БНХАУ-ын хамгийн хүчирхэг хүмүүс
АНУ-ын Принстон их сургуулийн Зүүн Ази судлалын тэнхимийн эрхлэгч, профессор Перри Линк “CNN” агентлагт өгсөн ярилцлагадаа “Хятад хэний гарт байна вэ гэдгийг тодорхойлох боломжгүй. Учир нь, БНХАУ-ын төрийн тогоон дотроос жинхэнэ эрх мэдэлтнийг олно гэдэг амаргүй. Тус улс ганц намын тогтолцоотой. Тэгэхээр хэн эрх барьж буй Коммунист намын бүрэн эрхийг барьж, өндөр албан тушаал хашсан нь хамгийн хүч чадалтай болдог” гэжээ. “CNN” агентлаг Хятадын хамгийн хүчирхэг таван хүнээр БНХАУ-ын дарга Ши Жиньпин, “Alibaba” группийн тэргүүн Жэк Ма, Комунист намын дарга асан Ван Цишань, Азийн хамгийн том интернэт компани болох “Tencent Holdings”-ийн удирдах зөвлөлийн дарга Ма Хуатен, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарыг нэрлэжээ.
ШИ ЖИНЬПИН
Калифорниагийн их сургуулийн түүхийн профессор Жеффри Вассерстром “Ши Жиньпин бол Дэн Сяопиноос хойших БНХАУ-ын хамгийн хүчирхэг удирдагч гэдэг нь нэгэнт нотлогдсон. Түүний эрх мэдэл өдрөөс өдөрт хурдацтай нэмэгдэж байгаа. Тэр 2012 онд Коммунист намын удирдлагыг гартаа авах үедээ 2049 он гэхэд БНХАУ ядуурал, агаарын бохирдол, авлига болон угсаатны мөргөлдөөн зэрэг олон асуудлаа бүрэн шийдсэн орчин үеийн, хөгжин цэцэглэсэн улс болно гэсэн амлалт өгсөн нь “Хятад мөрөөдөл” гэх нэр томьёог бий болгосон юм. Ши Жиньпин одоо “Хятад мөрөөдөл”-өө биелүүлэхийн тулд ирэх таван жилийн бүрэн эрхийн хугацаанд бэлтгэж байна” гэв.
ЖЭК МА
Жэк Ма бол Майкл Жексоны дууг дуулж, бүжиглэх дуртай, англи хэлний багш мэргэжилтэй жирийн нэгэн байв. Гэхдээ одоо бол тэр дэлхийд хамгийн алдартай хятад хүн. Тэрбээр дэлхийн хамгийн хүчирхэг худалдааны сайтын нэгд зүй ёсоор багтдаг “Alibabа”-гийн эзэмшигч. Түүнчлэн “Taobao” тэргүүтэй худалдааны хэд хэдэн том сайтыг эрхэлж байгаа юм. Тэрбээр АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама, Дональд Трамп нартай ганцаарчлан уулзаж байсан цор ганц хятад хүн ажээ.
ВАН ЦИШАНЬ
Ерөнхийлөгч Ши Жиньпин 2012 онд төрийн тэргүүнээр сонгогдоод Хятадад газар аваад байсан авлигын эсрэг тууштай тэмцэж эхэлсэн билээ. Тэрбээр авлигатай хийх тэмцэл буюу “Үнэгний ав” ажиллагааны анчнаар Бээжин хотын дарга асан, 2008 оны олимпын наадмыг зохион байгуулсан Ван Цишанийг томилсон. Түүнээс хойш Ваны эрх мэдэл, хүч чадал нэмэгдсээр улстөрчдийн дунд айдас төрүүлэгч болсон юм. Ноён Ванг Хятадын улс төрд буй хүчирхэг хүн гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Түүнгүйгээр Ши Жиньпин хүчгүйднэ ч гэх нь бий. Тэдний хамтын ажиллагааны ачаар төрийн өндөр албан тушаалтнуудын зардал багасаж, улсын хөрөнгө нэмэгдсэн. Ваны ганц сул тал нь нас юм.
МА ХУАТЕНГ
Хятадуудад твиттер, фэйсбүүк байхгүй учраас аль алинг нь нэгтгэсэн “WeChat”-ийг өргөнөөр хэрэглэдэг. “WeChat” компанийг үндэслэгч Ма Хуатенг бол Хятадын гурав дахь баян эрхэм. Түүний нөлөө хязгааргүй. “Одой морь” хочтой Ма “Tencent” компанийг 1998 онд их сургуулийн нөхөдтэйгөө үүсгэн байгуулсан юм. Дэлхийн даяар “WeChat”-ийг тэрбум орчим хүн хэрэглэж байна.
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: