Сөүлд халдвар авах эрсдэлтэй хүмүүсийг шинжилгээнд хамруулна
БНСУ-ын нийслэл Сөүл хотын засаг захиргаа коронавирусний халдвар тархах өндөр эрсдэлтэй байгууллагуудад ажилладаг бүх ажилтанд “COVID-19”-ийн шинжилгээ хийнэ гэж мэдэгдлээ. Сөүл хотын захирагчийн үүргийг гүйцэтгэгч Сё Жён Хюпийн мэдээлснээр, дуудлагын төв, хүргэлтийн компани, зоогийн газар, оёдлын үйлдвэр зэрэг олон ажилтантай газрууд, халдвар тархсан тохиолдолд олон хүн нас барж болзошгүй асрамжийн газар, хүүхдэд харах үйлчилгээний газруудын ажилтнуудыг шинжилгээнд хамруулах ажээ. Мөн урьдчилан сэргийлэх төлөвлөгөөний хүрээнд нийтийн тээврийн хэрэгсэл, таксины жолооч нар, шашны байгууллагын ажилтнуудад шинжилгээ хийнэ. Түүнчлэн Сөүлийн бүх иргэнийг шинжилгээнд хамруулах зорилтын дагуу өдөрт хийж буй шинжилгээний тоог 37 мянгад хүргэж нэмэгдүүлэхээр төлөвлөжээ.
Сөүлийн засаг захиргааны мэдээллээр, нийслэл хотод даваа гарагт хийсэн, сайн дурын, үнэгүй шинжилгээнд хамрагдсан 2240 хүний 17-гийнх нь шинжилгээний хариу эерэг гарсан байна. БНСУ-д лхагва гарагт “COVID-19” халдварын 1078 шинэ тохиолдол илэрсэн нь тус улсад өдөрт бүртгэгдсэн хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Шинээр илэрсэн тохиолдлуудын 370 нь Сөүлд илэрчээ.
URL: