиймээс амлалт, зорьсноо биелүүлэхээр 2016 оноос бие, сэтгэл зүйгээ бэлдэж, элсэн цөл, уул хад, байгалийн эрс тэс нөхцөлд бэлтгэл хийсэн. Ээж минь хэдий хөл муутай ч миний оролцсон тэмцээнийг алгасалгүй үздэг байлаа.

-Хэр баргийн хүнд баймгүй эр зориг гаргаж, гүйх болсон амлалтын тань гол зорилго юу байсан юм бол?
-Залуу насандаа сархад багагүй балгаж явснаа нуухгүй ээ. 2007 онд төрсөн өдрөөрөө хэд хоног дараалж хүртэхэд ээж минь хатуу зэмлэсэн. Тэр үед буруу зүйлд татагдсанаа ухаарч, аав, ээж, ханьдаа “Би өнөөдрөөс гүйж эхэлнэ. Дахиж уухгүй” гэж амласан юм. Түүнээс хойш өдөр бүр гүйж, хөлсөнд норсон хувцсаа хараад өөрөөрөө бахархдаг боллоо. Маргааш нь замаа уртасгаж, аавыгаа дагаж гүйдэг байснаа дурсдаг. Хоёр сар гүйж, цааш ахиулсаар, уул өөд хурд сорьж эхэлсэн. Уулын оройд нэг өдөр гарч “Би чадлаа” гэж хашхирсан. Ингэж муу зуршлаасаа салж, амлалтаа биелүүлээд спортод эргэн ирж байлаа.
-Боксоор хичээллэх сонирхолтой хүүгээ аав тань тамирчин болгохоор хөнгөн атлетиктай нөхөрлүүлсэн гэл үү?
-Намайг 15 настай байхад аймгийн Биеийн тамир, спортын газарт боксын дасгалжуулагчаар томилогдож ирсэн Борхүү багш “Чи хөнгөн атлетикаар хичээллэдэг болохоор амьсгаа чинь сайн задарчээ. Чамд хөдөлгөөний эвсэл, тэсвэр тэвчээр байна. Боксоор хичээллээд үз” гэсэн. Зөвлөснөөр нь хэд хоног хичээллэж байтал аав, ээж мэдэж “Боксоор хичээллэж, зодоонч болох нь уу” гээд таатай хүлээж авсангүй. Түүнээс хойш би ер нь хөнгөн атлетикийн хүн юм байна гэж бодсон. Хүүхэд байхдаа гүйхээс гадна самбо, чөлөөт, үндэсний бөхөөр барилдаж, аймгийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байлаа. Манайх спортлог гэр бүл. Аавыг минь В.Буриад гэдэг. Говь-Алтай аймгийн тамирчдаас хөнгөн атлетикийн анхны спортын мастер цолтон. Өдгөө 85 настай, эрүүл саруул амьдарч байна. Ааваасаа өвлөсөн спортод амжилт гаргаж явна. Багадаа аавыгаа аваргаар шалгарахад нь бахархаж, сэтгэл их догдолдог байв. Би аав шигээ тамирчин болохыг мөрөөдөж, 1979 онд энэ спортод хөл тавьсан. 14 настайдаа МҮЭХ-ны нэрэмжит кросс гүйлтийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж, УАШТ-д өрсөлдөх эрхтэй болсон. Тэр тэмцээн миний хор шарыг нь хөдөлгөж хурцалсан юм шүү дээ.
-Тэр тэмцээнээс медальтай ирж, аавыгаа баярлуулав уу?
-Надад хөгжилтэй дурсамж үлдээсэн тэмцээн тэр л байдаг юм. Яармагийн дэнжид зохион байгуулсан УАШТ-д насныхаа ангилалд оролцох байсан намайг дөрвөн нас ахиулж, 17-18-тай ах нартай гүйлгэчихлээ. Түрүүлчих юм сан гэж найдлага тээсэн жаахан хүү ах нарын тоосонд даруулж, арай гэж барианд орсон. Хариад аавдаа тэмцээний тухай огт дурссангүй. Тэгсэн аав хамт оролцсон хүүхдүүдээс миний тухай сонсоод авч явсан багшийг “Чи жаахан хүүхдийн зүрх үхүүллээ” гэж зэмлэсэн гэдэг. Хөнгөн атлетикийн багш нарт “Тэмцээнд оролцох хүүхдүүдийн насыг нэмж, эсвэл дарж болохгүй, зүрх нь мохчихдог юм. Яг насанд нь, үеийнхэнтэй нь өрсөлдүүл” гэж би хэлдэг. МҮЭХ-ны нэрэмжит кросс гүйлтийн сүүлчийн тэмцээн 2010 онд болоход аваргаар шалгарч, алтан медаль хүртсэн шүү.
-Дүү тань таны дасгалжуулагчаар ажилладаг юм билээ.
-Аав минь биднийг энэ спортод элэгтэй болгож, амжилтад хөтөлсөн. Хүүхэд байхаасаа дүүтэйгээ хамт хичээллэж, өдий хүрлээ. Дүү минь МУБИС-ийн Биеийн тамирын факультетийг багш, дасгалжуулагч мэргэжлээр дүүргэсэн, спортын мастер цолтой. Намайг одоо дасгалжуулж, бэлтгэл хийлгэдэг юм. Би хүүхэд, залуусыг амжилтад хүргэх зорилгоор аймгийнхаа “Бату-тэмүүлэл” клубт хөнгөн атлетикийн дасгалжуулагчаар ажилладаг.

-Тамирчин хүнийг амжилтад хүргэдэг хамгийн чухал чанар бол тэсвэр хатуужил гэдгийг та өөрийн биеэр залууст харуулсан.
-Хөнгөн атлетикийг спортын хаан гэж ярьдаг. Тиймээс бусад төрлийн суурь болдог юм. Өдөрт 30 км зам туулж гүйхдээ зорилгоо боддог байлаа. Говь-Алтай аймгаас гараад л халуун нар, бороо, шороон шуургатай өдрүүдэд гүйсэн. Гэхдээ гүйх замаа олны итгэл найдвар, тус дэмээр амжилттай туулна гэж огт төсөөлөөгүй. Хүмүүс тааралдсан газраа намайг халуун дотноор угтан авч, цааш гүйх урам зориг хайрладаг байв. Иргэнийхээ хувьд нийгэмд сайн үйлс хийхийг зорьдог. 1040 км замыг туулахдаа цаг хугацаа, хүч хөдөлмөр, тэсвэр тэвчээрийг бие, сэтгэлийн хатаар даван туулдгийг өөрийн биеэр үлгэрлэн, хойч үеийнхэндээ харуулсан. Хүн хүнээ хайрлах энэрэнгүй сэтгэл хайраас эхтэй. Би Монголын хүүхдүүд хүчирхийлэлгүй орчинд эрүүл өсөж, зөв хүмүүжээсэй гэж хүсдэг. Тиймээс тэдний амьдралд таагүй зүйл бүү тохиолдоосой гэсэндээ гүйлтээрээ “Хүчирхийллийн эсрэг хайр түгээе” гэж олонд уриалсан.
-Та аймгийнхаа Прокурорын газарт харуулаар ажилладаг гэв үү. Монгол Улсад прокурорын байгууллага үүссэний 90, Говь-Алтай аймаг үүсэн байгуулагдсаны 80 жилийн ойд зориулан гүйх санаачилга гаргасан нь үүнтэй холбоотой юу.
-Ээж минь аймгийн Прокурорын газарт 34 жил ажилласан. Намайг 2006 онд тус байгууллагад жижүүрээр оруулсан юм. Миний ажил, амьдралын гараа энэ газраас эхэлсэн гэж боддог. Өнгөрсөн долдугаар сарын 5-нд гүйлтээ эхлүүлэхэд нутгийн удирдлагууд, прокурорын байгууллагын хамт олон сэтгэл өндөр үдсэн. Гүйлтээ үргэлжлүүлэх замд Баянхонгор, Өвөрхангай аймгийн Прокурорын газрынхан угтан, дэмжлэг үзүүлж, амжилт хүсэж байлаа. Намайг энэ мэтчилэн тус байгууллагынхан хаана ч явсан халуун сэтгэлээр тусалж байсанд баярладаг.
-Шантрах үе гарахад өөрийгөө хэрхэн зоригжуулж байв?
-Чадна гэсэн зорилго тавиад гүйсэн болохоор өөртөө итгэлтэй байлаа. Гэхдээ байгалийн хүчин зүйлтэй багагүй тулгарсан. Говь-Алтайгаас Баянхонгор хүртэл гүйхэд шороон шуургатай, цаг агаарын хувьд хүндхэн байв. Саадтай нүүр тулгарах бүртээ “Болд оо, чи явах ёстой, чамд буцах эрх байхгүй” гэж хэлээд өөрийгөө зоригжуулсан. Тийм үед ээж, бас прокурорын байгууллагынхаа нэр хүндийг боддог байлаа. Аймгаасаа нэлээд сүр дуулиантай гарч гүйсэн болохоор замын дундаас алга болсон гэдэг үг сонсгохгүйг хичээж урагшаа тэмүүлсэн. Гүйх явцдаа цаг агаарын гэнэтийн үзэгдэлтэй таарах, цар тахлын дэгдэлтээс сэргийлж зам хаах, надаас шалтгаалахгүйгээр замын дундаас орхих зүйл гарах вий гэж сэтгэл их зовсон. Өглөө эрт босоод хүмүүс автомашинтай явж байхыг харчихаад “Ашгүй дээ, зам хаагаагүй юм байна” гэж баярладаг байв.

-Ямар хүмүүс ар тал тань болж, шаардлагатай бүх зүйлээр тусалсан бэ?
-Гэр бүлийнхэн минь дэмжиж, миний баг болсон. Тэд хол замд хань болж, бие, сэтгэлээрээ хамт гүйсэн. Дүү Б.Батбаатар намайг дасгалжуулж, хань Н.Мандаххүү, бэр Ч.Цолмон, дүү О.Алтаншагай, М.Дашбазар нар жолооч, тогоочийн үүрэг гүйцэтгэж байлаа. Хань минь гүйлт эхэлсэн өдрөөс барианд ортол арын албыг даасан. Хоол унд бэлтгэх, гар, хөлийг минь барих гээд тамирчин хүнд шаардлагатай бүх зүйлээр тусалсан.
-Замд чинь таарсан хүмүүс таныг дэмжин, дагаад гүйж байгаа бичлэг үзсэн. Гүйж байхад тань хөгжилтэй зүйл тохиолдов уу?
-Намайг дэмжиж, нэг хэсэг газар хамт гүйхдээ ерөөл өргөж үдсэн олон хүн бий. Хүмүүсийн урам хайрласан үг надад эрч хүч өгдөг байлаа. Гүйж байхдаа монгол хүний элгэмсүү сайхан сэтгэлийг бишгүй харж, ач тусыг нь ч багагүй мэдэрсэн. Замд хөгжилтэй зүйл хааяа тохиолдоно. Өгсүүр замаар гүйхэд нэг залуу “Ах аа, таныг дагаж яваа машин тээр хол байна. Таныг харахгүй юм чинь, суучих, тэр уулын оройд гараад буучихгүй юу ” гэв. Мөн Төв аймгийн Лүн сумын ойролцоо гүйж явтал хонины бэлчээрээс жаахан хүүхдүүд морьтой давхиж ирээд “Ах аа, Лүн ортол найман километр дутуу байна. Та сундалчих, дөхүүлээд өгье” гэж билээ. Тэдний харамгүй туслах гэсэн сайхан сэтгэл намайг хол зам төвөггүй туулуулж чадсан.

URL: