МХЕГ-т ажилладаг нөхрөө хууль бусаар давхар цалинжуулсан консулын торгуулийн ялыг хэвээр үлдээжээ
ОХУ-ын Тува улсын Кызыл хотод сууж байсан Ерөнхий консул Б.Ганцэцэгийн гомдлыг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд хэлэлцжээ. Улмаар анхан шатны шүүхээс оноосон торгуулийн ялыг хэвээр үлдээсэн байна.
Анхан шатны шүүхээс Б.Ганцэцэгийг Дипломат албаны тухай хуулийн 23.1 дэх хэсэгт заасан “Дипломат төлөөлөгчийн газарт ажиллагчдын эхнэр буюу нөхрийг тухайн төлөөлөгчийн газрын ажлын хэрэгцээ, шаардлагыг үндэслэн үйлчилгээ, техникийн ажилд гэрээний үндсэн дээр ажиллуулж болно” гэсэн заалтыг хууль бусаар хэрэгжүүлсэн хэрэгт буруутгасан. Тодруулбал, Б.Ганцэцэг нь 2015 оны зургадугаар сараас 2019 оны арваннэгдүгээр сар хүртэл дээрх Ерөнхий консулын албыг хашихдаа МХЕГ-ын Байгаль орчин, аялал жуулчлал, геологи, уул уурхайн хяналтын газрын Байгаль орчин, аялал, жуулчлалын хяналтын хэлтсийн даргаар өнөөг хүртэл ажилладаг нөхрөө дээрх Ерөнхий консулын газарт 2015 оны долдугаар сараас ёслол-үйлчилгээний ажилтан, техник үйлчилгээний ажилтан зэрэг албан тушаалд томилж, цалин, нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татварыг улсаар төлүүлэн албан тушаалаа урвуулж, гэр бүлийн гишүүндээ давуу байдал олгон, улсад 20.7 сая төгрөгийн хохирол учруулсан хэмээн буруутгагджээ.
МХЕГ-ын хэлтсийн дарга Д.Ц нь тодорхой хугацаанд хоёр байгууллагаас үндсэн ажилтнаар цалин авч байсан аж. Иймд анхан шатны шүүхээс Б.Ганцэцэгт нийтийн албанд ажиллах эрхийг хоёр жил хасан, улсад учруулсан 20.7 сая төгрөгөөс 14.8 саяыг, түүний нөхрөөс 5.9 саяыг гаргуулахаар шийдвэрлээд байсныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ.
URL: