Гадаад өр гамшгийн хэмжээнд хүрлээ

62ec1d35c7cc2cb7bb0d730391eec05d

УИХ-ын энэ сарын 3-ны өдрийн чуулганаар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллагаас 25 тэрбум иен буюу ойролцоогоор 233 сая орчим ам.долларын зээл авах асуудлыг хэлэлцэв. Засгийн газраас гадаад өрийн хэмжээг нэмэгдүүлэх зээлийн асуудлыг УИХ-д оруулж ирдэг, гишүүд түүнийг нь ярсхийтэл гар өргөн батлаад явуулчихдаг байдал сүүлийн жилүүдэд хэвийн үзэгдэл болсон.

Түүгээр зогсохгүй, “Бага хүүтэй зээлийг авах ёстой”, “Дахин олдвол авах хэрэгтэй” зэргээр пи-ардах нь энүүхэнд. Гэхдээ зээлийг чухам юунд зарцуулах талаар УИХ-ын гишүүд сонирхож байсангүй. Энэ удаагийн Японы “хямд зээл” ердөө төсвийн алдагдал нөхөхөд зориулагдах юм. Өөрөөр хэлбэл, марзан хөшөө, шат шатны Засаг дарга нарын ордон, “дарга” сэтэртний люкс зэрэглэлийн унаа гэх мэт хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх нь тодорхой боллоо.

Энэ удаа УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: “Монгол Улсын гадаад өр сэтгэл эмзэглүүлж байна. Гадаад өрийн хэмжээ талийлаа. Өр тавьж төсвийн алдагдлаа нөхөх нь эдийн засгийн хувьд хараат болж байгаагийн илрэл” гэж тэсвэр алдан хэллээ. Харин Сангийн сайд “2016 онд Засгийн газрын өр ДНБ-ний 78.8 хувь байсныг 57.2 хувь болгож, 21.6 пунктээр буулгаж чадсан.

Өөрөөр хэлбэл, эдийн засаг, төсөвт ирэх ачааллыг хөнгөвчилсөн. 8-9 их наяд төгрөгийн өрийг барагдуулсан” гэж бэлэн бэлтгэсэн текстээ дуржигнуулж харагдсан.Бодит байдлыг авч үзвэл, түүнийг Сангийн сайдаар ажиллах хугацаанд Засгийн газрын өр зургаа, долоо гэж явсаар найман тэрбум ам.долларын босго даваад байна. Засгийн газрын өр нэмэгдсэн асуудлыг Сангийн сайдтай холбож буй шалтгаан маш энгийн.

Сүүлийн жилүүдэд Сангийн яамнаас боловсруулж, УИХ-д өргөн барьсан улсын төсвийн алдагдал хоёр их наяд төгрөгөөс буурсангүй. 2017-2019 онд төсвийн алдагдал нийлбэр дүнгээрээ долоон их наяд төгрөг болжээ. Хэдхэн сарын өмнө 2020 оны төсвийн тодотгол хийхэд төсвийн алдагдал 4.8 их наяд төгрөг буюу Монгол Улсын төсвийн орлогын бараг тал хувьд хүрсэн.

Ийнхүү өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд бараг 12 их наяд төгрөгтэй тэнцэхүйц хэмжээний алдагдалтай төсөв өргөн барьж батлуулж чаджээ. 12 их наяд төгрөг гэдэг бол асар их хэмжээний хөрөнгө. Монгол Улсын бүтэн жилийн төсвийн нийт орлогын хэмжээтэй дүйцнэ.

Монголбанкны гурван их наяд төгрөгийн ипотекийн хөтөлбөрийн хүрээнд 2013-2016 онд 80 мянган айл орон сууцанд орсон гэдэг хэмжүүрээр тооцвол 320 мянган ширхэг тохилог орон сууц бариад иргэдэд үнэгүй бэлэглэчих хэмжээний хөрөнгө “төсвийн алдагдал” болон хувирчээ. Татвар төлөгчдийн мөнгөөр бүрдэх улсын төсөвт ингэж хүйтэн сэтгэл гаргах гэж байх уу. Улсын төсвийн алдагдлыг Засгийн газрын өрийг нэмэгдүүлж гадаад дотоодын зээлээр барагдуулж ирлээ.

Энэ үйлдлээ төсвийн хуулиар баталгаажуулдаг учраас төсвийн авторуудын дураараа дургилтад ямар нэгэн хариуцлага тооцох боломжгүй болчихож байгаа юм. 2017 оны улсын төсвийн 14 дүгээр зүйлд, “Засгийн газрын 2017 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 4,610,299.7 сая төгрөгөөр баталсугай” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, ганцхан жилд дөрвөн их наяд 610 тэрбум төгрөгөөр Засгийн өрийг нэмэгдүүлж алдагдлаа нөхөх орон зай гаргаж өгч. Дараа жил нь “Засгийн газрын 2018 оны төсвийн жилд нэмэгдүүлэх өр болон өрийн баталгааны дээд хэмжээг 2,583,181.9 сая төгрөгөөр баталсугай” гэсэн заалт бий.

Харин 2019 онд энэ тоо 2,169,099.9 сая, 2020 онд 4,850,755.9 сая төгрөгийн хэмжээнд хүрснийг Legalinfo.mn сайтад байршсан тухайн жилийн төсвийн тухай хуулиас харж болно. Ийнхүү дөрвөн жилийн хугацаанд УИХ-ын гишүүд нийт 12 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв баталжээ. Алдагдлаа хаах 14 их наяд төгрөгийн өр болон өрийн баталгааны хэмжээг ч хуульчлахаа тэд мартсангүй.

Өөрөөр хэлбэл, төсвийн алдагдлыг нөхөх арга замыг “зээл авч, өр өсгө” гэж зааж өгсөн хэрэг. Алдагдлаа нөхсөн зээлийн өрийн хэмжээ тухайн жилдээ хуульд заасан хэмжээгээр төлөгдсөөр есөн их наяд төгрөгт хүрчихэж. Ийнхүү Сангийн сайдын төлсөн гэх өрийн үүсэж бий болсон шалтгаан өнгөрсөн дөрвөн жилийн эрх баригчдын өөрсдийнх нь үйл ажиллагаатай шууд холбогдоно.

Харин одоо “өрийн хэмжээ” буурсан тухай тайлбарлаж өгье. Ч.Хүрэлбаатар сайд “Засгийн газрын өр”-ийн хэмжээг яг хэдэн төгрөгөөр буурсан талаар тодорхой тоо хэлж байсангүй. Харин өрийн ДНБ-д оногдох хувь багассан талаар л ярьдаг. Өрийн удирдлагын тухай хуулийн 4.1.1-д, “өр гэж өрийн хэрэгслээр дамжуулан тодорхой хугацаанд төлөх хүү, үндсэн төлбөр болон холбогдох бусад төлбөрийн үүргийг” хэлнэ гэж маш тодорхой заасан байдаг.

Тийм учраас Засгийн газрын өрийг ДНБ-д харьцуулсан хувиар биш, иргэдэд ойлгомжтой, хуульд заасан тодорхойлолтын хүрээнд бодит тоо хэлэх ёстой юм л даа.Харин “Өрийн өнөөгийн үнэ цэн”, “ДНБ-д харьцуулсан хувь” гэх мэт мэргэжлийн үг, хэллэгийг өрийн удирдлагын бодлого, өрийн зохистой түвшинг хангах, өрийн стратегийг хэрэгжүүлэх зэрэг мэргэжлийн түвшинд ашигладаг.

Эсвэл эрдэм шинжилгээний ажил, судлаачдын судалгаанд хэрэглэнэ. Уул уурхайн бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнээс хараат эдийн засагтай улсын хувьд ДНБ-ний хэмжээ огцом савлаж байдаг тул “Засгийн газрын өр”-ийг хувиар илэрхийлэх маш буруу. Үүнийг тайлбарлая. Өнгөрсөн жил Монгол Улсын ДНБ-ний хэмжээ 36 их наяд төгрөг хүрсэн.

2019 оны Төсвийн хүрээний мэдэгдэл буюу дунд хугацааны таамгаар манай эдийн засаг 2020 онд зургаан хувь өсөж, 40 их наяд төгрөгт хүрэх ёстой байв. Засгийн газрын өрийг 24 их наяд төгрөг гэж үзвэл ДНБ-ний 60 хувь болно. Гэтэл энэ оны гуравдугаар улирлын байдлаар Монгол Улсын эдийн засаг -7.3 хувийн уналттай байна.

Хэрэв оны эцэст энэ байдал хадгалагдана гэж тооцвол, ДНБ 33 их наяд 800 тэрбум төгрөг руу буурна. Энэ тохиолдолд, Засгийн газрын өрийн ДНБ-д харьцуулах хувь 71 хувь болж өснө. Өөрөөр хэлбэл, яг ижил хэмжээтэй өрийг ДНБ-д оногдох хувиар тооцоход хоёр өөр дүн гарч байгааг анзаарав уу.Иймэрхүү жишээг иргэдийн амьдралд ойртуулж үзье.

Тухайлбал, иргэн Батын гэр бүлийн сарын орлого нэг сая төгрөг (эхнэр, нөхөр тус бүр 500 мянган төгрөгийн цалинтай, өөр орлогогүй/ гэж бодъё. Тэднийх хөршөөсөө 500 мянган төгрөг зээлсэн бөгөөд энэ сард төлөх ёстой. Батын гэр бүлийн өрийг хувиар тооцвол сарын орлогынх нь 50 хувийг эзэлж байна. Гэтэл эхнэр нь 300 мянган төгрөгийн урамшуулал цалин дээрээ нэмж авахаар болжээ. Энэ тохиолдолд, Батын гэр бүлийн өр орлогынх нь 38 хувь болж буурна.

Эсрэгээрээ, урамшуулал биш 300 мянган төгрөгийн торгууль төлсөн бол энэ хэмжээ 71 хувь болж өснө. Бат эхнэрээ урамшуулал авмагц, “Би гэрийнхээ өрийн хэмжээг 50 хувиас 38 хувь хүртэл буурууллаа” гэж сайрхвал хөрш нь ойлгох уу? Батын гэр бүлийн орлого өссөн эсвэл буурсанаас үл шалтгаалж 500 мянга төгрөг хэвээрээ байх болно. Сангийн сайд яг ийм “тал еэвэн”-гийн үлгэр дөрвөн жилийн турш ярьж яваа юм. Уг нь бидэнд хэн нэгэн “эрх мэдэлт”-ний аманд орж хууртагдах шаардлага огт байхгүй.

Монголбанкны сайтаас Монгол Улсын нийт өр болон Засгийн газрын өрийн хэмжээг харах боломжийг хуулиар баталгаажуулсан байдаг. УИХ-аас 2015 онд баталсан “Өрийн удирдлагын тухай хууль”-иар Монголбанк, улсын нийт гадаад өр болон Засгийн газрын өрийн үлдэгдлийг улирал тутам Засгийн газартай хамтран гаргаж, олон нийтэд мэдээлэх үүрэгтэй.

Тиймээс Монголбанк дэлхийн улс орнуудын Төв банкны жишгээр Монгол Улсын нийт гадаад өрийн статистикийг 2010 оноос эхлэн боловсруулж, улирал тутам олон нийтэд мэдээлж байна. Ердөө дөрөвхөн жилийн дотор Засгийн газрын өр хоёр “Чингис” бондын хэмжээтэй нэмэгджээ. Зах зээлд хөл тавьсан 1991 оноос 2016 оны хооронд Монгол Улсын Засгийн газрын өрийн хэмжээ дөрвөн тэрбум 785 сая ам.доллар байжээ. Гэтэл өнгөрсөн дөрвөн жилд энэ хэмжээ найман тэрбум ам.доллар давж, даруй гурван тэрбум 266 сая ам.доллараар нэмэгдээд байна.

Ийм их хэмжээний өрийг өмнө нь аль ч УИХ, Засгийн газар “үйлдвэрлэж” байсангүй. Засгийн газрын өрийн хэмжээ ийнхүү аюулын харанга дэлдэх хэмжээнд хүрчээ. Монгол Улсын нийт гадаад өрийн хэмжээ эдийн засаг, тусгаар тогтнолын аюулгүй байдалд аюул занал учруулах хэмжээнд хүрчихээд байгааг Монголбанкнаас гаргадаг “гадаад өрийн статистик” баталж байна.

Гадаад өрийн хэмжээ огцом өсөх нь нийгмийг цочроож, элдэв хөдөлгөөн гарах, түүнийг бусад улс орон өөрийн эрх ашигт тохируулан ашиглах, тэр бүү хэл улс төрийн дэглэм солигдоход хүргэж байсан жишээ олон бий. Дэлхийн хэмжээний хоёр том гүрний дунд хавчуулагдсан “жижиг” орны хувьд “гадаад өрийн асуудал” төрийн хар хайрцагны хэмжээнд яригдах учиртай чухал асуудал юм сан.

Р. ДАВААДОРЖ

ЭДИЙН ЗАСГИЙН УХААНЫ ДОКТОР

ҮНДЭСНИЙ ШУУДАН СОНИН


URL: