Саран дээрээс зуун мянга гаруй шинэ тогоо илрүүлжээ

712-16087153425fe3056ce58ceМОСКВА. /RIA Novosti/. Хятадын Жилиний их сургууль, Шинжлэх ухааны академи болон Итали, Исландын эрдэмтэд хиймэл оюун ухаанд суурилсан аргуудын нэг болох машин сургалтын /Machine Learning/ аргыг ашиглан сарны гадаргуу дээрээс урьд өмнө мэдэгдэж байгаагүй 109 мянга орчим тогоог олж илрүүлжээ.

“Nature Communications” сэтгүүлд мэдээлснээр, судлаачид шинээр нээсэн тогоонуудаас 18996-гийнх нь үүсэн бий болсон хугацааг тодорхойлсон бөгөөд энэ нь нарны аймгийн түүхийг ойлгоход чухал холбогдолтой гэж эрдэмтэд үзэж байна. Эдгээр нь найман километрээс дээш голчтой тогоонууд аж. Шинэ тогоонууд сарны дөрвөн тэрбум орчим жилийн түүхийг хамарсан таван үед хамаарах тогоонууд гэнэ.
Эрдэмтэд цохилтын улмаас үүссэн тогоонуудыг олж илрүүлэхдээ Хятадын тойрог замын “Чанъэ-1″ болон “Чанъэ-2″ аппаратын мэдээллүүдийг ашиглажээ. Эдгээр аппаратууд 2007-2010 онд сарны гадаргуугийн зургийг авч, байр зүйн зураглалыг гаргасан байна.
Олон улсын одон орны зөвлөл 1919 оноос хойш өнөөг хүртэл цохилтын улмаас сарны гадаргуу дээр үүссэн  9137 тогоог бүртгэж, 1675-ийнх нь насыг тогтоожээ. Гэвч гараар тооцоолох арга болон тогоо илрүүлэх сүүлийн үеийн автомат программуудын үр дүн зөрүүтэй байдаг аж.
Д.Жаргал
Эх сурвалж: “Монцамэ” агентлаг

URL:

Tags: