Гүймэг харахад сайхан ч гүйцээж бодвол хорлонтой ХУУЛИЙН ТӨСӨЛ
УИХ-аар батлах гэж байгаа “Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн төсөл асар холыг бодсон, маш ухаалаг хүмүүсийн гараас гарсан төсөл бололтой. Манай УИХ-д ийм ухаантай стратегичид, улс төрийн бодлоготнууд байгаа нь бахархмаар. Гэхдээ тэрхүү холч бодлого, нарийн ухаанаа Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал, язгуур эрх ашгийн төлөө ашиглаасай хэмээн хүснэ. Уншигч та энэхүү бичвэрийг тэвчээртэй уншиж дуусгавал миний ийн хэлсний учрыг ухаарах болно.
Хууль хэлэлцэгдэж буй төслийнхээ дагуу батлагдвал орон нутаг дараахи эрхүүд шилжинэ.
-Хуулиар тусгайлан олгосон чиг үүргийн хүрээнд эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлаар бие дааж шийдвэр гаргах эрхтэй болно(төслийн 6, 7 дугаар зүйл),
-Аймаг, нийслэл нь бие даасан төсөвтэй байж, түүнийгээ татварын болон татварын бус орлогоор бүрдүүлэх эрхтэй болно(16 дугаар зүйл),
-Төсвийн тухай хуульд зааснаас бусад сантай байх эрхийг эдэлнэ(17 дугаар зүйл),
-Орон нутгийн өмчит болон өмч давамгайлсан компаниуд үнэт цаас гаргах эрхтэй болно(18 дугаар зүйл).
Сайхан сонсогдож байна уу? Маш сайхан. Төвөөс хамааралгүйгээр орон нутгаа хөгжүүлэх эрх зүйн боломж олдож байгаа нь юутай сайн хэрэг вэ! Баяр хүргэе! Эдийн засгийн эрх чөлөө мандтугай! Төвөөс хамааралтай төрийн хүнд суртлын хүлээснээс орон нутгийнхныг ангижруулж өгсөн УИХ-ын эрхэм гишүүд түм түм насалтугай, ура!
Стоо-п! Асуудлыг монгол хүний алсын хараа, цөлөх ухаанаар шүүн тунгааж, алдаж оносон түүхэн сургамжийг дэнсэлж үзье. Тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдлаас давсан; их гүрнүүдийн зөөлөн хүчний бодлогын урхи болж мэдэхүйц эрх ашиг гэж улс оронд байх ёсгүй. Энэ хуулийн төсөл нь Монгол Улсын эдийн засаг, нийгэм-төрийн аюулгүй байдлын суурь зарчмыг уландаа гишгэсэн хортой үр дагавар бүхий төсөл болжээ. Монгол Улс нь нэгдмэл улсын хувьд батлан хамгаалах, эдийн засаг, нийгэм төрийн байгууллын удирдлага, шинжлэх ухаан технологи, мэдээллийн аюулгүй байдлын хангамж, экологийн хувьд нэгдмэл зохион байгуулалттай, нэгдсэн бодлого удирдлагаар хангагдаж байж тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдал, үндэсний аюулгүй байдал хангагдах учиртай.
Энэ хууль батлагдвал төрөөс хэрэгжүүж буй эдийн засаг татварын нэгдмэл бодлого алдагдаж, дэд бүтэц сул, үйлдвэрлэл хөгжүүлэх боломж, эдийн засгийн нөөц муу аймаг сумд улам ядуурч, хязгаар нутаг эзэнгүйднэ. Хамгийн амархан мөнгөжих боломж болох газрын баялаг руугаа орон нутаг болгон дур мэдэн дайрч, өнөөдөө цатгалдавч маргаашдаа, хойт үедээ өлдөх аюул нүүрлэнэ. Олсон хэдэн төгрөгөө зөв зарцуулах магадлал бага. Орон нутаг болгон дур дураараа үнэт цаас гаргана. Үүнд нь их гүрнүүдийн зөөлөн хүчний бодлого нөлөөлнө. Барьцаа нь мэдээж газар нутаг нь байна. Их гүрнүүд хамгийн ашигтай байрлал бүхий орон нутагт хөрөнгө оруулалт хийж, мөнгө санхүүгээр дэмжиж, далд гараар чөлөөтэй удирдах боломж нээгдэнэ. Улмаар бяр нь амтагдсан аймаг орон нутаг Засгийн газраа үл тоон салаавч үзүүлдэг болно. Тусгаарлах, статус өндөрсгөх асуудлыг зарим нь бусдын хатгаас, өөрсдийн мунхгаар гаргаж тавина. Улсын төсвийн орлого багасч, татвар санхүүгийн нэгдсэн тогтолцоо алдагдана. Аймаг, хошууны ноёд өөрийн дураар хүү сангаа мэдэж, өр тавьж, алба гувчуур бий болгож, ард иргэдээ үгээгүйн туйлд хүргэж, улс үндэстнээрээ мөхөх үү сэхэх үү гэдэгт асуулттай тулгарч байсан гашуун түүх дахин давтагдана. Хуулийн төсөл санаачлагчдад олон ном хэрэггүй, ердөө Д.Гонгорын “Халх товчоон”-ыг ганц удаа тогтоод уншчихаач, хувьсгалын өмнөх Монгол улсын түүхээс ухаарал аваач гэж зөвлөе.
Орон нутгаа бие даасан төсөвтэй, татвар тогтоох, үнэт цаас гаргах эдийн засгийн эрхтэй болгосноор дотоодын хагарал хямрал руу халтирах, газар нутгийн бүрэн бүтэн байдлаа алдах аюултай. Улс төр, шашин, соёлын нөлөөгөө эрчимжүүлэхийг гадаадын олон орон хүсдэг онцгой бүс болох Баян-Өлгий аймгийн нөхцөл байдлыг хамгийн түрүүнд хэлмээр байна. Казахстаны эрдэмтэд Монголын түүхийг ил тод үгүйсгэн өөриймшүүлэх гэж оролдож, урлаг соёлын бүтээлүүддээ төрийн дэмжлэг бүхий бодлогоор түүнийгээ тусгаж, үндсэрхэг үзэлтнүүд нь Баян-Өлгий салан тусгаарлах ёстой хэмээн сошиалаар уриалж байна. Баян-Өлгийд болохоор газар усны уугуул монгол нэрийг хасагчилж(Хасаг гэдэг нэр олонхийн ойлгодог шиг доромж үг биш, эртний баатарлаг дайчин сак-уудтай холбоотой бахархалт нэр юм шүү), монгол гэдэг үгийг хуулиас хасах шаардлага тавих, боловсролын салбарт Монгол төрийн нэгдмэл бодлогыг үл хайхрах байдал анзаарагдаж байгаа нь нууц биш. Улстөрчид айж дөлөөд байгаа болохоос биш аль эрт ярьж шийдэх асуудал тэнд олон байгаа дээр иймэрхүү үзэл баримтлалтай хууль нэрмээс л болно.
Ер нь Монголыг нэгдмэл улсаас холбооны улс руу хуулийн аргаар шилжүүлж, баруун зүүн, халх ойрд, шашин шүтлэг, нийгмийн байдал, гарал үүслээр нь талцуулан хагалж, үндэстний хувьд нэгдмэл цул болоход саад болж, бүхэлд нь эс гэхэд аль нэг хэсгийг нь ч болов геополитикийн баазаа болгох гэсэн холч бодлогыг сүүлийн гучаад жилд хол ойрын улс орнууд идэвхтэй явуулж байна. Амжилтад хүрч ч байна. Түүний жишээ нь, энд өгүүлэн буй хуулийн төсөл гэмээр байна. Төслийн 46 дугаар зүйлийн 1-д албан бичгийн хэвлэмэл хуудасны загвар, хэрэглэх журмыг тухайн ИТХ батлахаар тусгасан холбооны улс болгох алхмуудын нэг гэж харж байна. Төрийн албан ёсны бичиг хэргийн загвар, заавар нь нэгдсэн стандарттай байдгийн цаана нэгдмэл улсын том бодлого явдгийг хууль тогтоогчид эрхбиш мэддэг байлтай.
Энэ хуулийн төслийг хийхэд гадны зөвлөхүүд оролцоогүй байх. Тэдний оролцоо ч одоо хэрэггүй болсон доо. Бидний тархи оюун угаасаа үндэсний дархлаагаа алдаж, вирутсчихсан болохоор улс үндэстнээ хүчгүйдүүлэх, нэгдмэл байдлаа алдах, гаднын нөлөөллийг үл эсэргүүцэх бодлогыг сайн сайхан юм бүтээж байна гэсэн итгэл үнэмшилтэйгээр хичээн гүйцэтгэж эхэлсний л гай нь энэ.
Үндсэн хуулийн зарчимд харшилсан, улс орны язгуур эрх ашгийг хөндсөн, Төсвийн болон татварын тухай хуулиудтай зөрчилдсөн, хууль хоорондын хийдлүүд бий болгох эрсдэлтэй, орон нутгийг хөгжүүлэх оновчтой бодлого нэрийн дор хуулиар дамжуулан нөлөөллийн хүрээгээ нэмэх гэсэн гадныхны урхинд анзааргагүйгээр автсан байж болзошгүй энэ төслийг хууль болгон баталбал эх орноосоо урвасантай агаар нэгэн үйлдэл болно.
Үндсэн хуулийн 62 дугаар зүйлийн 1-д “Нутгийн өөрөө удирдах байгууллага тухайн аймаг, нийслэл, сум, дүүрэг, баг, хорооны нутаг дэвсгэрийн хэмжээний эдийн засаг, нийгмийн амьдралын асуудлыг бие дааж шийдвэрлэхийн хамт улс, дээд шатны нэгжийн чанартай асуудлыг шийдвэрлэхэд хүн амыг зохион байгуулж оролцуулна” гэж заасан. Асуудлыг бие дааж шийдвэрлэх, асуудлаар бие даасан шийдвэр гаргах хоёрын хооронд үг зүй, үйлдлийн аль алины хувьд асар том ялгаа бий. Түүн дээр олныг төөрөлдүүлсэн тоглолт хийж болохгүй шүү, улстөрчид өө!
Монголоо улс шиг улс болгох үйл хэргийг МАН 100 жилийн өмнө манлайлан зохион байгуулсан. Өнөөдөр үнэмлэхүй олонхиороо төр барьж байгаа МАН тэрхүү агуу эхлэлийнхээ сөрөг үйл явцыг манлайлан залуурдах гээд байна уу, үгүй юу?!
“Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль”-ийн төсөл асар холыг бодсон, маш ухаалаг хүмүүсийн гараас гарсан төсөл байна. Манай УИХ-д ийм ухаантай стратегичид, улс төрийн бодлоготнууд байгаа нь бахархмаар. Гэхдээ тэрхүү холч бодлогыг гагцхүү Монгол Улсынхаа язгуур эрх ашгийн төлөө ашиглаасай хэмээн хүснэ” хэмээн нийтлэлийн эхэнд өгүүлсний минь тайлал ийм бүлгээ.
Л.Түдэв агсан “Даяар Монголын голомт” номондоо “Мөнх хөх тэнгэрийг эцгээ, хөрст бор дэлхийг эхээ гэдэг монгол хүний итгэл бишрэлийн суурь болсон газар бол хоёр хөлөөс тулж, хорвоод хүн шиг явахын цорын ганц баталгаа тул анхдагч шүтээн тань газар болтугай ! Хайрлаж яв ! Ойчвоос газраа тулж босдог билээ. Босохооргүй ойчвоос газартаа тэврүүлэн шингэдэг буюу” хэмээн бичсэн байдгийнг сануулан энэ удаагийн учирлалдаа цэг хатгая.
УРИАНХАН Б.ГАЛААРИД
Unuudur.mn
URL: