Оросын тамирчид олимп, дэлхийн дэвжээнд төрийн далбаагаа мандуулах эрхгүй боллоо
ОХУ-ын тамирчид 2022 оны 12 дугаар сарын 16-ныг хүртэл төрийнхөө далбаан дор олон улсын томоохон тэмцээнүүдэд оролцох эрхгүй болж байна. Спортын Арбитрын шүүх (CAS) Дэлхийн сэргээшийн эсрэг агентлаг (WADA) болон ОХУ-ын сэргээшийн эсрэг агентлаг (РУСАДА) хоорондын маргааныг хянан хэлэлцсэний дараа Оросын тамирчдыг дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, Олимп, Паралимпийн наадамд төрийнхөө далбаан дор өрсөлдөх эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах шийдвэр гаргажээ.
Үүний зэрэгцээ тамирчдын өмсгөл нь төрийн далбааны өнгөтэй байж болно. Хэрэв хувцсан дээр “Орос” гэсэн бичиг байгаа бол “төвийг сахисан тамирчин” гэсэн бичиг англи хэл дээр ижил хэмжээтэй байх ёстой. Мөн Оросын төрийн дууллыг эгшиглүүлж болохгүй байна.
Тэмцээний үеэр үзэгчдэд далбаагаа мандуулахыг хориглохгүй. CAS Оросын спортын эсрэг авсан WADA-ийн хориг арга хэмжээг хөнгөрүүлсэн болохыг тэмдэглэжээ. РУСАДА зардлын нөхөн төлбөрийн хувиар WADA-д 1.27 сая ам.доллар төлөх ёстой байна.
Олон удаагийн сэргээшийн дуулианы дараа WADA-ийн Гүйцэтгэх хорооноос 2019 оны 12 дугаар сарын 9-ний өдөр Оросын спортын эсрэг хориг арга хэмжээ авч, тус улсын тамирчдыг олон улсын томоохон уралдаан тэмцээн, түүний дотор Олимп, Паралимпын наадамд оролцох эрхийг нь дөрвөн жилээр хассан юм. 2012-2015 оны хооронд хийсэн ОХУ-ын тамирчдын сэргээшийн шинжилгээний мэдээллийг гажуудуулсан хэлбэрээр WADA-д шилжүүлсэн гэсэн хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт энэ шийдвэрийн үндэс болсон байна. Ийм шийдвэр гарсантай холбоотойгоор РУСАДА-гийн гишүүд хуралдаж, агентлагийн хяналтын зөвлөл WADA-ийн гүйцэтгэх хорооны шийдвэртэй санал нийлэхгүй байх зөвлөмжийг баталжээ. Гүйцэтгэх хорооных нь шийдвэрийг эс зөвшөөрч байгаа талаар РУСАДА-ийн мэдэгдлийг хүлээн авсны дараа WADA CAS-т хандсан байна.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг
URL: