“Нийгэм солигдож, нэгдэл бутарч, мал хувьчлагдаж, малчин залуужиж, мах элбэгшиж сайхан болж байна” гэж ярих нэг хэсэг байхад, нөгөө нэг хэсэг нь “Мал бараг 100 сая толгойд хүрэх дөхөж байгаа ч мах магнаг боллоо. Монгол хүний хэзээнээс нааш өдөр тутамдаа хэрэглэж, амьдралаа залгуулж ирсэн хүнсний гол бүтээгдэхүүн бол мах, гурил, сүү цагаан идээ л байсан. Энэ зах зээлийн нийгэмд бүх зүйл хувьчлагдсанаар цөөн хэсэг нь хагартлаа баяжиж, ихэнх хүн ам ядуурч, эрс тэс ялгаатай амьдарч байна” гэж сүүлийн 30-аад жил ярьсаар ирлээ. Хувийн өмч гэдэг бол хувийн л хөрөнгө. Бүхнийг хувьчлаад авсан пүүс, компаниудын аманд нь багтаж байгаа үнэн бодит амьдрал дунд бид шар өдөр, бор хоногийг өнгөрөөж байна. Улсын үйлдвэр, аж ахуйн чухал чухал обьектуудыг үнэгүйдүүлж байгаад хувьчилж авсан хүмүүс бол сайн сайхан л амьдарцгааж байна. Дэлгүүр, худалдаа үйлчилгээний газруудаас ямар ч юм худалдаж авахад тэд амандаа багтсан үнэ хэлнэ. Авбал ав, байвал бай” гэж намжирдан хээв нэг сууцгааж байдаг ч хувийн л юм болохоор яалтай ч билээ. Мал өсөж буй ч махны үнэ арай дэндүү болжээ. Өдөр хоногийг арайхийн өнгөрөөж байгаа ядуучууд, өвгөд хөгшид хонины нэг бүтэн гуя аваад шөл уучхаж чадахгүй болоод удаж байгаа. Махыг хөл, гуяар нь байтугай гэдэс дотрыг нь хүртэл граммаар авч байгаа тухай зөндөө ярьдаг. Саяхан цагаан толгойтой хоёр гурван буурлууд мах үнэтэй, ахиухан хэдэн килограммаар авч чадахгүй байгаагаа их бухимдангуй, шүүрс алдан ярилцаж суугааг би сонирхов. Тэд хонины шөлөө ууж чадахгүй хорвоогоос хальж байгаа таньдаг хүмүүсээ баримтаар жишээ авч ярьцгааж байна лээ. Манай монгол орны олон төрлийн эмийн ургамлаас сорчлон иддэг, малын чанар муудаж байгаа болон тэр дундаа эхийн хэвлийгээс унаад л хониныхоо уураг сүүл хөхөж өссөн монгол хүн насны эцэст аяга шөлөө ч ууж чадахгүй асуудал зөндөө байна. Хүүхэд, хөгшчүүлийн бие чилээрхэж, ядарч доройтох үедээ хонины гуяны махаар шөл хийгээд өгөхөд л духных нь хөлс чийхран тос дааварлаад, хоёр хацранд нь цус буугаад улаа бутраад ирдэг шүү дээ. Тэгэхэд одоо санасан цагтаа аяга шөл уучхаж чадахгүй байна гэж хэлээд санаа алдахыг харсан би бээр хөгшдөө өрөвдөхөөс цаашгүй байлаа. Зарим нэг юмыг төр, засгийн оролцоо зохицуулалттай байлгамаар байх юм. Ялангуяа мал аж ахуйн орны хувьд ядаж махны хэт өндөр үнэ дээр зайлшгүй төрийн бодлого, зохицуулалт хэрэгтэй байна.
Төрийн зохицуулалт ярихаар зарим нэг нь сонсохгүй, хүлээж авахгүй, эсэргүүцэл илэрхийлэх явдал харагдаж байгааг телевизээр ард түмэн хардаг. Бүх зүйл хувийн болоод эзэд нь дураараа дургиж байх юм бол энэ Монгол Улсад минь төр гэж байхын хэрэг байна уу. Улс эх орон оршин тогтнож байсан цагт төр орших нь мэдээж хэрэг, төр байгаа цагт зарим зохицуулалт зайлшгүй байх ёстой бизээ.
Монгол малчны хүүхэд малын дэргэд төрж тоосонд нь дарагдаж, хөлд орохоосоо эхлээд хурга, ишгээ тэвэрч өсдөг. Одоо ч энэ залгамж үе хөдөөд байгаа нь бодит үнэн. Малчин хүний хүүхэд хар нялхаасаа малаа зүсэлж, жаахан томроод ирэхээрээ нас, шүдийг нь хүртэл мэдэж өсдөг шүү дээ. Хот суурин газар төрж, нэгэн насаараа суурьшсан хүмүүс малаас дэндүү хөндийрч, нас тогтсон эмэгтэй хүн хүртэл морь унахыг “Морин дээр сууна” гэж ярьж байхыг би нүдээрээ харж, чихээрээ сонсож байлаа. Монгол хүн, мал хоёрын хүйн холбоо хэзээ ч тасрах ёсгүй л юм. Монголын мал өсөж, малчин залуужиж байгаа сайн тал байвч дээр үеийн асар их мал маллагааны арвин туршлагатай, хашир малчдын тоо цөөрсөөр буй нь амьдрал дээр бэлээхэн харагдаж байна. Нэгдэл нийгэм гэж байхад нэрд гарсан гавьяат малчин, хөдөлмөрийн баатруудыг урьж залуу малчдад хичээл заалгаж, зөвлөгөө өгүүлдэг нэгдлийн мундаг дарга нар байсан юм. Говь-Алтай аймгийн Лодойхүү, Архангай аймгийн Минжүүр, Завхан аймгийн Цэдэн-Иш, Адшаажав, Хөвсгөл аймгийн Аварзэд гэдэг алдартай удирдлагууд Монгол Улсын хөдөө аж ахуйд нэрийн хуудас болж байв. Завхан аймгийн алдарт хоньчин Ц.Намхайнямбуу 24- хөн настайдаа, Хэнтий аймгийн алдарт саальчин Аюуш 18-хан настайдаа Хөдөлмөрийн баатар болж орон даяар магтагдан залуучуудад үлгэр дуурайл болж байсан үе санаанд ил тод байна. Сүү тараг, өрөм зөөхий, ээзгий ааруул гээд цагаан идээгээрээ голчлон хооллодог байсан цаг үе бидэнд бий. Дээр үед малчид саахаа зөрүүлээд, хонио өдөрт хоёр удаа саагаад зун намрын хэдэн сард бог малынхаа ашиг шимийг сайн ашигладаг ажилсаг үе байж, тулам тулам ээзгий босгоод тавьчихсан, ландгар ландгар гүзээтэй зөөхий орон доогуураа өрчихсөн, мөн ч гоё харагддагсан. Одоо зах зээлийн үед хөдөөд малынхаа ашиг шимийг харин ч улам сайн ашигламаар байхад бүр эсрэгээрээ хонио саахаа бүр больчихсон. Малчид хуучныг бодвол их залхуу болжээ гэж ярьдаг болсон байна лээ. Бид ингэж л алдаж байгаа улс даа.
Малын хишиг буяныг малчин бүхэн бүрэн дүүрэн ашиглаж хүртэхсэн. Мөнөөх залуу малчдын нэг залхуурч байгаа дутагдал нь энэ. Одоогийн залуучуудын нэлээд хэсэг нь бие ядарч зовж, хөдөлмөрлөж, хөлс гаргахгүйгээр бие амар байж, их мөнгө амар хялбар олох сэтгэхүйтэй болчихсон нь гайхмаар сонин санагддаг юм.
Хэрвээ би андуураагүй бол өмнөх парламентийн үед ХААХҮЯ-ны сайд Ч.Улаан байхад бүх сумдад сүүний цех байгуулна гэсэн шийдвэр гарч, олны сэтгэлд нийцсэн маш зөв бодлого болж байсан. Зарим суманд үйл ажиллагаа нь эхэлж байсан санагдах юм. Бас Залуу малчдын улсын зөвлөлгөөн ч болсон. Чухам эдгээрийн бодит үр дүн, үйл ажиллагаа ер нь юу болсон юм бол доо. Энэ цаг үед уул уурхай, чанаргүй малын хэт өсөлтөөс болж малын бэлчээр хомсдож, газар тахлагдаж байгаагаас орон нутгаа булаацалдаж, малчдын дунд зодоон цохион болж, нэг нэгнийхээ халуун аминд хүрч байгаа жишээ гарсаар л байх юм. Саяхан бэлчээрээ булаалдаж 23-хан настай залуу нэг айлын 51 настай эхнэр, нөхөр хоёрыг буудаж хороогоод дараа нь уул модонд очиж өөрийнхөө амийг егүүтгэсзн харамсалтай хэрэг Хөвсгөл аймагт гарсныг орон даяар сонслоо. Үүнээс үүдээд түргэн уур гэдэг юунд хүргэдгийг залуучууд маань санаж явахад юу нь буруу байх вэ. Ер нь манай зарим хүн их зэрлэгшиж байгаа талаар их ярих боллоо. Энэ нь сайны ёр яав ч биш. Хүмүүн гэдэг бодьгал амьтан мөнхрөхгүй нь үнэн учир яруу найрагч О.Дашбалбарын “Амьддаа бие биеэ хайрла” гэсэн алдарт шүлгийг хүн бүхэн үе үе бодож явахад илүүдэхгүй. Энэ цаг үед монгол хүний мөс чанар ихээхэн муудаж, эв эегүй болж, уур бухимдал нь ихсэж, зан харьцааны доголдол их гарч, бие биедээ итгэх итгэлгүй заримдаа бүр араатнаас дор, хэрцгий үйлдлүүд гаргасаар байгааг хүмүүс өргөн олноороо ярилцах болсон. Бидний төрөө жолоодуулахаар сонгож гаргасан Улсын Их Хурлын гишүүд нь хүртэл нэг ширээн дээр тохой залган, улаан нүүрээ харж сууцгааж байж хоорондоо арсалдаж, тэрсэлдэж, үгийн муухайгаар нэг нэгнээ доромжилж, зодолдох нь холгүй ааш, араншин гаргаж суугааг зурагтаар харж суухдаа ард түмэн тэдний өмнөөс ичдэг юм. Өнгөрсөн парламентын үед гишүүдийн хооронд тийм явдал их байсан. Хэн нь хэн бэ гэдгийг зөндөө харж ойлгосон. Өнөөдөр манай Эрдэнэт хотод хонины мах 8000-8500, үхрийн мах 11000-12500, адууны мах 8500-9500, ямааны мах 6500- 7000 төгрөгийн үнэтэй байна. Өсөхөөсөө махаа идэж сурсан монгол хүн ийм үнэтэй мах идэж, зарим нь авч чадахгүй байгаа нь даанч хэцүү, мах дамжлага бүрдээ үнэ нь нэмэгддэг. Малчны гар дээрээс авч чадахгүй тул чэнжүүд нэлээд нэмчихдэг. Лангуун дээр ирээд худалдагчид бас нэмнэ. Ингээд эцсийн эцэст хөөрхий муусайн худалдан авагч, ард иргэд л үнэтэй маханд цохиулж байна. Тэгээд бид чинь одоо ямар ч мах идээд байна даа. Эрдэнэ болсон малынхаа эм болсон эрүүл махыг лав л идэхээ больсон байна. Химийн тариагаар тариад таргалуулдаг нь бодит үнэн болжээ. Махны лангуун дээр нүд булаам тарган мах байна. Гэтэл их но-той. Өвгөн би вээр саяхан хонины тарган гуя, дөрвөн өндөр, сүвээний гурван хавирга авч хариад, хол нутгаас ирсэн зочдоо дайлахаар шөлөнд нь цагаан будаа хийгээд л чанадаг юм байна. Хоолоо гаргаад зочдынхоо өмнө тавиад ярьж хөөрч хүртэцгээсэн чинь мөнөөх зочид. Энэ мах чинь харваас хуруу зузаан өөхтэй их тарган юм. Өөх нь хурц биш, нэг л сул амттай юм. Шөлөн дээр нь ямар ч тос хөвөхгүй, ямар сонин юм бэ гэж гайхацгаав. Үлдээгээд хоносон цагаан будаатай шөлөн дээр өглөө босоход царцаж тогтсон тосны зий ч алга. Энэ махыг идэж хоносон бид гурав, дөрвөн хүний гэдэс дүүрч хоносоон. Бид ийм л мах идэж байна даа, монголчууд минь. Малчин удамт монгол хүн хэзээнээсээ нааш хаяа багтахаараа бууж, хамар хатгахаараа идэцгээе гэж нэг нэгэндээ тустай дэмтэй, айл саахалтаараа ажил төрлөө хамжиж дэмнээд хийдэг, эв эетэй, айван тайван амьдарч ирсэн. Олон зууны уламжлалт ёс заншлаа уламжлан сэргээж амьдрах нь хөдөө нутаг, малчин түмний их сайхан өв соёл, онцлог нь билээ. Мал, малчин, мах гурвын холбоо энэ цагт нэг иймэрхүү л байна даа. Сайн цаг үе ирж, сайхан амьдрал бүхэн дэлгэрэн цэцэглэх болтугай.
Л.СҮХБААТАР /Эрдэнэт хот Ахмад сэтгүүлч, зохиолч/