“Эрэл”-ийн Б.Эрдэнэбат 120 сая төгрөгийн торгууль төлөөд батлан даалтад гарахаар болжээ
“Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбатын давж заалдах шатны шүүх хурал өчигдөр Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд найман цагийн турш үргэлжиллээ. Улмаар шүүхээд хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан байна. Мөн Б.Эрдэнэбатыг 120 сая төгрөгийн торгууль төлөөд батлан даалтад гаргах шийдвэр гаргажээ.
Хэргийг сануулбал, “Эрэл” компанийн ТУЗ-ийн дарга Б.Эрдэнэбат, эхнэр Д.Сэргэлэн нарт холбогдох шүүх хурал өнгөрсөн наймдугаар сард Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болж, шүүхээс Б.Эрдэнэбатад 7 жилийн хорих ял, эхнэр Д.Сэргэлэнг гэмт хэрэгт холбогдолгүй хэмээн үзэж, цагаатгасан байдаг. Улмаар Б.Эрдэнэбатаас 20 тэрбум 6 сая 375 мянган төгрөгийг гаргуулж Ш.Баярсайханд олгуулахаар шийдвэрлэжээ.
Тодруулбал, “Номин холдинг” компанийн захирал Ш.Баярсайхан нь Б.Эрдэнэбатын үүсгэн байгуулсан “Ариг” банк, “Байшин үйлдвэрлэх компинат-1” үйлдвэр зэрэгт хөрөнгө оруулж хувьцаа эзэмшигч болсон байна. Ингэхдээ “Ариг” банк, “Байшин үйлдвэрлэх компинат-1” зэрэгт оруулсан мөнгөө 1.59 хувийн хүүтэйгээр буцаан авах гэрээ байгуулсан аж. Гэвч энэ үүргээ Б.Эрдэнэбат биелүүлээгүй.
Иймээс түүнийг бусдаас 20 тэрбум төгрөг залилж авсан, мөнгө угаасан гэж үзэн, дээрх ялыг оногдуулсан байсан ч ийнхүү давж заалдах шатны шүүх хэргийг прокурорын байгууллагад буцаажээ.
URL: