Сайд Х.Нямбаатар эрүүгийн хуульд өөрчлөлт оруулж иргэдийг 15-80 сая төгрөгөөр торгох хуулийн заалт оруулжээ
Хэвлэл, мэдээллийн салбарынхан улстөрчид хийгээд өндөр албан тушаалтнуудын мөнхийн дайсан мэт явсаар ирсэн. Гэтэл сүүлийн жилүүдэд улстөрчид тэр дундаа УИХ, Засгийн газрын гишүүд хуулийн зүйл заалтаар далайлган хэвлэлийнхний амыг барьж, гарыг нь хумих бодлого баримталсаар ирсэн билээ.
Тэгвэл тун удахгүй Засгийн газрын буюу Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлээд буй. Тэрхүү төсөлд дан ганц хэвлэл мэдээллийн амыг үдэхээс гадна ард нийт, цахим орчинд мэдлэг, мэдээллээ хуваалцагч иргэн бүрийн мэдэх, мэдээлэх, хардах зэрэг бүхий л эрхийг боомилохоор тусгажээ.
Тэд энэхүү хуулийн заалтыг тайлбарлахдаа ард түмнийг өөрсдийнхөө талд оруулахын тулд” илт худал мэдээллийг тараах, түгээх буруу үйлдлийг таслан зогсоохын тулд оруулж байгаа” хэмээн тайлбарлах байх.
Гэвч хэвлэл мэдээллийнхэн хийгээд хэнбугай ч /иргэн та ч/ бусдыг илт гүтгэдэггүй гэдгийг мэдэх учиртай. Тэгэхээр энэ заалтаар цахим орчин, нийгмийн сүлжээнд иргэдийн амыг үдэх гэсэн оролдлогыг хийх гэж байна гэж ойлгож болно. Тэд үзэл бодлоо илэрхийлсэн иргэн болон сэтгүүлчдийг хуулийн заалтаар амыг нь үдэхдээ “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор саатуулан, баривчилж, Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох санаархалаа хэрэгжүүлэх гэж байна.
Бүр энгийнээр ойлгомжтой байдлаар тайлбарлахад, иргэн таны үзэл бодол, байр суурь хэн нэгэн албан тушаалтан, эрх баригчдад таалагдахгүй, тэдний үзэл суртал, хүсэл зорилгод нийцэхгүй бол хэн шалган тогтоож, хэрхэн нотлох нь үл ойлгогдох “илтэд худал мэдээлэл” гэх халхавчин дор Эрүүгийн гэмт хэрэгтэн болгох гэж байгаа хэрэг гэсэн үг.
Энэ нь нэг талаас ирэх онд болох Ерөнхийлөгчийн сонгуультай эрхгүй холбоотойг уншигч бүхэн мэдэж буй биз ээ. Эрх баригчид хэдхэн сарын дараа болох Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр өөрсдийнх нь талаар тэдэнд таалагдаагүй мэдээ, мэдээлэл бичсэн сэтгүүлч, хэвлэлийнхэн болон өөрсдийн сэтгэгдэлээ илэрхийлсэн ИРГЭН бүрийг дээрх заалтаар шалгаж буй нэрээр эцэст нь баривчлан саатуулна гэсэн үг.
Тиймээс ч ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар энэхүү заалтаа Эрүүгийн хуульд зайлшгүй шаардлагатай хэмээн мэдрүүлэхийн тулд өөрийнх нь тухай бичиж нийтэлсэн сэтгүүлч бүрийг хуулийн байгууллагад шалгуулна хэмээн том дуугарах болсон. Товчхондоо Х.Нямбаатар сайд сэтгүүлчид намайг гүтгэлээ гэх башир арга хэрэглэж байгаад олон нийтийг цахим орчин, нийгмийн сүлжээнээс арчихыг хүсэмжилж байгаа нь энэ. Тиймээс Монгол Улсын иргэн бүрт Үндсэн хуулиар олгосон үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхэд аюул учруулах заалт Эрүүгийн хуульд оруулахаар эрх баригчид зүтгэж буйг ийнхүү анхааруулж байна.
Эх сурвалж: erennews.mn
URL: