Хакухо М.Даваажаргал: Ээждээ нэг үнсүүлчихмээр л байна

45e1e952374225429811b025826a18ba

Япон улсын Токио хотод дулаахан хэрнээ жавар сэнгэнэсэн, жихүүндүү өвөл болж байна. Корона цар тахал ихсэх төлөвтэй, хүн зоны хөдөлгөөн илт саарсан нь мэдэгдэхүйц, хотын гудамжууд зарим хэсэгт сийрэг, нам гүм байна. Ёкозуна наргүй Токиод болсон өнгөрөгч сарын Сумогийн башёд баруун жигүүрийн Озэки Такакэйшёо баруун жигүүрийн Комүсүби Тэрунофүжи Г.Ган-Эрдэнэ нар тунаж, нэмэлт барилдаанаар Такакэйшёо Эзэн хааны цомыг хүртэж, энэ оны сүүлчийн барилдаан өндөрлөсөн билээ. Ирэх жилийн сумогийн анхны башё ямаршуухан өнгө аясаар эхлэх бол гэсэн таамаг хүлээлт ард түмний дунд байсаар л байна. Энэ жилийн сүүлийн сар, шинэ оны заагт Сумогийн Их аврага, Жаран ес дэх Ёкозуна Хакухо М.Даваажаргалтай өнгөрч буй жилийн барилдааных нь талаар хөөрөлдсөнөө та бүхэнд хүргэе.


-Энэ жил их л онцгой башёнууд болж өнгөрлөө. Танд юу гэж бодогдож байна вэ?

-Манай гариг дээр энэ оны хоёрдугаар сараас хурдацтай тархсан цар тахлын айдас, хар сүүдэр хүн төрөлхтний өдөр дутмын амьдрал, орчин, хэв маяг харилцаа, орон зай гээд түмэн зүйлд өөрчлөлт оруулж буйг бид бүгдээрээ мэдэрч байна. Сумоч бидэнд ч маш тодорхой, бодитоор мэдрэгдсэн. Жишээлбэл, гуравдугаар сарын Осака башё үзэгчгүй явагдсан. Тавдугаар сарын башё цуцлагдаж, долдугаар сарын Нагояа, арваннэгдүгээр сарын Кюүшюүгийн Фүкүокабашё бүгд Токиод боллоо. Миний хувьд нэгдүгээр сарын башёгийн дөрөв дэх өдрөөс хуучин бэртэл сэдрээд өнжсөн. Тэгээд хоёр, гуравдугаар сард “Ковид-19” вирусийн халдвар яах ч аргагүй газар авчихсан Осака башё болох болохгүй нь тодорхойгүй. Ямар ч байсан бэлтгэлээ л хийж байя гэж бодон, ер нь барилдаан болохгүй байх гэсэн яриа, таамаг их байлаа. Гэтэл гэнэт гуравдугаар сарын башё эхлэхээр товлож, үзэгчгүйгээр зохиогдох шийдвэр гарсан.

Долоо, наймхан хоногийн дотор л биеийн бэлтгэлээ хангах шаардлагатай болж кэйког нэлээд их эрчимжүүлж, өглөө өдөр орой гурван удаа бэлтгэл, дасгал хийж, биеэ бэлдсэн дээ. Башё ч эхэлж зургаан мянган хүний суудалтай танхимд ороход үзэгч байхгүй, хов хоосон, хаана, юунд ороод ирчихэв ээ? Башёгийн барилдаан уу, эсвэл бэлтгэл сургууль уу гэж гайхсан шүү. Эхний хэдэн өдрийн Ёкозүнагийн дохион ёслол маш эвгүй байлаа.Ёлтойсон бүдэг гэрэлтэй танхимд нүдний өмнө тусах үзэгчдийн эзэнгүй суудал энэ бүхэн харанхуй агуй шиг харагдан ганцаараа хэнд зориулж юуны төлөө ёслол хийгээд байгаа учраа ч сэхээрэхгүй байлаа. Барилдаан ч яах вэ, чи хаях уу, би хаях уу гээд халуун нүүр тулган золгодог болохоор арай гайгүй хэд хоног бие сэтгэл зөрөлдөөд нэг л эвгүй, барилдахад хэцүү байсан. Сумогийн түүхэнд үзэгчгүй башё анх удаа болсон нь энэ шүү дээ. Энэ үед үзэгч олны халуун дулаан уур амьсгал, дуу хоолой хүнд асар их нөлөөлдгийг ойлгосон.

Би башё эхлэхийн өмнө барилдах уу,өнжих үү, яах вэ? гэж их бодож тунгаасан. Янз янзын л юм бодогдсон. Барилдъя гэж шийдсэнийхээ дараа дахиад хэзээ ийм зүйлтэй тулгарахыг хэн ч хэлж мэдэхгүй. Тавь, зуун жилийн дараа ч байж болно. Энэ цаг эринд ийнхүү таарсан болохоор бие сэтгэлээрээ мэдрэх нь зөв юм байна. Түрүү, энэ тэр ч дүүрч, арван дөрвөн хоногийг л аятайхан дуусгачихъя гээд нүдээ аниад л орсон. Түрүүлнэ гэсэн бодол нүдэнд торох тоосны төдий ч байгаагүй.

-Тэгээд хэрхэн өөрийгөө төвлөрүүлж, 44 дэх түрүүгээ хүртэв ээ?

-Ямар ч байсан тухайн өдөртөө л хичээж барилдъя. Маргаашийн талаар бодохгүй, уначихгүйг л хичээж, өөрийгөө төвлөрүүлэх гэж чармайсан.Ядаж байхад эхний өдрийн барилдаанд баруун хөлийн эрхий хуруугаа гэмтээгээд, хуруу хойшоогоо шигдэж, цус хурж, хавдаад эмнэлэгт очлоо. Башё эхлэхийн өмнөхөн бэлтгэл дээр баруун талын хавирга орчмоо эвгүй болгочихсон ч эхний өдөр давчихлаа. Дараалуулан дөрөв давчихлаа. Ер нь гайгүй барилдаад байж болохоор мэдрэмж цухалзаж байна шүү. Арав дахь өдрийн барилдаанд Оонушёод түрэгдээд, дэвжээнээс гарч, доошоо буухдаа зүүн хөл дээрээ биеийн бүх жингээ тээж, газар гишгээд өмнө бэртэл авч байсан өвдөгний хуучин шархаа сэдрээчихэв.Бөхийн ордноос шууд гэмтэлийн эмнэлэг рүү явж, эмчид энэ сарын башёд ямар ч байсан арав давчихмаар байна гэж хэллээ. Өвчин намдаах тариа тариулаад хонов. Маргааш нь арван нэг дэх өдрийн барилдаанд Комүсүби Хокүтофүжиг өвдөг шороодуулж, арав дахь даваагаа авчихлаа. Одоо эргээд бодоход тэр башёгийн үеэр хэд хэдэн удаа өглөө бэлтгэл хийлгүй эмнэлэгт очих шаардлага гарсан нь санаандгүй тохиолдлоор сайн үр нөлөө болж дээ гэж дүгнэдэг. Учир нь өглөө бэлтгэлээр хэт өөрийгөө шахаж, хөлсөлвөл бөхчүүд бидний хэллэгэээр цөмөрчих байсан. Бэлтгэл хийгээгүй нь булчин шөрмөсөө амрааж, сэргэлт авахад эерэг нөлөөлөл үзүүлж дээ гэж хэзээ хойно нь бодогдсон. Башёгийн сүүлийн өдөр Какүрюү Ананд аваргатай барилдаж 44 дэх түрүүгээ авсан ч сэтгэлд ямар ч баярын гэрэл гэгээгүй, ямар ч байсан арван дөрөв хоногийг дуусгалаа. Ногдсон үүргээ арай л гэж биелүүллээ хэмээн сэтгэл тайвшрахын хажуугаар маш их ядарснаа мэдэрсэн дээ. Тэр хаврын башё бие, сэтгэлийн унах өгсөх хэлбэлзэл, давлагаа ихтэй их сонин уйтгартай ч гэмээр юмуу даа нэг л хачин башё байсан.

-Дараагийн барилдаан буюу тавдугаар сарын башёг Сумогийн холбоо албан ёсоор цуцалж, цар тархалтай холбогдон Долдугаар сарын барилдааны үзэгчийн тоог өдөрт 2500 хүнээр хязгаарлан, Токиогийн сумогийн өргөөнд зохиогдсон юм. Тэр башёг эргэн дурсахад…

-Арав дараалан давчихлаа. Дараах өдөр нь Комүсүби Даиэйшёотой барилдаан таарч, бас л түрэгдээд дэвжээнээс гарахдаа баруун өвдгөө гэмтээж, башёг орхиод, дөрөв, тав хоногийн дараа хоёр дахь удаагаа баруун өвдөгтөө хагалгаа хийлгэсэн. Хагалгааны дараа Сүгимото эмч “Аварга аа, хүний өвдөгний шөрмөс нэг л байдаг. Таных хоёр гэх үү дээ, давхар юм. Би өдий хүртэл хэдэн зуун өвдөг үзэж, эмчилсэн. Тан шиг хоёр шөрмөстэй хүн таарч байсангүй. Лазер хагалгааны аргаар шөрмөсийг чинь салгаж, тэллээ. Анагаах ухааны эрдэм шинжилгээний хурал дээр “Хакухо аваргын шөрмөс” гэсэн илтгэл ирээдүйд уншиж болох юм” гэж хэлж билээ.

-Бэртлээс шалтгаалан ес, арваннэгдүгээр сарын башё өнжихөөс өөр аргагүй болсон доо.

-Сумогийн түүхэнд та 44 удаа түрүүлж, 22 удаа үзүүрлэж байсан. Одоо байж болох бүх л амжилтыг шинэчилж, тогтоосон байх юм. Мөн сумогийн түүхэнд анх удаа гарын шавиараа шадарлуулж, нэгэн башёд Аваргын дохион ёслол хийсэн.

-Ер нь өөрийг тань юу ингэтлээ хөтөлж, хөдөлгөөд байдаг юм бэ. Рекорд амжилт эвдэх гээд байдаг юм уу?

-Үгүй. (инээв) Ганц үгээр илэрхийлбэл сэтгэл.Энэ жилийн хувьд Токиод зуны Олимпийн наадам зохиогдохоор батлагдсан байлаа. 1964 онд Токиогийн зуны Олимпт анх удаа манай улсын баг тамирчид оролцсоноор Монгол Улсын зуны олимпийн түүхийн хуудас нээгдсэн гэдэг. Энэ баг тамирчдын бүрэлдэхүүнд аав минь багтан, чөлөөт бөхөөр барилдаж, шагналт долдугаар байранд орсон түүхтэй. Дөрвөн жилийн дараа Мексикийн Мехико хотын зуны олимпийн наадмаас мөнгөн медаль авч эх орондоо олимпийн анхны медалийг аав минь авчирсан.

Миний хувьд олимпийн наадмын дэвжээ гэдэг үүлэн дээрх дэвжээ гэж биширдэг л дээ. Аавыгаа амьд сэрүүн байхад нь би энэ оны буюу 2020 оны Токиогийн олимпийг дуустал барилдаж хамтдаа үзнэ гэж ярьж байсан юм. 2016 оны олимпыг зохиох эрхийн өрсөлдөөнд Токио ялагдсан л даа. Авчихсан бол аавтайгаа хамт үзэх сайхан байх байлаа. Аялагч, жуулчид, олимпт оролцож буй тамирчдад зориулж олимп, пара олимпийн хооронд Сумогийн холбоо “Beyond 2020” хэмээх нэмэлт башё барилдуулахаар тогтчихсон байв. Ийм л учраас юу ч гэсэн олимп хүртэл барилдчихъя гэж шийдээд өдий хүрчихлээ.

Надад нэг хүн “Аварга аа хүн аман дээрээ зорилго, зорилт гэж хэлдэг болохоос бодит амьдрал дээр анхнаасаа тийм зүйл оршдоггүй юм. Жишээ нь, та сумогоор анх барилдаж эхлэхдээ аварга болно. Дөчин хэдэн түрүү авна гэсэн зорилготой байсан юм уу?” гэж хэлж билээ. Бас сонин үг шиг санагдсан шүү. Тэгэхдээ хүнд өмнөө тавьсан тодорхой хэмжээний зорилт, зорилго байх хэрэгтэй л дээ. Би найман жилийн өмнөөс зөв хооллолт, бясалгал хийж, жилдээ нэг удаа гурван хоног мацаг барьдаг зуршилтай болсон. Мацаг бариад хоёр дахь өдөр л хамгийн хэцүү. Гурав дахь өдрөөс ямар нэгэн ид шидэт рашаан, ундаа хүртсэн юм шиг л бие хөнгөрөөд хүч, бяр тэнхээ ороод хэдэн нас залуужсан юм шиг дэрвэлзээд л ирдэг. Зургаа хоногт 13 кг жин хаядаг. Хэд хоногийн өмнөөс хоол унд, хөдөлгөөнөө зохицуулж, алсаас хөдөлж, мацаг барина шүү дээ. Эдгээрийн үр дүн нь сумогийн амжилттай уялдаж байхыг үгүйсгэхгүй. Түүнээс биш шинэ амжилт, рекордын тоо хөөж барилдаагүй. Их сонин шүү.

Судасны нас гэж байдаг юм байна л даа. Хоёр, гурван жилийн өмнөх шинжилгээний дүнгээр миний судасны нас өөрийн наснаас арван жилээр залуу гэсэн хариу гарсан. Хоёр жилийн өмнө баруун гарын булчингаа тасалчихав. Ийм бэртэл ер эдгэрдэггүй юм гэнэ. Хэдэн сарын дараа үзүүлтэл эдгэрчихсэн байна гээд эмч нар шуугиад явчихав. Тоглоомоор та харь гаригаас ирээгүй биз дээ гэж хэлж билээ. Тэгээд таны ДНК-г нарийн судлах гэсэн юм. Шинжилгээ авч болох уу гэлээ. Би зөвшөөрлөө. Америкийн лабораторид явуулж, шинжлүүлсэн юм байна лээ. М7 гэх гентэй гэнэ. Баахан л шинжилгээний хариу ирж,гарал үүсэл Африкаас гаралтай ч гэх шиг юм ер нь хачин даа.

-Ес, арваннэгдүгээр сарын башёг өнжсөн нь өөрийн тань хувьд анх удаа хоёр башё дараалан бүтэн өнжсөн тохиолдол байлаа.Арваннэгдүгээр сарын башё дууссаны дараа хуралдсан Ёкозуна аваргын зөвлөл хоёр аваргад хатуухан үг чулуудсаныг хэрхэн хүлээж авав?

-Шүүмжлэлийг хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй. Какүрюү М.Ананд аварга бэртэлтэй учир барилдахгүй өнжинө гэж мэдэж байсан. Би ч бас ялгаагүй. Бэртэл эдгэрч, гүйцээгүй байхад барилдаад дундаасаа амралтай нь биш.

-Ирэх жил барилдааны талаар ямаршуухан зураг төсөөлөлтэй байна?

-Олимпийн жил ямар ч байсан дөрвөн башёг эрчээрээ гүйж, туулах санаатай. МҮОХорооны ерөнхийлөгч Н.Түвшинбаяр тэргүүтэй хамт олонтойгоо МҮОХорооны өргөмжлөлт элч, төлөөлөгчийн хувьд миний бие Токиогийн олимпийн наадамд эх орныхоо түүх, соёл ахуй амьдралыг сурталчлан, таниулахаар төлөвлөж, ярилцаж буй санаа бодол бий. Жишээлбэл, 2016 онд Сонирхогчдын Сумогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнийг миний бие эх нутагтаа анх зохион явуулсан. Тэр үед ирсэн зочин тамирчдад зориулан монгол өргөө барьж, үндэснийхээ идээ цагаагаар дайлж зочилсон юм. Тэр гэр одоо Токиод байгаа. Ирэх оны Олимпийн үед ямар нэгэн байдлаар хэрэглэх төлөвлөгөөтэй байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрийн дор явагддаг байсан Бүх ард түмний Спартикад спортын уралдааныг дахин сэргээн явуулахаар уриа хөтөлбөр өрнөж буйг мэдээд Какүрюү Ананд аварга маань зургаан зуу, би таван зуу гаруй жүдогийн өмсгөлийг бэлдээд явуулчихсан. Монголын Жүдогийн Холбоо 21 аймаг 320 сумдад уг өмсгөлийг хуваарилан, хүргэнэ гэсэн. Энэ дашрамд бидний гэрэлт ирээдүй болсон бяцхан дүү нартаа дуулгахад арван жил дараалан зохиогдсон “Хакухо цом” Сумогийн олон улсын хүүхдийн тэмцээн цар тахлын улмаас ирэх хоёрдугаар сард болох нь цуцлагдсан.2022онд зохиогдон явагдана. Хичээл номдоо шамдан суралцаж, бэлтгэл дасгалаа сайн хийгээрэй гэж захья.

-Та сүүлд хэзээ нутаг буцсан бэ?

-Хоёр жил харьсангүй дээ. Ээждээ л нэг үнсүүлчихмээр байна. Ирэх онд Токиогийн тэнгэрт төрийн дууллаа эгшиглүүлэн, соёмбот далбаагаа мандуулж, Олипийн наадмаас олон медальтан төрнө гэж хүлээж сууна. Монголчууд та бүгдэдээ эрүүл энх, аз жаргал, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Ярилцсан “Сумо” сэтгүүлийн гэрэл зурагчин, сэтгүүлч ВАНДАНГИЙН ДАВАА


URL: