“Эрх баригчид коммунизм руу ухарсан хуулийн төсөл оруулж ирлээ”
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцлээ. Энэхүү хуулийг орон нутгийн эрх барих бага үндсэн хууль гэж хэлж болно. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжтэй холбоотой гурван том өөрчлөлт Үндсэн хуульд орсон учир шинэчлэн батлах шаардлага үүссэн юм. Мөн хуулийн төсөлд аймаг, дүүргийн Засаг дарга нарыг Ерөнхий сайд шууд томилдог байх асуудлыг тусгасан байдаг. Үүнийг эсэргүүцэн АН-ын гишүүн Б.Пүрэвдорж Цэцэд хандахаа мэдэгдээд байгаа. Түүнчлэн УИХ-ын гишүүн С.Амарсайханы зүгээс төлөөлөгч нарын “давхар дээл”-ний асуудлыг энэ хуулиар зохицуулах ёстой гэж үзээд байгаа юм. Иймэрхүү уур амьсгалтайгаар хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. УИХ-ын гишүүд хэлэлцүүлгийн үеэр ямар байр суурь илэрхийлснийг хүргэж байна.
УИХ-ын гишүүн Н.Ганибал:
-Монгол Улс төлөөллийн ардчиллыг сонгоод 31 жил болж байна. Хуулийн төсөлд Ерөнхий сайд аймгийн Засаг дарга нараа, аймгийн Засаг дарга нар нь доод шатны Засаг дарга нараа томилох асуудал оруулж ирж байгаа нь Үндсэн хуулийн гол зарчмыг зөрчиж байна. Шууд утгаараа 31 жилийн өмнө МАХН-ын төв хороон дээр аймгийн засаг даргыг томилох асуудлыг хэлэлцээд, Төв хорооны ЕНБД томилдог байсан тэр цаг хугацаа буюу коммунизм руу буцсан төсөл боллоо. Өнөөдөр магадгүй МАН олонхи байгаа үед намын даргын болон Ерөнхий сайдын даалгавраар ийм заалтууд орж ирж байгаа бол ирэх цаг хугацаанд МАН энэ заалтынхаа хохирогч болно шүү гэдгийг хэлье.
УИХ-ын гишүүн С.Амарсайхан:
-Цаашид төлөөлөгчид давхар ажил хашдаггүй болох ёстой. Шат шатандаа энэ асуудлаас болоод орон нутагт тогтдог хүнгүй болсон. Боловсон хүчний чадавх төрд их суларсан. Чадварлаг, мэргэшсэн боловсон хүчин бий болгох суурь нь төлөөлөгчийн эрх үүрэгтэй холбоотой асуудал. Хэчнээн их хууль гаргаж, журам батлаад, гол асуудалдаа анхаарал хандуулахгүй бол нэмэргүй. Бидний гол үндэс суурь бол орон нутаг. Хүн амын дийлэнх нь орон нутагт ажиллаж амьдарч байна.
УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн:
-Бид өнгөрсөн жил Үндсэн хуульд аймаг нийслэл, багийн Засаг даргыг томилдог, сумын Засаг даргыг сонгодог болгох өөрчлөлт оруулах гээд чадаагүй юм. Амьдрал дээр Засаг дарга нар ИТХ-ын төлөөлөгчдийн барьцааны хүн болчихоод байгаа. Иргэдийн төлөө биш төлөөлөгчдийн төлөө ажилладаг байдал Монголд бий болох гээд байна. Тиймээс хууль санаачлагчид бид ярилцаж байгаад Ерөнхий сайд санал хэлдэг болсон. Гэхдээ энэ нь нэр дэвшүүлэх процесст санал өгч байгаа болохоос биш шууд томилж байгаа асуудал биш. Ер нь цаашид цэгцлэхгүй бол орон нутгийн удирдлагын тогтолцоо болохгүй байна. Томилдог, сонгодог систем рүү оруулж өгөхгүй бол Засаг дарга нарын ажил хариуцах чадвар дээр нөлөөлөл үүсэж байгаа.
УИХ-ын гишүүн Г.Дамдинням:
-Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй уялдаж явах хэрэгтэй байна. Төсөлд заасан засаг захиргааны нутаг дэвсгэрийн нэгж удирдлагын зарим чиг үүргийг, хот тосгонд шилжүүлсэн зохицуулалтыг хот, тосгон эрх зүйн тухай хуультай уяж илүү тодорхой болгох хэрэгтэй байна. Аймгийг улсын чанартай хот болгохдоо мал аж ахуй, газар тариалангийн бүс сумдыг хэрхэх тухай тодорхой бус байна. Үүн дээр уялдаад дараачийн нэг асуулт гарч ирж байна. Монгол Улсын эдийн засагт онцгой нөлөө бүхий сумдын асуудлыг бид авч үзэх ёстой. Стратегийн орд газар, жишээ нь Өмнөговь аймгийн Ханбогд сум, Цогтцэций сум, Гурвантэс сум, хилийн боомтууд байна. Хилийн Алтанбулаг, Замын-Үүд боомт гээд байна. Том эдийн засагт нөлөө бүхий сумдад нийгмийн нийтийн үйлчилгээ хүрэлцэхгүй. Жишээ нь, эмнэлгийнх нь нэг жилийн зардал сарын дотор дуусчихдаг. Татварын байцаагч, байгаль орчны байцаагч нар нь хүрэлцэхгүй. Үүн дээр онцгой нөхцөл оруулах тал дээр анхаарч өгч болохгүй юу. Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж дээр улсын зэрэглэлтэй хот байгуулахад жишээ нь Дархан-Уул аймаг дээр Дархан сумыг хот болгоно. Дархан-Уул аймгийн 86 орчим хувь байгаа байх. Энэ сум, улсын зэрэглэлтэй хот хоёрын эрх мэдлийн асуудлыг бас тодорхой бус байдлаар оруулсан байна. Үүнийг эрх зүйн талаас нь тодорхой болгож болохгүй юу.
УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар:
-Хот тосгоны улсын зэрэглэлтэй хот түүний үндсэн нэгжид энэ хуулийн 21-23-р зүйлд заасан аймаг, сум, багийн зарим чиг үүргийг шилжүүлнэ гэж байна. Энэ нь таны хэлдгээр тодорхой бус биш. Энэ хуулийн 21-23 дугаар зүйлд заасан зарим чиг үүргийг шилжүүлнэ. Үүнийг бол төслийн 70-р зүйл дээр зааснаар Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ шийднэ. Засгийн газар үүнийг бас тодорхойлох ёстой юм.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
2020.12.11 БААСАН № 237 (6462)
URL: