FACTCHECK: Үнэнд гүйцэгдсэн Х.Нямбаатар

J3AnZAk

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар 2020 оны арванхоёрдугаар сарын 15-нд буюу өчигдөр NTV телевизийн “Улаан бал” нэвтрүүлэгт орж, Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль болон Эрүүгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөлтэй холбоотой асуудлаар ярилцлага өгсөн.

Тэрбээр энэ үеэрээ хэвлэл мэдээллийн хэрэгслийг нийгмийн сүлжээ хэрэглэгчидтэй адилтган, сошиал харилцааг хуульчилж, зохицуулах шаардлагатайг хэлсэн. Харин ярианыхаа үеэр зарим эргэлзээтэй мэдээлэл өгсөн тул эх сурвалжаас тодруулж, нягталлаа.

Х.Нямбаатар: Хэвлэл мэдээллийн зөвлөлийг Х.Мандахбаяр удирддаг. Зөвлөлийг байгуулахдаа олон нийтийг бүрдүүлж чадаагүй - ХУДАЛ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Хэвлэл мэдээллийн зөвлөл /ХМЗ/-ийг Х.Мандахбаяр удирддаг, гишүүд нь түүний захиалгаар бичдэг гэж ойлгодог бололтой. Тус зөвлөлийн гишүүдийн нэрс дотор ”Мандахбаяр” гэсэн нэр байхгүй байгааг уншигч та бүхэн харж байна.

Бид тус зөвлөлийн тэргүүн Г.Гүнжидмаагаас энэ талаар тодруулахад “Х.Мандахбаяр Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн тэргүүн байсан бөгөөд Хэвлэл мэдээллийн зөвлөлтэй ямар ч холбоогүй. Эсрэгээрээ тэр хүн ХМЗ-ийг шүүмжилдэг. ХМЗ нь 2015 онд байгуулагдсан, бие даасан гурван тусдаа бүлгээс бүрдсэн нийт 45 гишүүнтэй. Бүлэг бүр нь эзэд, хэвлэн нийтлэгчид, сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн мэргэжилтнүүд болон эвсэл холбоодоос ижил тооны төлөөллөөс бүрддэг” гэв.

Мөн тус зөвлөлийн бүтэц бүрэлдэхүүн, гишүүд сонгон шалгаруулалтын талаар мэдээлэл олон нийтэд ил байдаг. Гишүүн сонгон шалгаруулж авах өөрийн гэсэн тогтсон стандарттай аж. Дэлгэрэнгүйг ЭНД дарж үзэх боломжтой.

Х.Нямбаатар: ОХУ-д гурван мянгаас дээш дагагчтай бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл гэж үзэж байна - ХУДАЛ

Нийгмийн сүлжээний хэрэгслүүд нэг талаар хэвлэл, мэдээллийн үүргийг гүйцэтгэх ч албан ёсны “хэвлэл мэдээллийн хэрэгсэл” биш тул мэдээллийн үнэн байдлын, хэл найруулга, хэлний хэм хэмжээний талаасаа хариуцлага хүлээлгэх боломжгүй хэрэгсэл юм. Тиймээс үүнд олон дагагчтай, олны анхаарлын төвд байдаг хувь хүн, байгууллагуудын ёс зүйн асуудал хамгийн чухал үүрэгтэй болж таарна. Тийм учраас хяналт багатай энэ орчинд нийгмийн харилцаанд нөлөөлөх сөрөг нөлөө нь харьцангуй их байх тохиолдол бий. Үүнийг Х.Нямбаатар гэлтгүй олон хүн мэднэ.

ОХУ 2014 онд олон дагагчтай цахим хэрэглэгчдэд эрх зүйн хариуцлага хүлээлгэх хуулийн зохицуулалт хийсэн. Ингэхдээ 3000-аас дээш дагагчтай хэрэглэгчдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй ижилтгэн ойлгохоор болсон. Харин үүнийг тухайн үеийн хүний эрхийн байгууллагууд үг хэлэх эрх чөлөө, хүний эрхийн суурь үнэт зүйлд халдаж байна гэж үзсэн. Нийгэмд олон нийтийн шүүмжлэл их байсан учир Төрийн думын 2017 оны долдугаар сарын 29-ний өдрийн 276 тоот тогтоолоор дээрх заалтыг хүчингүй болгосон.

Х.Нямбаатар: Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар Хэвлэл мэдээллийн зөвлөл судалгааны материал өгөөгүй - ХУДАЛ

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн тэргүүн Г.Гүнжидмаа: Хэвлэл мэдээллийн зөвлөл бүх шаардлагатай мэдээллээ өнгөрсөн хугацаанд Хууль зүй, дотоод хэргийн яамд хүргүүлсэн. Бүр 50 хуудас материал өгсөн. Х.Нямбаатар мэдэн будилав уу, худал хэлэв үү. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль батлахаас өмнө манайх болон Глоб Интернэшнл ажлын хэсгээс гарсан. Шалтгаан нь төрөөс гүн зохицуулалт хийх асуудлыг Х.Нямбаатар бидэнд тулгасан. Манайхаас хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалт яаж явдаг талаар туршлага судлая гээд судалгаа хийгээд хэвлүүлсэн. Тэрийг ч мөн ажлын хэсэгт нь өгсөн. Хэвлэлийн зөвлөл гишүүддээ үйлчилдэг байгууллага биш. Олон нийтэд үйлчилдэг.

Х.Нямбаатар: Хууль зүй, дотоод хэргийн өмнөх сайдууд, ерөнхий прокурорууд дээрэм хийсэн - ТОДОРХОЙ БИШ

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар мөн “Өмнөх Хууль зүй, дотоод хэргийн сайд шиг, Ерөнхий прокурор шиг бизнесменүүдээ дээрэмдэж тонохгүй байя” гээд ам алдчихав. Үүгээрээ тэрбээр өмнөх хууль зүй, дотоод хэргийн сайд, УЕП-уудыг бүхэлд нь хулгайч гэж нэрлэв. Би лав сэтгүүлчийн хувьд Ц.Нямдорж, Х.Тэмүүжин нарыг хулгай хийгээд ял авлаа, торгууллаа гэж сонсоогүй. Шүүхээр тогтоогдоогүй тохиолдолд ямар ч хүнийг хулгайч нэрлэж болохгүйг сайд гуай сайн мэдэж байгаа байлгүй дээ.

Х.Нямбаатар: Бүх телевизийн ард нэг улс төрч байгаа - БҮГД БИШ

Монгол Улсад хэвлэл мэдээллийн 485 байгууллага үйл ажиллагаа явуулж байна. Үүний 131 нь телевиз. ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатарын хэлсэнчлэн бүх телевизийн эзэмшигч нь улс төрч гэдэг худлаа. Тухайлбал, “МН-25″ телевиз З.Алтайнх, Монгол телевиз “Гацуурт” ХХК-ийн ерөнхий захирал Л.Чинбатынх бол UBS телевиз СГЗ, ая зохиогч Л.Балхжавын, NTV телевиз Шунхлай группийн мэдэлд байдаг.

ЭНЭ сайтад зочилсноор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудын эзэмшигчдийг харж болно.

Х.Нямбаатар: Монгол Улс үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, жагсаал цуглаан хийх эрхийн үзүүлэлтээрээ дэлхийд дээгүүрт ордог- ХУДАЛ

Хил хязгааргүй сурвалжлагчид (RSF) байгууллагаас дэлхийн 180 орныг хамруулан хэвлэл мэдээллийн эрх чөлөө, хэвлэл мэдээллийн байгууллагуудын хараат бус байдал, сэтгүүлчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд нөлөөлж буй хүчин зүйл зэрэг олон үзүүлэлтийг харгалзан Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индекс жил бүр гаргаж англи, орос, хятад, солонгос зэрэг 20 гаруй хэлнээ орчуулан түгээдэг. Тус байгууллагаас 2020 онд гаргасан судалгаагаар Монгол Улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө 73 дугаарт бичигдэж байна. 2015 онд 54 дүгээрт бичигдэж байсан бол таван жилийн дараа ийнхүү 19 байр ухаржээ.

Мөн Вашингтонд төвтэй “Freedom house” судалгааны төвөөс 1973 оноос эхлэн дэлхийн орнуудын эрх чөлөөний индексийг жагсааж ирсэн. Иргэний болон улс төрийн эрх, иргэний эрх чөлөө гэсэн хоёр төрлөөр хэмжиж нийлбэр оноог гаргадаг. Үүнд, үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхүүд багтдаг. Монгол Улс нь авбал зохих 100 онооноос 2013-2020 оны хооронд 84-86 оноо авч ирсэн бөгөөд 2019 оны байдлаар дэлхийн улсуудаас 53 дугаар байрт жагсаж эрх чөлөөт орны тоонд орж байна. Хил хязгааргүй сурвалжлагчид олон улсын байгууллагаас гаргадаг хэвлэлийн эрх чөлөөний индексээр 2020 онд 180 орноос 73-р байрт эрэмбэлэгдэж байгаа нь “мэдэгдэхүйц асуудалтай” орны тоонд орсон хэвээр байна. Энэ нь өмнөх оноос 3 байр ухарсан үзүүлэлт юм. Тэгэхээр Х.Нямбаатар сайдын хэлснээр Монгол Улс нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, тайван жагсаал цуглаан хийх, эвлэлдэн нэгдэх эрхээрээ “хамгийн дээд, абсолют буюу дээгүүрт ордог” гэсэн нь худал мэдээлэл болж байна.,

Эх Сурвалж: Unuudur.mn


URL: