Д.Цэрэндулам: Монгол улс ирэх хавар тарих үрээ нөөцөлж чадсангүй

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын ахлах байцаагч Д.Цэрэндуламтай ярилцсанаа хүргэе.

 -Танай байгууллага үрийн будаан дээр ямар хяналт шалгалт хийдэг вэ?

-Манайх жилд гурван удаа үрийн чанарыг хянаж шалгадаг. Эхнийх нь урьдчилан сэргийлэх хяналт шалтгалт. Тухайн үр чанартай үрээр тариалагдаж байна уу гэдгийг шалгадаг. Дараа нь  босоо тариан дээрээ хянан баталгаа гэж хийдэг. Гуравдугаарт нь шинжилгээт хяналт шалгалт хийдэг. Үртэм дээр ямар чанартай будаа буусан бэ гэдгийг шалгадаг юм.

-Энэ намар үрийн будааг шалгахад ямархуу үр дүн гарав, ургац ямархуу байв?

-Миний бие өөрийн биеэр гэхэд л энэ  намар Булган, Өвөрхангай, Сэлэнгэ, Төв, Дарханд хяналт шалгалт хийсэн. Өнөө жилийн хувьд цаг агаарын хүчин зүйлсээс ургацын чанар их шалтгааллаа. Тарилтын дараа тав зургадугаар сард хур тунадас огт ороогүй. Найм, есдүгээр сард бороо их орсон.  Энэ мэт шалтгаан ургацад муугаар нөлөөлсөн.

-Ч.Улаан сайд 400 гаруй мянган тонн хүнсний улаанбудаа хурааж авсан, дотоодын хэрэгцээгээ бүрэн хангана гэж мэдээлсэн. Ачир дээрээ 200 гаруй мянган тонн хүнсний улаанбуудай л хураасан гэх юм. Хэр бодитой мэдээлэл вэ?

 -Бидэнд хэмжээ биш чанар л чухал. Сайд тэгж мэдээлсэн л дээ. Гэхдээ хамгийн гол анхаарах зүйл бол буудайн чанар. Бүс бүсээр нь шинжлээд харахаар гурилын үйлдвэрт авч байгаа будаа гэхэд л 10-15 хувийн хорогдолтой байна. Жишээ нь, 15 хувийн тарианы хольцтой улаанбуудайг гурилын үйлдвэр  хүлээгээд авлаа гэж бодъё. Гэтэл Монголын стандарт 5 хувь байдаг. Гурилын үйлдвэр тарианаас гадна чийгийн хорогдол гэж тооцдог. Бас хогийн хорогдол гэж бий. Энэ олон хорогдлыг хасахаар 1000 тонн будаа дор хаяж 900 тонн болж багасна.Энэ жилийн хувьд их хэмжээний будаа тэжээлд шилжсэн. Ургац алдсан учраас шууд ногоон тэжээл болгож боосон будаа их. Эрдэнэсантад гэхэд их хэмжээний будааг тэжээл болгож боосон. Төв аймагт бас тэгсэн. Дарханд ингэж  боосон. Ингээд тооцохоор хүнсэнд хэрэглэх будаа маань 410 мянган тоннд хүрэхгүй.  200 мянга орчим тонн л болно.

-Үрээ нөөцөлж чадаагүй газрууд гэвэл ямар аймгууд байна?

-Үрийн чанарын талаар маш олон арга хэмжээ авч ажилладаг ганц байгууллага нь манайх. Сорт дээр нь  ч өндөр хяналт тавьдаг. Энэ жилийн хувьд 2020 онд тариалах үрийн нөөц бүрдээгүй. Миний явсан аймгууд гээд яривал Өвөрхангай үрээ нөөцөлж чадаагүй. Хоёрт чанартай үр нөөцөлсөн аж ахуйн нэгж тэнд байгаагүй. Өвөрхангайн Хархорин тариалангийн бүс нутгийн нэг. Тэндэхийн ТЭДС-д 420-хон тонн будааны үрийн нөөц байна. Улсын нөөцийнх нь салбарт 70-хан тонн будаа байна. Аж ахуйн нэгжүүд нь үр нөөцөлж чадаагүй. Булган Монголын хэмжээнд будааны чанараараа сайн байсан. 60 мянгыг хураана гэсэн төлөвлөгөөө гаргаад 56 мянган тонныг хурааж авсан. Булган үрээ нөөцлөөд 100 хувь авлаа ч гэсэн массаараа маш бага хувь эзэлдэг. Сэлэнгэ аймаг  Монголын газар тариалангийн үйлдвэрлэлийн үр тарианы 65 хувийг эзэлдэг. Сэлэнгэ аймаг гэхэд л ургац алдсан. Үтрэм дүүрэн будаа хурааж авсан ч чанаргүй ургац авсан. Ийм шалтгаанаар аж ахуйн нэгжүүд нь үрээ нөөцөлж чадаагүй. Номгон, Ерөө тал руугаа дажгүй нөөцөлсөн ч эзлэх масс нь бага. Сэлэнгийн хэмжээнд 140 гаруй мянга га газарт тариалалт хийдэг. Тариалалт хийж байгаа газарт 23-24 мянган тонн будааны  үрийн нөөц хэрэгтэй. 30-хан хувийн үрийн нөөцтэй  байна.  Сэлэнгэ аймагт ТЭДС-ийн хоёр том салбар, улсын үрийн нөөцийн хоёр том цэг бий. Тэдгээрт үр нөөцөлж чадаагүй. ТЭДС 1000 гаруйхан тонн-ын нөөцтэй байгаа. Улсын нөөцөд  багахан хэмжээний нөөц байна. Товчхондоо Монгол Улс 2020 онд тариалах үрийн нөөцөө  бүрдүүлж чадаагүй.

-Дөчин мянган тонн үрийн будаа дутна гэж та хэлсэн. Их хэмжээний үр дутах нь ээ?

-Тэгнэ. Арван мянган тонн будаа дутахад л барьц алддаг гээд бодохоор үрийн будааны нөөцийн хомсдол үнэхээр санаа зовоож байна.

-Үрийн нөөцөө дотоо­доосоо бүрдүүлэх боломж хэр байдаг вэ?

-Дотоодоосоо чанартай үр нөөцлөх бүрэн боломжтой. 2017 онд маш гоё шийдвэр гарч байсныг онцолъё. Үрийнхээ будааг эхэлж авъя гээд мөнгийг нь шийдээд өгчихсөн. Тэр жил дотоодоосоо 26 мянган тонн чанартай үр бүрдүүлсэн. Заавал импортоор үр авч валют үрэхгүйгээр шийдэх бололцоо уг нь бий.

-Таны ярианаас анзаарахад ирэх хавар лав л 40 мянган тонн үрийн будаа импортлох юм байна. Импортын будааны чанар гэж том асуудал яригддаг байх шүү…?

-Импортын будаан дээр олон асуудал яригддаг. Бид импортын будаан дээр  хяналт тавина. Гэхдээ тариалалттай тулгаж оруулж ирээд шавдуулдаг тал бий. Бидний хувьд хорио цээртэй хачиг хог ургамал өвчнийг нь үзэх ёстой, тэр дагуугаа л ажиллана. Улсынхаа хөрсөнд хог тариулахыг хэн ч хүсэхгүй. Хар хөгц өвчин импортын үрээр орж ирээд манайд тархсан. Бид хянаж, ариутгуулсны хүчинд хар хөгц өвчин буурсан. 12 хувиас 4 хувь болтлоо багасаад байгаа энэ өвчин ирэх хавар дахиад дэгдэж, нэмэгдвэл яах вэ. Хойд хөрш хар хөгцийг асуудал биш гэж үздэг. Учир нь тэд  үрээ ариутгачихдаг юм. Манайхан ариутгалын тоног төхөөрөмж байхгүй учраас энэ өвчин асуудал болдог.

Төв аймгийн мэргэжлийн хяналтын газрын тармиал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын байцаагч Э.Ганболд: 

-Төв аймгийн хувьд 91 мянган тонн ургац авсан. Цаг агаарын онцлогоос болоод зургадугаар сарын 20-ноос долдугаар сарын 20 хүртэл бороо ороогүй. Соёололтын хувьд нийт талбайн 70 гаруй хувь сайн, 20 гаруй нь дунд, 10 орчим нь муу үнэлгээтэй. Ургацын хувьд оройтож байгаад долдугаар сарын 20-доос хойш бороо орсон. Авсан ургацын хэмжээ гайгүй ч чанар нь муу гэсэн асуудал бий. Жаргалант, Цээлийн улсын нөөцөд тэнцэх будаа таараагүй. Сая би ААН-үүдийн мэдээ авсан. Аж ахуйн нэгжүүд урьдчилсан байдлаар 9100 тнн үр авсан байна.  9100 гэсэн хэмжээний хувьд цэвэрлэх гэх мэт процессоор  явахад тоо, хэмжээ нь хорогдоно.

Дорнод аймгийн мэргэжлийн хяналтын газрын таримал ургамлын үр хорио цээрийн хяналтын албаны улсын байцаагч н.Долгорсүрэн:  

-Манай аймаг 20 мянган тонн улаанбуудай хурааж авсан. Энэ жил дөрвөн сортын 2150 орчим тонн үрийн будаа нөөцөлсөн. 16 мянган га-гийн 80 орчим хувийг хангахаар байна. Гэхдээ энэ  харьцангуй ойлголт л доо. Ирэх жил улаанбуудай тариалах аж ахуйн нэгжийн тоо эрс нэмэгдэх хандлага бий. Тэгэхээр үрийн буудай багагүй хэмжээнд дутагдах нь тодорхой байна.

Булган аймгийн мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал хорио цээрийн  байцаагч Б.Долгоржав:  

-Манай аймаг 40 гаруй мянган га-д үр тариа тарьсан. 60 мянга гаруйг хураана гэж тооцсон ч 1000 гаруй га-г мөндөрт цохиулаад 56 мянга гаруйг хураасан. 2020 оны улсын нөөцөд гэж яривал ТЭДС 1500 гаруй тонн үрийн будаа нөөцөлсөн. Сэлэнгэ сумын улсын нөөцийн цэг 400 гаруй тонныг нөөцөллөө.  Нийтдээ 2400 гаруй тонн үрийн буудай нөөцлөөд байна.

Эх сурвалж: zaluucom.mn


URL: