Д.Төрмөнх: Мөнгөгүй бол та мөнгө л бодно, мөнгөтэй болсон ч түүнийгээ л бодно…
Энэ зургийг би нүүр номоос олж авсан юм. Та хоёрыг ном ярьдаг юм болов уу гэтэл пянз дэлгээд сууж байх юм. Гэхдээ нүүрномоос анзаарсан л даа, Аюурзана зохиолч та хоёр “Пянз цуглуулагчдийн клуб” группт л их идэвхтэй харагдах юм билээ.
-Тийм ээ. Бид хоюул классик рок бас андеграунд маягийн хөгжимд дуртай л даа. Ноднин манайд ирж өдөржин пянз сонсож ярьж суух үеийн зураг байна. “Black Sabbath”, “Deep Purlple”, “The Who”, “Roger Waters”, “John Lennon” ил харагдаж байх шив. Иймэрхүү л пянз сонсоцгоодог юм.
Та хэдэн пянзтай вэ? Бас нэлээд сайн лампын өсгөгч бүхий “High End” аудио төхөөрөмжтэй харагдах юм билээ?
-Би тоолж үзээгүй багцаагаар найман зуу орчим байх. Би ч ДУДС-д сурч байхаасаа л пянз цуглуулж эхэлсэн ч дараа нь дижитал хөгжим түрж орж ирээд хэсэг орхисон. Харин арваад жилийн өмнөөс байна уу даа, эргээд пянз дэлхий дахинд түгэхтэй зэрэгцээд пянзаа цуглуулж эхэлсэн. Миний амьдрал дээр суурилсан “Санкара” ном эхлэхдээ л “Дэнжийн мянга” дээр пянз сугавчлаад эхэлдэг дээ. Тэр цагаас л сонирхсон болохоор одоо ч тэрийгээ л нэмээд л, сонсоод л сууж байна.
-“HIGH END” болон “HI-FI” хоёр юугаараа ялгаатай юм бэ? Бас лампын өсгөгчүүд эргээд ирж байх шиг?
-Дээд төвшний 5-50 000 герц гаргадаг үзүүлэлтүүд л дээ. Ганц пянз тоглуулагч аваад пянз сонсож болохгүй урьдчилсан өсгөгч, чадлын өсгөгч, чанга яригчид бүгд тусдаа байдаг. АНУ-ын “McIntosh”, Японы “Luxman” гэх мэт маш олон “high end” төхөөрөмж хийдэг фирмүүд байдаг. Их үнэтэй дээ. Тоглуулагч нь л гэхэд 2500 доллараас дээш 5000, фоно урьдчилсан өсгөгч мөн 2500-5000, за тэгээд урьдчилсан өсгөгч 20 мянга чадлын өсгөгч, моно блок бол мөн 20-30 мянга, чанга яригч мөн л 2000-10 000, долларынх байдаг. Харин сүүлийн үед Хятадын маш сайн өсгөгчид хямд гарч ирээд үнэ нь илт унасан. Гэхдээ үнэтэй брэндүүд бол хуучин үнээрээ л байгаа ч ихэнхдээ хямдыг хүмүүс авч байна даа. Минийх ч дундаж үнэтэй нь, судалж байж олж цуглуулсан систем…
-Тразисторын өсгөгч лампын өсгөгч хоёрын ялгаа тэгтлээ илт мэдэгдэх үү?
-Ламп маш дулаахан тэгээд илүү амьд сонсогддог юм. Ялангуяа бөмбөр, чавхдаст хөгжим, акустик гитар зэрэг яг л амьд дуугардаг ч овор ихтэй, халдаг гэх мэт олон шалтгаанаар дижиталд түрэгдээд эргээд саяхнаас лампын хөгжим сэргэж байна. Сэргэх ч гэж дээ ламп хамаагүй амьд тэгээд дулаан дуугардгийг эргээд ойлгож байна гэх үү дээ. Хуучны лампын радио хүнгэнээд их өөр байдаг байсан даа…!?
- Та залуусыг пянз авч бай, бас тийм үнэтэй лампын өсгөгчөөр л жинхэнэ аналог сонс гэж зөвлөх үү?
- Юуны өмнө одоо бол огт үнэгүй стийминг, интернет радио битүү гэдгийг бүгд мэдэж байгаа учир яг хөгжмийн төлөө тийм их зардал гаргах хэрэгтэй юу гэдгээ эхлээд өөрөөсөө асуух хэрэгтэй. Интернет радио бол 24 цаг үнэгүй, 10 000 гаруй хөгжмийн радио явж байгаа. Өсгөгчийн хувьд ч гэсэн лампын маш хямд интегрэтэд (урьдчилсан болон чадлын өсгөгч хамтдаа) өсгөгчүүд сүүлийн хорин жилд бий болж одоо маш хямдарсан. Бүр хямдыг 150 доллараар ч авч болно. “Nobsound”, “Monoprice”… гэх мэт барууны, “Marantz ” гэх мэт фирмүүд нэрээ өөрчилж хятадын зах зээлд орж ирээд үнэ хямд болсон. Сайныг авна гэвэл мянган доллараас дээш сонголт хийсэн нь дээр. Гэхдээ л хаа сайгүй үнэгүй хөгжим байхад пянз гэдэг үнэтэй “хобби” шүү дээ…
-Пянз ч цуглах ч ийм байдаг байж, цуглуулагчаас гадна “А саунд”-ын Ц.Тэмүүлэн та хоёр “Цонхон дээр суусан ялаа” гэж анхны концепт цомог пянзаар гаргасан. Их эрэлттэй байдаг юм билээ?
-Тэгсэн. Бидний үед пянз гэдэг юмыг зөвхөн “Beatles” л гаргадаг гэж бодож явсан, бас өөрөө гаргаж болдог л юм байна. Олон хүний хүч хөдөлмөр, манай охины хүсэл санаачлагаар л бүтсэн эд л дээ.
-Миний мэддэг хөгжмийн хэл ингээд дууслаа. Бид хотод ч биш, хөдөө ч биш завсрын сууринд өссөн. Та хэд шиг биш соёл мэдээллээс хол л доо. “Битлз” энэ тэрийг ч мэдэхгүйгээр шууд л “Европа”, “Пинк Флойд”, “Металлика” гээд ёстой нөгөө нохой өвс зулгаах шиг сонсоод л өнгөрсөн. Миний үед рок хөгжим оргилдоо хүрээд нэгжиж, задарч байсан шиг байгаа юм, багцаалдахад, тан шиг мэддэг хүний өмнө ярихаас ч ичмээр дамшиг гэдэг шиг миний л бодол… Тэгээд нэг их олон урсгал болоод сарничихсан. Голдуу европын рок хөгжим сонсдог байсан, байсан ч гэж одоо ч хааяа сонсдог л юм. Гэхдээ ингэж зэвсэглэлээр хөөцөлдөөгүй. Бэлэн зэхээний юм л сонсох юм. Тиймээс би бууж өгөөд номын тухай яръя. Саяхан таны ном “Пингвин рэндом хаус”-т хэвлэгджээ. ”Пингвин” гэдэг бүр 300 жилийн өмнө 1800-гаад онд анх Британид үүсэж бий болсон. Одоо бол Германы “Бэртлсманн” хэмээх 1885 онд үүссэн компани, АНУ-д 1925 онд бий болсон “Рэндом хаус” гэж тэргүүлэх компани, Британийн “Пингвин” групптэй нийлж үндэстэн дамнасан номын корпораци болсон юм билээ. Жилдээ 15 000 нэр төрлийн 800 сая ном хэвлэж борлуулдаг тухай олж үзлээ. Монгол ном дэлхийд гарч эхлэлээ л гэж харж байна…
-Тэгсэн. Ирэх жил “Санкара”-г хэвлэх гэрээтэй. Юутай ч энэ том хэвлэлийн компани Монгол улсын төрийн тэргүүний тухай номыг ажил албаа гүйцэтгэж байх үед нь хэвлэж гаргасан нь Монгол хүн бүрт баярт явдал боллоо. “Пингвин” ажиллаж буй Ерөнхийлөгчийн тухай ном хэвлэдэггүй юм билээ. Барак Обамагийн тухай ном сая л гарч байх жишээтэй. Намайг бол дэлхийд хэн ч мэдэхгүй, Монгол улсыг бол мэднэ гэхээр миний бус Монгол улсын гадаад нэр төрийн хэрэг юм даа.
-“САНКАРА” мөн залуусын дунд их нэртэй, бас эрэлттэй юм билээ. Та “Пингвин”-ээс хувь авах л байх. Нууц биш бол энэ талаар тодруулахгүй юу?
-“Санкара” Монголд бол хоёр дахь удаагаа хэвлэгдээд одоо дуусаж байна. “Пингвин”-ы хувьд мэдээж эхлээд Монгол улсын төрийн тэргүүний тухай номыг хэвлэсэн. Уг нь аль дөрөвдүгээр сард хэвлэгдээд худалдаанд гарах байсан ч ковид гээд хойшилсоор сая л хэвлэгдлээ. Он гараад дэлхий дахинд зарах юм билээ. Би гар бичмэлээ англи хэлрүү өөрөө хариуцаж орчуулуулаад тэдэнд өгнө, бусдыг тэд хийдэг юм байна. Засах, хэвлэх, агуулах, тээвэрлэх, зарах гээд бүгдийг. Энэтхэгт хэвлэгдсэн хувийг явуулж байхад л бүтэн жил орчим орчуулгыг нь засаж янзаллаа. Босго өндөр гэж үнэн юм аа. Нуух юу байх вэ, зарагдсан ном бүрээс арван хувийг би авах юм. Энэ бол шударга хэрэг. Би сайн бичсэн бол сайн л зарагдана. Борлуулалт өсвөл миний орлого ч өснө.
-Та Ерөнхийлөгчтэй эртний андууд. Би номыг тань уншсан л даа. Энэ хүний талаар тодруулах уу? Нэлэлт бүлэг бичсэн ном нь гарч байна даа…
-Бүтэн номоор ярьчихсан болохоор юу ч нэмж ярих билээ дээ. ДУДС-д хамт сурч байсан цагаас тоолбол 40 орчим жил ойр явж. Төрийн соёрхолт зураач С.Саранцацралтын анги юм шүү дээ. Хүмүүс бөх л гээд байдаг… уг нь зураач хүн шүү дээ!
-“Пингвин”-ы хүсэлтээр бүлгүүд нэмж бичсэн байна билээ, монгол хэвлэлийг өргөтгөөд… “Сахал” Эрдэнэбилэг энэ тэрийн талаар, орос эхнэрийнх нь талаар нэмж бүлэг оруулсан байсан. Одоо юу бичиж байна даа, нээрээ…
-Короно гээд шинэ хэвлэлт гарангуут номын дэлгүүрүүдийг хаачихсан болохоор уншсан хүн цөөн байх шиг… Анхны хэвлэлт арав гаруй мянга борлогдсон. Тэр үед буюу Тулгыг барьж хорьчих гээд, эргэн тойрныхныг нь барьж хийгээд эхэлсэн 2015 онд бичсэн юм. Өмөөрөөд сүйд болохоосоо илүү мэддэг зүйлээ л би бичсэн юм шүү дээ. Тэгж их хичээж хөөцөлдөөд өнөөх хонгил нь тэр чигээрээ ажиллаад ч юм олоогүй биз дээ. Хэрвээ юм байсан бол тэгэхэд л шоронд хийчих байсан. Би түрүүн хэллээ дээ. Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа яг ном гарахын өмнө хэвлэлтэд шилжих үед туслахаараа утасдуулж номыг чинь харъя гэж байсан. Саяхан нэг зурагтай ном гарсан гэж дууллаа л гэсэн байна билээ хэ хэ. Нэгэнт бүтэн ном биччихсэн болохоор нэмж юу ч ярих юм. Харин тэхэд маш сайн борлогдсон 10.000 гаруй. Шинэчилсэн Пингвинд хэвлэгдсэн хувийг хүмүүс тэгээд унших биз…Шинэ бүтээлийн тухайд “Хүүсэр” гэж нэг роман дуусгасан. Өнөөх дэлхийгээс бол 23 шагнал авсан, энд бол намайг муу нэртэй болгосон “State of dogs” буюу “Нохой орон”-оо роман хэлбэрт орууж эхэлсэн. Нээрээ “Юнивишн”-д киногоор нь 22 жилийн дараа тавьсан даа.
-Телевизийн нэвтрүүлгийн зохиол гэж хүн уншихын аргагүй юм байдаг, аргагүй тэрийг үзүүлэх гэж хийдэг болохоос уншуулах гээгүй. Хэвлэл, телевизийг хослуулах тийм амар биш. Харин та бас нэртэй нийтлэлч. Улс төрийн салбарт ч гараалавхан дүрчихсэн хүн. Энэ талаар асуухгүй өнгөрч болмооргүй байна. Ер нь энэ улс нэг л биш болоод их удлаа. Энэ талаар?
-Анх Баабар намайг урлаг энэ тэр бичих байх гэж шилдэг нийтлэлчдийн клубт урьсан чинь өнөөх нь мөн л бусдын адил улс төр бичээд унасан. Нэг л бишээ… гэдэг яриа их эртнээс буй болсон. “Нэг л биш” зүйлийн талаар бичих хэрэгтэй л дээ угаасаа. Энэ ардчиллын гэх 30 жилд арван долоон Ерөнхий сайд, арван долоон засгийн газар ээлжээр хоолонд орсныг бүгд мэднэ. Орос ерөнхийлөгчийн засаглалтай учир Л.И.Брежневээс хойш М.Горбачевыг тооцвол Б.Ельцин, В.Путин, Д.Медведев гээд дөрвөн хүн л засаглаж. Манайхан Путин шиг ерөнхийлөгчтэй болох юмсан гэж их ярьдаг даа. Хүндээ биш системдээ юм шүү дээ. За урд хөрш Хятадад ч адилхан Маогаас хойш Хуа Гуофэн, Дэн Сяопин, Жян Зэминь, Ху Жинтао, Ши Жиньпин гэх таван төрийн тэргүүн, тэдний удирдсан засгийн газрын нүүр үзлээ. Манайд бол Ж.Батмөнх даргаас хойших Засгийн тэргүүдийн нэрийг нь ч мартаж. Ерөнхийлөгч засгаа байгуулдаг байсансан бол мөн л таван засгийн нүүр үзэх байж.
Сая Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт гэгчийг баталсан ч төрийн дээр нам л Үндсэн хуулиар гарах шив дээ. Ялсан намын дарга “хаан” болсон. Яахав нам нь удирдагчаа солихгүй бол тэгээд тэр нам нь дандаа ялаад байвал удаан засаглаж болох ч гэлээ “Ардчилал гэдэг уг нь ардын эрх” гэсэн утга. Гэтэл ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд намын даргын шийдвэрийг л ёсчлогч нар болчихлоо. Ард түмнээс сонгогдсон УИХ-ын гишүүд төдийгүй ард түмний тавин хувиас дээш саналаар сонгогдсон Ерөнхийлөгчийн эрх ч хасагдсан.
Парламентын засаглал гэдэг парламент засгийн газраа байгуулна гэсэн шууд утга. Ерөнхийлөгчийн засаглал гэдэг Ерөнхийлөгч засгийн газраа байгуулна гэсэн шууд утга биз дээ?
-Таны хэлдэг үнэн. Одоо нам нь Засгийн газраа байгуулдаг болчихсон. Намд нь хамтын удирдлагын систем байхгүй. Дотроо маш их хагаралтай. Би энэ өөрчлөлтийг батлагдангуут нь хэлсэн л дээ, энэ нэмэлт өөрчлөлтөөр Ерөнхийлөгч нь биш канцлер нь дарангуйлагч болдог Ваймерийн БНУ-ын Үндсэн хуультай болчихлоо шүү гэж. Хүмүүс энэ ёжлолыг ойлгоогүй л дээ. Тэгээд залхаад хаясан. Бүр шинэ Үндсэн хууль гэж хөөрч байсныг харин шоолж, шоглож байж нэмэлт өөрчлөлт гэгдэх болгосон. Баабар бас үүнийг хэлж сануулсан. Тэгэхээр манайд ямар засаглалын хэлбэр тогтсон болж таарах вэ?
-Бүү мэд. Энэ Үндсэн хуулийн хямрал нэг их удахгүй эхлэх байх л гэж харж байна. Яахав намын дарга буюу Ерөнхий сайд гэх нэг гарт зангидах буруу ч юм биш л дээ. У.Хүрэлсүх ч сайн л удирдагч харагдаж байгааг бүгд мэднэ. Гэхдээ цаашид намын дарга хэвээр байх уу? Дараагийн дөрвөн жилд дахиад ялах уу?, намын даргаа дэвшүүлэн зайлуулах уу?…гээд л асуудал их бөгөөд нам нь дотроо зодоон үүсэж хямрах нигууртай.
Азийн орнууд нэг гарт л байсаар ирсэн. Манай түүх бол ерөөсөө л нэг хүний туг доор явсаар ирсэн байдаг. 1924 оноос хойш ч гэсэн дээ, үндсэнээ Х.Чойбалсан, Ю.Цэдэнбал гэдэг хоёр хүний л удирдлага доор явж ирсэн байдаг. Гэхдээ ардчиллын онолоор бол бусад оронд ихэнхдээ бүх ард түмний талаас дээш хувийн сонголтоор гарсан Ерөнхийлөгчид Засгийн газраа байгуулж, толгойлох эрх байдаг л даа.
ҮХНӨ-ийг хэлэлцэж байхад эсэргүүцэж бичиж байсан цөөн хүн байсан. Л.Мөнх-Эрдэнэ гэх судлаач, Д.Ганхуяг судлаач, бас чи, бид хэд л бичиж байсан. Гэхдээ бичээд нэмэр үгүй юм билээ дээ. Ард олон бол тэгэхэд ч сайн ойлгоогүй, одоо ч ялгаагүй ойлгосон нь цөөн л харагдах. Ер нь энэ дөрвөн жилийн түр засаг гэдгийг барууныхан л хуучин социалист улсад хийж өгсөн. Гэхдээ эхлээд өнөөх хамраа чимээд тайлбар хийдэг видео киногоор хэрэглээний нийгмийг алдаршуулж далд ухамсарт шингээгээд дараа нь та нарыг энэ дарга нар дөрвөн жил л удирдана гэхдээ танд таалагдахгүй бол унагаагаад бай гэж зааж өгсөн. Бүгд маш дуртай хүлээж авсан байдаг. Дөрөвхөн жилийн настай засагт очиж буй хүн эхлээд өөрийгөө л бодно. Бүгд л ярьдаг биз дээ. “Хоолонд орох” гэж.
Б.Баттогтохын орчуулсан “Орос төсөл” гэдэг дөрвөн боть номыг уншаад юу ч хийгээд нэмэргүй, төрөө шатаах тогтолцоо юм байна гэдгийг ойлгосон. Одоо энэ үйлчилж байгаа системийн задаргааг бичсэн ном юм билээ шүү дээ. Би ардчиллын талын хүн байлаа. Би ч гэж дээ чи ч тэр…Манай иргэдийн талаас илүү нь шинэ хүчнийг дэмждэг, талаас цөөн нь нь хуучин хүчнийг л дэмждэг байсан. Одоо хар л даа. Юу болж байгааг. Чи мэднэ, М.Энхсайхантай би маш ойр, бас их хүндэлдэг байлаа. Гэтэл саяхан арван сая доллароор нутгаа зарсан тухай баримт ил явахыг хараад за даа, хэнд ч итгээд нэмэргүй юм байна л гэж бодсон.
-Харин тийм. Та ч ҮХНӨ гэдэгт их бачимдсан, Ганаа ах руу ч яриад, над руу ч яриад… Нэг ярихдаа цаг ярина. Би ч залхаад, урам хугараад хаясан нь алдаа болсон юм, гэхдээ би хэн ч билээ гэж бодсон. Нөгөө талаас бас төвлөрсөн цэгцтэй удирдлага бий болох байх гэтэл бүр нүдийг нь сохолсон. Одоо шинэ хүчний талд элэгтэй байсан хүмүүс бүгд л адилхан урам нь хугарч байх шиг. Бүр ардчиллыг зүхдэг болсон. Тэгэхээр Таныхаар яах ёстой юм бэ?
-Нэгд энэ дөрвөн жилээр ээлжилж иддэг тогтолцоог өөрчлөх ёстой. Хэн ч гараад нэмэргүйг бид харлаа шүү дээ. Арван долоон засаг гэдэг арван долоон хүн биш маш олон хүн багаараа ээлжилж идсэн гэсэн үг. Парламентын засаглал гэдэг ийм хэврэг гээд өөрчилсөн ч нам төвтэй төртэй болоод “Засаг бөх байх уу?” гэдэг асуудал аандаа үүсэж байх шиг. УИХ гишүүд одоо ямар ч эрхгүй, хэн ч биш болсноо ойлгоод эхэлсэн. Тэгэхээр ардчилал хэрэгтэй гэж үзвэл ард түмний тавин хувь буюу сая гаруй хүний сонголтоор гарч ирсэн Ерөнхийлөгчид засгаа байгуулах эрхээ өгөх ёстой байх л гэж харж байна. Баттулгадаа биш шүү! Хэн ч байж болно, гэхдээ л ардчилал гэдэг ардын эрх юм бол ард олны олонхийн сонголтыг л хүндэтгэх ёстой болж таарч байгаа юм. Манайд энэ гучин жилд хоёр л нам ээлжилж төр барьсаар ирсэн. Тэд л баяжсан. Одоо эхнээсээ шоронд орцгоож байна. Гэхдээ шорон яахав дээ. Гараад л ирнэ. Системээ өөрчлөхгүй бол ерөөсөө явахаа байлаа даа. Гурав дахь хүчин гэж манай улс төрд огт яваагүй. Тэгээд ч Ю.Цэдэнбал дарга гэхэд дөрвөн жил биш дөчин дөрвөн жил төр барьж байж өдий зэрэгт хүргэсэн биз дээ?
-Гажиг нь ч харагдаад эхэлсээн. Сая цахилгааны үнэ тэглэх шийдвэрийг маш нууцаар гэнэт гаргаж цочоосон. Ямар ч судалгаагүй. Өмнө нь ЗГ шийдвэр гаргахын өмнө боловсруулж, парламентад танилцуулаад дэмжлэг авбал хэрэгжүүлдэг байсан. Парламент нь тэнэг мангар юм их ярьдаг ч бас олон талаас хэлэлцэх явцад болох болохгүй нь тодордог байсан, яахав муу нь өөх ч биш, булчирхай ч биш шийдвэр гаргадаг л даа. Гэтэл сая ямар ч боловсруулалтгүй, нэг хүний дураас хамаарсан шийдвэр гарч, хотоо харанхуйлах гэж байна. Хоёрт төвлөрөл сайн ч өөрөө сул талтай, ЗГ туйлын эмзэг байгаа. У.Хүрэлсүх хүчтэй ч түүнийг нам нь Ерөнхийлөгчид дэвшүүлж сэвээд л Засгийн газрыг нь булаагаад авчихна. Ялах эсэх сонин биш, ялагдвал хариуцлага тооцоод бас л булна. Ганцхан түүнийг дэвшүүлэн зайлуулахад л нам дахь сөрөг хүчний гарт ЗГ, яам, агентлагууд, бүр хороон дарга хүртэл бүгд ороод ирнэ. Тэгээд Еөк, Хүк хоёр багалзууртаа асалцана биз? Үүнийг хэн хүсэж байгаа билээ? Захиалагчид нь шоронд байгаа… Ингэж төр эрхшээнэ гэдэг бол маш их баялагт эзэн суугаад зогсохгүй, төрийн хамгаалалт бүхий эрх мэдэл буюу овгоруудын хийдэг бизнес учир нийт олон тэднийг л сонирхож тэдний л тухай ярих юм байна.
- Овгорууд гэж чи онож хэллээ. Орос төсөл номонд бичсэнээр бол хүмүүний ямар ч бөөгнөрөл сац суварга болон “сүндэрлэх” шинжтэй байдаг ажээ. Жишээ нь, тохиолдлоор цуглуулсан мянган хүнийг хоосон арал дээр нүүлгэж аваачлаа хэмээн төсөөлбөл энэхүү эмх замбараагүй бөөгнөрөл тун удалгүй сац суварга болон “сүндэрлэх” төдийгүй бүүр ганц, хоёроор тогтохгүй том жижиг сац суваргууд “сүндэрлэж” ч мэднэ… гэж бичсэн байна лээ. Овгийн зохион байгуулалт. Фрэнсис Фокуяама ч мөн л ингэж дүгнэсэн байдаг. Ялангуяа Монгол бол хэн нэгэн овгороо дагаж тойрох дуртай гэж… Бүгдээрээ хэлэлцвэл буруугүй гэж ярьдаг. Хэн нэгэн буруутахгүй л гэсэн санаа юм шиг. Парламентын шийдвэрээс буруутан олддоггүй шүү дээ. У.Хүрэлсүхийн хувьд бол одоо “хаан” шиг эрх мэдэлтэй байж Ерөнхийлөгч гэх эрхгүй суудалд очихыг хүсэх үү дээ. Унавал яахав? Сая гаруй хүний санал авах гэдэг тийм амар ажил биш байхаа?
-Саяын цахилгаан, дулааны үнэ чөлөөлдгийг нийтээр л сонгууль угтсан ажил гэж бичээд байгаа бус уу?
-Нүүр ном гэдэг ч мөн л төрөө шатаах тоглоомын нэг зэвсэг шиг. Тэгээд одоо харахаар нүүр номонд шуугивал л төр нь шийдвэрээ өөрчлөөд байх болж. Тэрийг нь хөөргөддөг бөөн троллууд байх юм даа. Муулж л байвал үнэн худал хамаагүй дагаад шуугидаг.
Нэг зүйлийг л бид их сайн ойлгох хэрэгтэй юм. 1990 онд хүйтэн дайн барууныхны ялалтаар төгссөн гэдгийг! Одоо бараг дэлхийн “дөрөвдүгээр” дайн вирусаар явж ч байгаа юм шиг. Энэ талаар би нэг нийтлэл бичиж л байсан. Энэтхэгт бол энэ ковид вирусыг Хятадын эхлүүлсэн дайн л гэж бичиж байна билээ. Хүний олноор хийж буй дайн гэж. Хятад зуун сая хүнээ алдсан ч тэрбум гурван зуун сая хүнтэй үлдэнэ биз дээ. АНУ-ын хийсэн “атом”-ын бөмбгийг Хятад хулгайлаад өөр дээрээ “дэлбэлсэн” гэж бичиж байна.
“Хувьсгалыг хүн хийдэггүй, хувьсгал өөрөө хүнийг хийдэг” гэсэн үг байдаг. Дээрх сац суваргын үүднээс харвал манайд 1990 онд хүйтэн дайнд ялагдаад эзэнгүй хоёр сая гаруй хүн үлдээд хуучин нам төрөө авч явсан хэсгийн төлөөлөл нэгэн том сац суваргын орой болсон нь мэдээж МАХН буюу одоогийн МАН.
Нөгөө нэг сац суварга нь АН хэмээх шинэчлэгч талын төлөөлөл байлаа. Аль алины нь дотор маш олон жижиг сац суваргууд буюу овгорууд үүссэн ч эцэстээ “Та мөнгөгүй бол мөнгө л бодно. Мөнгөтэй болсон ч гэлээ түүнийгээ л бодно…” гэх барууныхны бидний далд ухамсарт хийж өгсөн хэрэглээ шүтэх дүрмийн дагуу овгорууд хоорондоо нийлж салж, байлдаж тэмцсээр өнөөг хүрчээ. Гэхдээ хуучны овгорууд арай юм үзсэн учир ихэнхдээ засаглаж, шинэ овгорууд хар амиа бодсон учир одоо түрүүчээсээ шоронд орцгоож эхэлжээ. Нэг сонгуулийн дөрвөн жилд дөрвөн овгор цуварч гарч байсан он жилүүд ч бий биз дээ?
Их баялаг хийгээд эрх мэдэлд хүрсэн “жижигхэн” хүний явдлыг таамаглахад их ухаан зарах хэрэггүй. Тэр хараа хүрэх газраасаа цааш харна гэдэг санасны гарз. Сайн, муудаа ч биш, ерөөс тэр хүний хэмжээ нь тэр юм. Хэрвээ хүүхдийн цэцэрлэгийг хүүхэд удирдаж эхэлбэл хүүхдийн цэцэрлэг нурах нь тодорхой. Хүүхэд цэцэрлэгээ нурааснаа хэзээ ч ойлгохгүй. Тэгээд ч бид бүгд түрээсийн орон сууцанд суухдаа нэг янз, өөрийн байрандаа өөр янз байдаг жам ёсоор дөрвөн жилийн настай түр засагт түр л суух нь ойлгомжтой болохоор амжиж мөнгөтэй болохыг л бодно. Мөнгөтэй болсон нь улам ихийг л бодно. Тэгээд бие биенээ унагааж арван долоон удаа хоолондоо цуварч ороод бүр амтшив. Тэгэхээр 30 жил болж буй ардчилал гэгч сайхан үлгэр ярьж байгаад “хүүхдүүдэд” чүдэнз хаана байгааг зааж өгчээ. Гоё үгээр халхавчилж байгаад эцэг, эхийнхээ хараа хяналтаас ангид байх эрх чөлөөг тунхаглав. Одоо үйл явц өөрийнхөө гольдролд нэгэнт оржээ. “Жаал”-ууд гэр орноо хэзээ галдан түймэрдэж, хэзээ цөлмөн дээрэмдэж, хэзээ зарж үрж дуусах нь ердөө л цаг хугацааны асуудал аж.
-Маш гутрангуй бодол байна даа. Ард олон туйлдаад эцэстээ хувьсгал болох болов уу?
-Хувьсгал гэдэг тийм ч амархан болчихдог үзэгдэл биш байх. Энэ олон “өнгөт хувьсгал” бас л цаанаасаа зохион байгуулалттай зүйл шүү дээ. Эхлээд энэ дөрвөн жил гэдэг ээлжилж идэх тогтолцоог өөрчлөх хэрэгтэй ч тэрийг “Хэн толгойлж хийх вэ?” гэдэг өөрөө асуудал юм. Бид яахав одоо хөгшин хонины насгүй болцгоосон болохоор би гэх өвчингөө хаяад “Бидний үр хүүхэд ямар нийгэмд үлдэх вэ?” гэдгээ бодож нэгдэх хэрэгтэй байх даа. Намаараа бус нийтээрээ нэгдэх хэрэгтэй. Тэгж чадвал энэ тогтолцоог өөрчилж болно. Гэхдээ саяны ҮХНӨ шиг аргацаасан биш. Арай том онолын болон нийтийн сонирхолд нийцсэн үндсэн хуулийн өөрчлөлт хэрэгтэй л байх даа. Одоо үр хүүхдээ бодох цаг болсон. Хэрэг дээрээ бид Монгол гэх ганц л “нам”-тай шүү дээ!
Би Төрөө ахынд очиж элдэв зүйл ярилцах дуртай бөгөөд энэ удаагийн бид хоёрын улс төрийн сэдвээр өрнүүлсэн яриа ингэсгээд мухардлаар дууссан юм даа. Нэг л бишээ … хэмээн нийтээр ярина. Дагаж дуурайх ч хүнгүй, баяжсан нэгнээ хорсон шившиглэж, улс төрчдөө л уулгалан муулсан яриа хаа сайгүй… Тэрээр кино зохиол бичих ажлаа орхиогүй саяхан 16 ангитай сүүлийн хорин жилийг хамарсан кино зохиол бичсэн ч санхүүжүүлэх хүн олдохгүй байгаа тухай, мөн “Миний мэдэх Ерөнхийлөгч Баттулга” номоо монгол бичгээр хэвлүүлсэн тухайгаа ярина билээ. Нэг хэлээр хоёр бичгээр гарсан тэдгээр номуудыг нь харьцуулж уншаад Ерөнхийлөгчийн хичээлийг үзээд монгол бичиг сурвал сонин байх, тийм ээ? Би телевизийн ярилцлага л хийж байснаас хэвлэлийн ярилцлага хийж байгаагүй, ер нь хийх ч үгүй, зүгээр л яриа хөөрөөгөө ингэсгээд биччихвэл яадаг юм бол гээд сийрүүлчихлээ… Хөл хорионы үед хэл хорих биш, унших хүнд сонирхолтой л доо! Би юманд агуулга л голлодог тул хэнэггүй, бас нэг муу хурган дарга хийж, хүн зарж сурсны л гай байх. Төрмөнх ах нөгөө л телевизийн характераар адгуу, бас зураг дүрсний чанарт их анхаарах юм, буулгаснаа үзүүлсэнд зургийн чанар муудах тул майлээр явуулъя гээд л… Надад бол “Утсаар уншихад зургийн чанар яав л гэж…” гэж бодогдох, иймэрхүү л юм боллоо, та минь…
А.Баатархуяг
URL: