Энхсаран сувилал хотын даргатай яагаад холбогдов

enhsaran hotiin darga

Нийслэлийн засаг даргын хэрэгжүүлэгч агентлага болох Эрүүл мэндийн газрын үндсэн үүрэг нь хотын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй байгууллагуудад эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чиглэлээр гарсан бодлого, шийдвэр, хууль, дүрэм, журам, тушаал, хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлыг харьяа байгууллагуудын хэмжээнд удирдан зохион байгуулах, мэргэжлийн арга зүйгээр хангаж, тусламж, үйлчилгээний аюулгүй байдал, чанарыг хангахад гэж заасан байдаг.

Халдвараас урьдчилан сэргийлэх, хяналт тавих ажилдаа алдаа гаргаж нийслэлд кроно вирусыг алдсан гол буруутан гэгдэж буй Энхсаран сувилалд Нийслэлийн эрүүл мэндийн газрын тусгай зөвшөөрлийн комисс дүгнэлтийг үндэслэж нийслэлийн засаг дарга захирамж нь гаргасан нь тус сувилал хотын даргын хэрэгжүүлэгч агентлага мэргэжлийн удирлагаар хангаж ажилдаг нь тодорхой юм. Өнөөдрийн байдлаар нийслэлд үйл ажиллагаа явуулдаг 66 сувилал байдаг бол хувийн эмнэлэг, эмийн сан  хэдэн мянга хол давдаг юм билээ /нийслэлийн эрүүл мэндийн газрын цахим хуудас/.

Энхсаран сувилал нь нийслэлийн эрүүл мэндийн газраас 5 жилийн /4 жил 8 сарын/ хугацаатай 2024 оны 1 сар хүртэл үйл ажиллагаа явуулахаар тусгай зөвшөөрөл авчээ. Бараг л 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл сунгана гэдэг чанар, аюулгүй байдал 90% -с дээш онц дүнтэй дүгнэгдэж байж олон жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл сунгагдаж авдаг гэсэн үг. Ийм байх боломжтой юу. Энхсаран сувилал нийслэлийн эрүүл мэндийн газраас өндөр үнэлгээ авсан хэрнээ яагаад эмнэлгээс шалтгаалах халдвар гарч үндэсний аюулгүй байдалд занал хийлэх болов. Энхсаран сувиллаас дотоод халдвар гарч кроно вирус нийгэмд тархасны дараа Нийслэлийн эрүүл мэндийн газрын сайт дээрээс тусгай зөвшөөрөлтэй сувиллуудын жагсаалт бүхий мэдээний санг устгасан байдаг. Энхсаран сувилалд болсон ноцтой алдаа дараах шалтгаантай байж болох ажээ.

Энэ олон мянган хувийн сувилал, эмнэлэг, эмийн сангууд Нийслэлийн эрүүл мэндийн газраас яаж тусгай зөвшөөрлөө авдаг вэ?. Үнэлэх шалгуур нь ил тод биш, иргэний нийгмийн хяналт байхгүй зэргээс улбаалж дараах ноцтой зөрчил илэрч байсныг баримтаар хүргэе.

  1. Нийслэлд үйл ажиллагаа явуулдаг нэгэн хувийн эмийн санд /2018 онд/ нэгэн хүү эмийн сан руу орохдоо төмөр хаалганы бариулаас барьж тогонд цохиулан нас барсан байдаг.
  2. Ноднин жил  хотын ТГ гэх хувийн гоо сайхны эмнэлэгт нэгэн эмэгтэй хагалгаанд орж байгаад газар дээрээ нас барсан.

Энэ мэтээр эрүүл мэндийн үйлчилгээнд тавих чанар доголдож үйлчлүүлэгчдийн аюулгүй байдал алдагдаж байна.

  1. 3.    Хамгийн сүүлд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 2019 оны төлөвлөгөөт хяналт, шалгалтаар дараах зөрчлийг арилгах талаар албан шаардлагуудыг хүргүүлсэн байдаг. Тухайлбал:

Эрүүл ахуй, халдвар хамгааллын хяналтын чиглэлээр:

4.1. Эрүүл зүйн нян судлалын шинжилгээтэй хяналтыг 80 эмнэлэгт  хийж,  нийт  1142 дээж авч, НМХГ-н нэгдсэн төв лабораторид шинжлүүлэхэд тэдний 46% нь Эрүүл зүйн нян судлалын шинжилгээг эрсдэлтэй  хэсэгт сар  бүр хийж үнэлгээ дүгнэлт өгдөггүй нь Эрүүл мэндийн сайдын хавсралтаар батлагдсан Халдварын сэргийлэлт, хяналтад лабораторийн гүйцэтгэх үүрэг зааврын заалтыг зөрчсөн байдаг.

4.2.Сэргээн  засах тусламж үйлчилгээ үзүүлэхээр тусгай зөвшөөрөлтэй Гэгээн манал, Нандин-ухаан, Номуутай, Энхсаран, Багануур, Арга билэг,  Өнө-Энх, Самбарай, Сүүж-Уул сувиллууд нь  ахмад настанд амралтын бус сувиллын үйлчилгээ үзүүлэн нийгмийн халамжийн сангаас амралтын хөнгөлөлт эдлэн, мөн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлыг эрүүл мэндийн даатгалын сангаас давхардуулан авч байгаа зөрчил илэрч байжээ.

/http://inspection.gov.mn/new/ulaanbaatar/?p=40436/.

5. Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга н. Т гэгч нь өөрийн эхнэрийн дүү н. Б гэх иргэнийг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтнээр томилон ажиллуулж байгаад болиулж өөр албан тушаалд томилсон байдаг. Түүгээр зогсохгүй н. Т дарга  нь өөрийн ажилд  томилсон ажилтны хамт тусгай зөвшөөрөл олгох комисст ажлын хэсэгт орж ажилдаг байна.

6. Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагын тусгай зөвшөөрлийн комиссыг улс төрч хүн удирддаг нь  тун хачирхалтай болжээ.

Иргэд төрийн албаны доод, дунд, бүх шатанд авлига, хүнд суртал дийлдэхээ больсон. Болох юмыг болохгүй гэдэгт нь иргэд залхсан. Үүнийг зогсоох ганц шийдэл нь цахим шийдэл, иргэний нийгмийн байгууллагын хяналт тавих нь дээрх завхарлыг зогсоох гарц гэж ярьсаар олон жил болж байна.

 Цаашид Нийслэлийн эрүүл мэндийн газраас хувийн эрүүл мэндийн байгууллагад тусгай зөвшөөрөл олгох, сунгахдаа эрүүл мэндийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагын төлөөллыг оруулж хяналт тавих, зах зээлийн эрэлтийг харгалзах, ямар шалгуураар олгож, яаж үнэлгээ өгдөг зэргийг ил тод болгох хэрэгтэй. Тусгай зөвшөөрөл олгох ажиллагаа нь удаашралтай, албан бичгээр яагаад тэнцэхгүй байгаа зэрэгт үндэслэлтэй хариу өгдөггүй гэж эмч нар ярьдаг. Дээрх баримтууд нь зөв зохих горимоор явагдахгүй байгаа улмаас нийгэмд аюул тариад байгаа нь  баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд хүн амын эрүүл мэндэд ноцтой хохирол учруулж байгаа тул хотын дарга та засахгүй бол борооны дараах мөөг шиг олширч байгаа хувийн сувилал, эмнэлэг, эмийн сангийн чанар, аюулгүй байдлын доголдол нь Монгол улсын үндэсний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлсөөр байх болно.

Нийгэм судлаач В. Оюунчимэг


URL: