Майк Тайсон: “Төмөр нударгын” сохор дурлал.

175620574859934385_850_x_850

Боксын түүхэнд маш олон алдартай авьяаслаг тамирчид байдаг. Гэсэн ч олны дундаас хамгийн хамгийн гэсэн нэг од бий. Тэр бол яахын аргагүй мэргэжлийн боксын дэлхийн аварга “Төмөр” хэмээх хочит Майк Тайсон гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Дэндүү ээдрээтэй амьдрал нь энэхүү агуу тамирчны авьяасыг эрт бөхөхөд хүргэсэн нь харамсалтай гэж хэлэхэд багадмаар.

Майк 1966 оны 7 дугаар сарын 30-нд Нью-Йорк хотод төржээ. Түүний бага нас Нью-Йорк хотын хамгийн ядуу дүүргүүдийн нэг болох Браунсвильд өнгөрсөн юм. Архичин эцэг Парсель Тайсон нь Майкийг төрөхөөс өмнө гэр бүлээ хаян явсан аж. Өрх толгойлсон эх нь гурван хүүхдээ өлсгөхгүйн тулд халуун усгүй халаалтгүй нэг өрөө байранд олон жил толгой хорогдон суусан гэдэг. Багадаа хэтэрхий зөөлөн байсан Майк том ах Родни болон хөрш айлуудын хүүхдүүдэд байнга дээрэлхүүлэн зодуулдаг нэгэн байжээ. “Би байнга хөргөгчний ард суух дуртай байсан. Учир нь Родни намайг тэнд байгааг мэддэггүй байсан” гэж хожим Майк дурссан байдаг. Гэвч 10 нас хүрэхийн алдад Майк бие бялдрын хувьд ч сэтгэл санааны хувьд их өөрчлөгдсөн юм.

Тэр үед Майк тагтаа тэжээдэг байсан бөгөөд тэр нь насан туршийнх нь хамгийн дуртай хобби нь болсон билээ. Нэг удаа тэдний амьдарч байсан гудамжны танхай этгээдүүдийн нэг Майкын гараас нэгэн тагтааг булааж аван толгойг нь хуга мушгиж орхижээ. Өрөөсөө хэдэн насаар ах тэр танхай этгээдийг уур хилэн нь бадарсан Майк нэвширтэл нь зодсон аж. Хэн ч түүнээс ийм хүч чадал ийм уур омог гарна гэж бодоогүй билээ. Энэ явдлаас хойш Майкыг гудамжны хөвгүүд их үнэлэх болсон аж. Тэд Майкыг өөрсдийн хүрээндээ оруулж хулгай хийх, дэлгүүр дээрэмдэх,хүн зодоход уруу татан оролцуулах болсон юм. Энэ бүх үйлдлүүдийнхээ дараа Майк хууль хяналтын байгууллагуудын хяналтад орох нь мэдээж хэрэг. 13 настай Майк ээлжит зодооныхоо үеэр нэгэн бандийг хүндээр гэмтээн насанд хүрээгүй гэмт хэрэгтнүүдэд зориулсан тусгай хорих сургуульд оржээ. Тэгэхэд 80 кг жинтэй Майк хэдийн засаршгүй хулиган гэсэн тодотголтой болсон байлаа. Уур хилэнгээ барьж чадахаа больсон үед нь Майкыг хэд хэдэн насанд хүрсэн том эрчүүд арай гэж тайвшруулдаг байжээ. Гэвч Майкад аз таарсан. Түүний сурч байсан хорих сургуульд урьд нь мэргэжлийн боксчин байсан Бобби Стюарт гэгч биеийн тамирын багшаар ажилдаг байв. Майк түүн дээр очин боксчин болох хүсэлтэйгээ хэлжээ. Стюарт өөдөөс нь нэг болзол тавьсан аж. Хатуу сахилга бат. Дасгал сургуулилт эхэлсэн мөчөөс авахуулаад өдрөөс өдөрт Майкын сахилга бат сайжирсаар байлаа. Хэсэг хугацааны дараа Стюарт өөр нэгэн болзол тавьжээ. Хэдий чинээ Макын сурлага сайжирна төдий чинээ дасгал сургуулилт чанаржина гэсэн болзол биеллээ олж эхэлсэн байна. Оюуны хомстолтой гэж тооцогдож байсан Тайсоны сурлага мэдэгдэхүйц сайжирсан гэдэг. Майк боксоор өвчилж эхэлжээ. Түүнийг шөнийн 3 цагт ч гэсэн биеийн тамирын танхимд дасгал хийгээд байж байхыг багш нар анзаардаг болов. Таван жилийн өмнө хүнд жингийн боксын тэмцээнд хүч үзэж байсан Стюарт арван дөрөвхөн настай Майктай дасгал хийсний дараа хөл дээрээ тогтож чадахгүй шахуу болдог байлаа. Удалгүй шавь нь өөрөөс нь илүү болж байгааг Стюарт мэдрэн Майкыг хоёр ч дэлхийн аваргыг төрүүлсэн домогт дасгалжуулагч менежер Кас Д’Амато дээр дагуулж иржээ. Тухайн үед Д’Амато их спортоосоо холдон голцуу хүмүүжлийн доголдолтой хэцүү хүүхдүүдтэй ажиллаж байлаа. Майкыг боксын рингэн дээр гаран хөдөлж эхлэхэд л Д’Амато түүнийг боксчин болохоор төрсөн хүү байна гэж мэдэрчээ. Майкыг 15 нас хүрдэг жил түүний ээж нь нас барьж Д’Амато хүүгийн халамжлан хүмүүжүүлэгч болж гэртээ амьдруулах болсон аж. Энэ үеэс эхлэн Майк сонирхогчдын боксын дэвжээн дээр хүч үздэг болсон юм. Тэрбээр мэргэжлийн боксод орох хүртлээ нийт 30 гаруй удаа тулалдахдаа 6 удаа ялагдаж байв. Тэрхүү 6 ялагдлын дотор Майкын өөрийнх нь хэлснээр хамгийн харамсалтай хожигдол нь олимпын эрхийн төлөө тулаан байжээ. Гэвч ердөө хэдхэн жилийн дараа түүнийг олимпын эрхийн төлөө тулаанд ялж аварга болсон Генри Тильман гэдэг боксчин мэргэжлийн боксод шилжин Тайсонтой хүч үзэхэд Майк түүнийг нэгдүгээр раунданд накаутаар ялж байсан билээ. Ингээд 1985 оны 3дугаар сарын 4-нд Майк Тайсон анх удаа мэргэжлийн боксын дэвжээн дээр гарсан юм. Тэрбээр эхний жилдээ нийт 15 тулаан хийж бүгдэд нь хугацаанаасаа өмнө ялалт байгуулсан аж. Боксын мэргэжилтнүүд Каса Д’Аматог удахгүй дэлхийн аварга болох хүнд жингийн төгс тамирчныг бий болгожээ гэж шуугьж эхлэв. Харамсалтай нь Д’Амато тэр баярт мөчийг үзэж чадаагүй юм. Тэрбээр 1985 оны өвөл 77 настайдаа уушигны хатгаа өвчнөөр нас баржээ. Түүний үхэл Майкын хувьд асар хүнд цохилт болсон гэдэг.Гэсэн ч Д’Аматогийн гайхалтай сайн баг Майкыг хүрээлсэн хэвээр байсан билээ. Майк тэдэнтэйгээ хамтдаа спортын оргилд хүрсэн юм. 1986 онд Майкын хийсэн хорь гаруй тулаанаас ердөө хоёрхон тамирчин л өөрийнхөө хоёр хөл дээр дэвжээнээс буусан билээ. Энэ оныхоо 11 дүгээр сард хорин настай Майк Тайсон дэлхийн аваргын төлөө анхны тулаанаа хийж хоёр дугаар раундандаа өрсөлдөгчөө илт давуугаар ялж дэлхийн боксын WBC холбооны үнэлэмжээр дэлхийн аваргын бүсийг зүүжээ. Тэрбээр нэг жилийн дотор дэлхийн боксын дөрвөн том хамгийн нэр хүндтэй WBC, WBА, IBF холбоодын явуулсан дэлхийн аваргын төлөөх тулаанд бүгдэд нь түрүүлэн алтан бүсийн эзэн болсон юм.

Майкын боксын амжилт гэрлийн хурдаар өсөхийн зэрэгцээ түүний нэр алдар олон улсад түгээд зогсохгүй энэ дэлхийн бүх хар арьстнуудын бахархал болж байлаа. Түүний зураг ярилцлага сонин сэтгүүлүүдэд хэвлэгдэн, телевизийн олон янзын шоунд уригддаг болжээ. Тэдгээр шоунуудын нэгэн дээр Тайсон Голливудын залуу жүжигчин Робин Гивенстэй танилцсан аж. Тэд эхний удаа утасны дугааруудаа солилцоод л өнгөрч. Тайсоныг өмнө ээлжит чухал тулаан хүлээж байлаа. Тамирчны анхаарал нэг л сайн төвлөрч өгөхгүй байхыг дасгалжуулагч Кевин Руни анзаарачээ. Майк байн байн завсарлага аван хаашаа ч юм утсаар залгах аж. Сүүлдээ дасгалгалжуулагчийн тэвчээр барагдан “Бурхан минь тэр Майкын залгаад байгаа хүн нь утсаа аваад өгөөсэй” гэж чангаар дуугарсан гэдэг. Хожим ганц Кевин Руни ч биш америкчууд бүгд “ямар гайгаараа тэр утсаа авав аа” гэж халаглах юм гэж хэн санах билээ. Майкын зогсоо зайгү залгаад байсан тэр хүн нь Робин Гивенс ажээ. Майк Тайсон дурласан байлаа. “Төмөр нударга” хэмээх хоч авсан энэ хүчтэй эрийг хүнд дурлах чадвартай гэж олон нийт өмнө нь огт бодож байгаагүй ажээ. Ингэж бодохын хэрээр Робинтай хаа л бол хаа явах Майкыг хараад Америкийн нийгэм тэр чигтээ амаа ангайсан билээ. Тэр огт өөр болсон байв. Майкын харц зөөлрөн мөн тэр үргэлж инээмсэглэн явах болжээ. “Тэр үнэхээр ухаанаа алдсан” гэж Тайсоны тухай түүний багынхан ярьж байсан юм. Дасгал сургуулилтаас өөр юм мэддэггүй байсан Тайсон ихэнх цагаа Лос-Анжелесд өнгөрөөх болжээ. 1988 оны 2 дугаар сард жил гаруй үерхсэний дараа Майк Робин хоёр гэрлэсэн билээ. “Нэгийн үнээр хоёрыг” гэж америкчуудын нэг зүйр үг байдаг. Энэ үг Тайсоны гэрлэлтийг ямар ч давхар тайлбарлалтгүйгээр тодорхойлж болох байлаа. Тайсоны хоёр дахь “эхнэр” нь түүний хадам буюу Робины эх Руп Роупер гэгч байв. Эх охин хоёр хамгийн түрүүнд Майкын санхүүгийн байдалд асар их анхаарал хандуулах болжээ. Гэрлэснийхээ нэг долоо хоногийн дараа л тэд Майкын менежер Билл Кейтоноос санхүүгийн тайланг бэлдэж өгөхийг шаардсан байдаг. Майкын хадам эх шинэхэн гэрлэсэн хосуудад шинэ байр хэрэгтэй гэж үзэн 4,5 сая долларын үнэтэй байшин худалдаж авахаар болжээ. Кейтон өөрөөс нь шаардсан тайланг гаргаж өгсөн ч шинэ байрны тухайд Майк өрөө шиднэ гэж хэлжээ. Үүнээс болж Майкын хүүхнүүд болон менежерийн хооронд зөрчилдөөн үүсэн юм. Ганц менежер ч биш. Майкын бүхэл баг тэдгээр бүсгүйчүүдтэй хэл амаа ололцож чадахгүй байв. Энэ тухай хэдийнээ олж мэдсэн хэвлэл мэдэллэхний асуултанд “Би эхнэртээ хамгаас их хайртай. Бусад эрчүүд эхнэрүүдээ сүүдэр мэт байлгахыг хүсдэг. Би тэднээс өөр. Миний санхүүгийн байдалтай танилцах нь миний эхнэрийн эрх. Хэрэв тэр миний данснаас бүх мөнгийг авахыг хүссэн ч би татгалзахгүй” гэж Майк хариулсан байдаг. Харин түүний менежер Кейтон энэ тухай “Майк дурлачихсан. Харин цаад хүүхнүүд нь өөрийн бодолтой улсууд” гэсэн ярилцлага өгч байсан юм. Үүний хажуугаар Майк дасгал сургуулилтаа байн байн таслах болсон ажээ.

Анхны эхнэр  Робин Гивенсын хамт

1988 онд Майкын багын гол гишүүн болох Жим Жекобе нас барсан юм. Энэ хүн бол Д’Аматогоос хойш Майкыг зөв зам дээр нь барьж чадаж байсан цорын ганц хүн байлаа. Түүнийг нас барсны дараа Майкын эргэн тойронд боксын ертөнцийн “хар эзэд” эргэлдэх болсон юм. Хэрэв Д’Амато болон түүний баг Майк Тайсоны дотор байсан тэр зэрлэг догшин араатныг дарж хяналтдаа байлгадаг байсан бол “хар эзэд” түүнийг нь ил гаргасан аж. Боксын тулалдаан илүү харгис илүү хэл амтай болох тусам илүү их мөнгө тэдний халаас руу урсана. 1988 оны долдугаар сарын 17-нд Тайсоны Спинкстай хийх тулалдааны яг 10 хоногийн өмнө Робин нөхөр нь байнга зоддог гэсэн шуугиан тарьсан мэдэгдэл хийжээ. Энэхүү мэдэгдлийг Робины ээж дэвэргэн нотолсон нь мэдээж. Хэрэв Тайсон урьд нь өрсөлдөгчдөө хугацаанаас өмнө ялдаг байсан бол энэ удаа тэрбээр бүтэн 13 раундыг арай гэж өнгөрөөсөн гэдэг. Робин иймэрхүү мэдэгдлийг нэг биш удаа хийж байжээ. Бас нэгэн хэл ам дагуулсан явдал 1989 оны өвөл болсон автын осол юм. Тайсоны гэр бүл Нью-Йоркоос Нью-Жерси машинаар явж байхдаа замын хажууд зогсож байсан машиныг очоод мөргөсөн аж. Эхнэр Гивенсын нотолсноор бол зам хөндлөн гүйсэн муурыг дайрахгүй тулд Майк жолоогоо хэтэрхий их мушгисны улмаас осол гарсан бол болсон явдлыг харсан этгээдүүдийн үгээр бол эхнэр нөхөр хоёр машиндаа маргалдаж зодолдсоноос осол гарчээ. Хэргийн газар ирсэн цагдаа нарт Майк “Би хариуцлагаа хүлээнэ ээ. Харин та нар үүнийг ав” гээд хажуугийн шил мөн бамбер нь хагарсан ч цоо шинэхэн бэнтли машинаа өгчөөд явсан гэдэг.Майкын хувийн амьдралыг хажуугаас харсан хүмүүс түүний эхнэр болох Робин Гивенс гэгч тамирчинтай урт удаанаар амьдрах хүн биш гэдгийг бүгд ойлгож байлаа. Тэд хамгийн сүүлд нэгэн телевизийн ярилцлагад хамтдаа оржээ. Тэр ярилцлага дээр Робин нөхрийгөө ёстой шавар шавхайтай хутгаж өгсөн аж. Харин Майк ганц үг дуугараагүй бөгөөд эхнэр рүүгээ өрөвтөлтэйгээр ширтсээр суусаар байжээ. Тэр өрөвдөлтэй харцанд Робиныг асар ихээр хайрласан шинж байсан гэдэг. Долоо хоногийн дараа Робин Гивенс салах өргөдлөө дүүргийнхээ шүүхэд өгсөн юм. Энэ түүхэнд нэг л юм ойлгомжгүй байдаг. Яаж тэр турьхан бүсгүй “төмөр нударга”-ын аяыг дааж байсан байнаа. Мөн хэн ч хэзээ ч түүнийг хөхөрч бяцарсан нүүр амтай явж байхыг хараагүй байдаг. Ямарч байсан эх охин хоёр Майкаас хүссэн зүйлээ буюу бүх хөрөнгийнх нь 10 хувийг аваад салсан аж. Түүнээс хойш Майкын амьдрал нь ч спортын амжилт нь ч уулын уруу өнхрөх бөмбөг шиг уруудсан билээ.

Тайсон хоёр дахь эхнэр Моникх Тернерын хамт. Хүүхдийн эмч эл бүсгүйтэй Майз зургаан жил амьдарсан бөгөөд хоёр хүүхдийн аав ээж болсон юм. Зургаан жилийн гурав жилийг нь төмөр нудагра  хүчийнгийн хэргээр шоронд өнгөрөөсөн  аж. 

1997 оны 7-р сард болсон Майк Тайсон, Эвандер Холифилд нарын  даагаа нэхэх   тоглолт нь  гэнэтийн зэрлэг ч гэмээр  төгсгөлөөрөө дэлхий дахинд үүрд дурсагдан үлдсэн билээ.  Тайсон өрсөлдөгчийнхөө чихний  нэгээхэн хэсгийг тас хазсан юм.

Тайсон гухав дахь эхнэр  Лакия Спайсертай 25 жил амьдарч байна.“Би Лакиятай учирч,  гэр бүл болсонд бурханд талархаад баршгүй. Тэрээр намайг аварсан юм. Хар тамхийг ялсан нь миний амьдралын хамгийн том ялалт. Энэ ялалт бол миний эхнэрийн гавьяа юм” гэж Майк ярьсан байдаг.

Энэ зургийг хараад танд ямар мэдрэмж төрж байна гэсэн сэтгүүлчийн асуултад Майк “хачирхалтай  мэдрэмж. Энэ зурган дээрх хүн хэзээ ч над шиг ийм гэр бүлийг бий болгож чадахгүй байсан гэдгийг би мэднэ. Энэ хүн тэр гэр бүлийг сүйтгэнэ.  Тиймээс би түүнийг үзэн ядаж байна” гэж хариулжээ

Өнөөдөр Майк Тайсон   гэр бүл үр хүүхэд гэргийгээ хайрлан дээдлэн, амьдралдаа сэтгэл хангалуун амьдарч байна.  Тэрбээр сэтгэлийн татгарлыг Исламын шашны сургаалиас олжээ. 


URL: