Путин “бүх насаараа халдашгүй эрхтэй” болов

 1

Оросын Ерөнхийлөгч Владимир Путин ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байсан хүмүүсийн халдашгүй эрхийг хасах журмыг “төвөгтэй болгосон” хуульд гарын үсэг зуржээ.  Ерөнхийлөгчийн албан тушаалд ажиллаж байсан хүмүүст насан туршид нь халдашгүй эрх олгох тухай хууль Оросын эрхзүйн мэдээллийн албан ёсны цахим хуудсанд нийтлэгдсэн байна.

Энэ хууль батлагдсанаар, ерөнхийлөгч бүрэн эрхээ хэрэгжүүлэх хугацаанд гаргасан үйлдлийнхээ төлөө хариуцлагад татагдахгүй байх боломж үүсчээ. Шинэ хуулийн дагуу Ерөнхийлөгч улс орныг удирдахаа больсон үед ч халдашгүй эрх нь хэвээр байх гэнэ. Ерөнхийлөгч асныг захиргааны болон эрүүгийн хариуцлагад татах боломжгүй, түүнчлэн саатуулах, баривчлах, нэгжлэг хийх, байцаах эсвэл хувийн үзлэг хийх боломжгүй болж байгаа аж.

Түүнчлэн төрийн тэргүүний албан тушаал хашиж байсан хүний орон сууц, албаны сууц, түүний тээврийн хэрэгслүүд, холбоо харилцааны хэрэгсэл, баримт бичиг, захидал зурвас ч халдашгүй байх гэнэ.

Хуучин Ерөнхийлөгчийг Дээд болон Үндсэн хуулийн шүүхийн дүгнэлтээр баталгаажсан, хүнд гэмт хэрэгт Төрийн дум буруутгасан бол түүний халдашгүй эрхийг гагцхүү Холбооны зөвлөл л хасах гэнэ. Ингэхдээ парламентын танхим бүрийн шийдвэр нь нийт гишүүд эсвэл сенатчдын гуравны хоёроор дэмжигдсэн байх ёстой. Ерөнхийлөгч асныг буруутгах үндэслэлийг санаачилагчид нь нийт гишүүдийн гуравны нэгээс дээш байх ёстой гэнэ.

Үүний зэрэгцээ Путин ерөнхийлөгчөөр ажиллаж байсан хүмүүс насан туршдаа сенатч болох хуульд гарын үсэг зуржээ.

Өмнө нь, Путин албан тушаалаасаа явсныхаа дараа эрх мэдлийг гартаа үлдээхийн тулд хууль боловсруулж байгаа талаарх мэдээллийг Блүмберг агентлаг мэдээлж байлаа. Энэ агентлагт мэдээлэл өгсөн эх сурвалжууд, Путин “эрх мэдлийг гартаа үлдээж”, үүний зэрэгцээ “ерөнхийлөгчийн ажлын өдөр тутмын дарамтаас салах”-ын тулд шинэ албан тушаалд шилжихээр зэхэж байгаа хэмээн онцолжээ.

Энд дуулгахад,  энэ онд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Путин 2036 он хүртэл Ерөнхийлөгчийн албан тушаалд үлдэх боломжтой болсон гэж Форбс мэдээлсэн байна. Харин Путин 12 дугаар сарын 17-ны өдөр зохион байгуулсан хэвлэлийн хурлын үеэр 2024 оны сонгуульд нэрээ дэвшүүлэх эсэхээ хараахан шийдээгүй хэмээн мэдэгдэж байв. “Ард түмнээс ийм шийдэл ирсэн. Үүнийг хийх эсэхээ харж л байя” хэмээн Владимир Путин мэдэгдсэн юм.

Г.Бямбасүрэн


URL:

Tags: