ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар сэтгүүлч Х.Мандахбаярыг гүтгэжээ
Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт ярилцлага өгөхдөө сэтгүүлч Х.Мандахбаярыг гүтгэсэн мэдээллийг олон нийтэд тараажээ. Энэ талаар сэтгүүлч Х.Мандахбаяр олон нийтийн сүлжээн дэх өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна.
2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд цацагдсан “Улаан бал” нэвтрүүлэгт Х.Нямбаатар сайд оролцохдоо сэтгүүлч Х.Мандахбаярын тухай хоёр ч удаа дурдаж, “Яагаад Мандахбаяр юм уу, “Гацуурт”-ын Чинбаа Хэвлэлийн зөвлөлийн эзэн байх ёстой юм”, ”Хэвлэлийн зөвлөлийг өөрсдөдөө хувьчилж авах гэж, өргөн хүрээтэй байгуулахаас айж байна гэж зарим сэтгүүлчдийг хардаж байгаа. Жишээлбэл, Мандахбаяр нарын хэвлэлийн хэдхэн эзэд хүмүүсээ надруу турхирч байгаа гэж харж байна” гэсэн юм. Үүнийг сэтгүүлч Х.Мандахбаяр илт худал мэдээлэл түгээсэн гэж үзэж буйгаа илэрхийлээд, олон хүнд буруу ойлголт төрүүлсэн мэдээлэл учир залруулга хийжээ.
Тус залруулгад “Х.Нямбаатар сайд “Улаан бал” нэвтрүүлэгт оролцохдоо “Мандахбаяр хэвлэлийн эзэдтэй нийлж Хэвлэл мэдээллийн зөвлөлийг авах гээд байгаа юм” гэж илт худал мэдээлэл түгээжээ. Олон хүнд буруу ойлголт төрүүлж байгаа учраас залруулга хийе. Хэвлэл мэдээллийн зөвлөлийг хувь хүн авах, эзэмших ямар ч боломжгүй. 45 хүний удирдлагын бүрэлдэхүүнтэй, зургаан жилийн туршлага хуримтлуулсан энэ байгууллагыг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын тал талын төлөөллүүд сайн дурын үндсэн дээр оролцож байгуулсан ТББ шүү дээ. Олон нийтийн хараан дор, манай салбарын өндөр хяналтанд ажилладаг. Миний бие ХМЗ-д ямар нэгэн ажил албан тушаал эрхэлдэггүй. Харин жирийн сэтгүүлчийн хувьд тус байгууллагыг хүлээн зөвшөөрч, ёс зүйн кодыг нь дагаж мөрдөж ажилладаг. Тэнд ажиллаж байгаа олон хүний хөдөлмөр зүтгэл, ажил хэргийн нэр хүндийг ингэж гүтгэн харлуулж болдог юмуу. Хуульзүй дотоод хэргийн сайдын хийх ажил энэ мөн үү. Төрийн сайд ийм хариуцлагагүй үг хэлж болох уу. Эрхэм сайдын гаргасан энэхүү үйлдэл бол Эрүүгийн хуулийн 13.14.Худал мэдээ тараах заалтыг шууд зөрчиж буй хэрэг. Гүтгэлэг ч мөн. Мэдээж энэ явдал иргэн миний нэр төр, алдар хүндэд хор хохирол учруулж байна” гэжээ.
Гэхдээ тэрбээр Х.Нямбаатар сайдын олон нийтийн мэдээллийн хэрэгслээр дамжуулан түгээсэн уг илт худал мэдээллийн дагуу хуулийн байгууллагад гомдол гаргахгүй гэж мэдэгджээ. Тодруулбал тэрбээр Х.Нямбаатар хардах эрхтэй гэж үзэж буйгаа илэрхийлсэн байна.
Энэ талаар сэтгүүлч Х.Мандахбаяр “Гэвч би сайдын талаар цагдаа, шүүхэд гомдол гаргахгүй. Сайд миний талаар буруу үзэл бодолтой, ташаа ойлголттой байгаа учраас харин залруулга тайлбар хийлээ. Иргэн Х.Нямбаатар намайг хардах эрхтэй. Үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Харин төрийн сайд хүн ийм ёсзүйн алдаа бөгөөд хууль зөрчсөн үйлдэл гаргаж боломгүй. Х.Нямбаатар сайдад ард иргэдийнхээ төлөө хийсэн зөв зүйтэй олон ажил бий. Зарим үйл хэргийг нь дэмжиж, нөхөрлөж явсан үе ч бий. Гэвч хэвлэлийн эрх чөлөө, иргэдийн үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийн талаар Х.Нямбаатар маш буруу ойлголттой байна. Ойрын өдрүүдэд түүний хийж буй мэдэгдэл, ярилцлагууд нийгэмд асар буруу мэдээлэл түгээж байгааг эрс шүүмжилж байна. Энэ үйлдлээрээ ардчилсан нийгэмд байж боломгүй дэглэм тогтоохыг санаархаж байгаа дарангуйлагчийн дүрийг тэр өөртөө бүрдүүлж байна. Тиймээс бид тэмцлийн хэлбэрт шилжиж байна. Өчигдөр /2020.12.16/ “Хэвлэлийн эрх чөлөөний төлөө үндэсний зөвлөл” нэртэй үндэсний хэмжээний зөвшилцлийн механизмд 21 нэгэн эвлэл, холбоод нэгдлээ. Миний бие нэг ажлын хэсгийг нь ахалж ажиллах боллоо. Эрүүгийн хуулийн нэмэлт өөрчлөлтөө нэн даруй татаж авахыг Х.Нямбаатар сайдаас хатуу шаардаж байна. Мөн Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарын саналыг үндэслэн боловсруулахыг шаардаж байна” гэжээ.
Мөн сэтгүүлч Х.Мандахбаяр МСНЭ-ийн Ерөнхийлөгчийн сонгуульт албан тушаалыг өөрийн саналаар хүлээлгэн өгснөө дурдсан байна.
зиндаа.мн
URL: