ГХЯ урд хил дээр үүссэн ачаа тээврийн авто машины хил нэвтрэх асуудлыг шийдвэрлэжээ
Гадаад харилцааны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Монгол улс БНХАУ хооронд хиллэж буй авто замын хилийн боомтод ажиллаж ачаа тээврийн нэвтрэх хөдөлгөөнийг нэмэгдүүлэх чиглэлд уулзалт яриа хэлэлцээ хийсэн байна.
2020 оны 12 дугаар сарын 17 өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 21 өдрийн хооронд Замын-Үүд, Гашуунсухайт, Шивээ хүрэн зэрэг боомтын үйл ажиллагаатай очиж танилцан, экспортын ачаа тээврийг хилээр саадгүй нэвтрүүлэх, БНХАУ-ын талаас орж ирж буй ачаа тээврийг Монгол улсын хилээр саадгүй оруулах чиглэлд хоёр улсын хооронд харилцан ойлголцох, саад бэрхшээлийг арилгах чиглэлд ажилласан байна.
Тухайлбал 2020 оны 12 дугаар сарын 17 өдрөөс өмнө зөвхөн Замын-Үүд боомтоор БНХАУ-ын талаас өдөрт 20 машин Монгол улсын хилрүү нэвтэрч, Монгол улсаас БНХАУ-ын Эрээн боомтруу мөн л 20 машин нэвтэрч байжээ. Үүний шалтгаан нь Монгол улсад коронавирусын дотоодын халдвар гарч эрсдэл нэмэгдсэн учраас БНХАУ-ын тал хилийн нэвтрэх хэсэгтээ хяналт шалгалтыг нэмэгдүүлж, нэг авто машиныг ариутгах хугацааг нэмэгдүүлсэн. Мөн Монгол жолооч нарыг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэрт хүрсэн зэрэг бэрхшээл тулгарсан юм.
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяраар ахлуулсан ажлын хэсэг Замын-Үүд боомтод очиж нөхцөл байдалтай танилцан газар нь дүгнэлт хийж, БНХАУ-ын ӨвөрМонголын өөртөө засах орны холбогдох албан тушаалтангуудтай утсаар ярьж, цахим уулзалт хийсний үндсэн дээр зохих арга хэмжээг газар дээр нь авч эхэлсэн байна.
Тухайлбал БНХАУ-ын талаас ачаа тээврийн авто машиныг жолоодож хоёр улсын хилийн 0 цэг дээр аваачих 50 жолоочийг БНХАУ-ын талд байршуулах шаардлага тавьжээ. Энэ шаардлагын дагуу БНХАУ-ын Эрээн хотод байсан 21 жолоочийг уг ажлыг хариуцуулж, нэмж 32 жолоочийг БНХАУ-ын Эрээн хотруу гарган БНХАУ-ын талд тусгаарлагдах 14 хоногийн зардлыг зохицуулсан байна. Ингэснээр Монголын 50 жолооч БНХАУ-ын Эрээн хотод байрлаж, өдөр бүр БНХАУ-ын талаас Монгол улсын хилээр нэвтрэх ачаа тээврийн авто машиныг жолоодож хоёр улсын хилийн 0 цэг дээр авчирах юм. Уг цэгээс Монголын талд буй монгол жолооч нар ачаатай авто машиныг жолоодон Монгол улсын хилээр гаргана. Харин Монголын талаас ачаатай авто машиныг мөн жолоодож хоёр улсын хилийн 0 цэг дээр аваачиж үлдээх бөгөөд уг авто машиныг БНХАУ-ын талд буй Монгол улсын 50 жолооч мөн авч цааш яван БНХАУ-ын хилээр нэвтрэх зохицуулалтыг хийжээ.
Дээрх зохицуулалтын дараа БНХАУ-ын талд дугаарлалт үүсээд байсан авто машины цувуу дундарч эхэлсэн гэдгийг албаныхан хэллээ. Тухайлбал 2020 оны 12 дугаар сарын 18 өдрөөс эхлэн хоёр улсын хилээр ачаа тээврийн 40-60 хүртэл авто машин нэвтэрч эхэлсэн байна.
Удахгүй тусгаарлалтанд буй 32 жолооч гарсан нөхцөлд уг машины тоо нэмэгдэх боломжтой гэж үзэж байна. Мөн БНХАУ-ын авто машин ариутгаж буй нэг гарцыг нэмэгдүүлж 2-3 гарцтай болох хүсэлтийг Монголын талаас тавьжээ. Иймд энэ санал хэрэгжиж эхэлсэн нөхцөлд ачаа тээврийн авто машины гаралт нэмэгдэх сайн талтай юм.
Гашуунсухайт, Шивээ хүрэн боомтоор голлон уул уурхайн бүтээгдэхүүн гарч буй бөгөөд уг боомтоор нэвтрэх хүчин чадлыг хоёр талдаа зөвшилцөн нэмэгдүүлэх чиглэлийг мөн ярилцаж тохиролцсон байна. Өдөртөө 400-аас дээш авто машиныг гаргаж эхэлсэн байна. Энэ нь экспортын гол бараа бүтээгдэхүүнийг зогсоохгүй байх чиглэлд Гадаад харилцааны яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсгийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээний нэг гэж албаныхан тодотгож байлаа.
URL: