Д.Сумъяабазар дарга аа, хаяанд чинь хөвгүүд нэгнээ хүчиндсэн байна

129724208_3487210571386076_6415576625311643903_o
Нийслэлийн харьяа хүүхдийн халамжийн төвд 11 настай хүүг 16 настай хүү хүчирхийлсэн аймшигтай хэрэг гарчээ
-Өөрсдийнх нь но-той үйлдэл илэрхээс айсан дарга нар тус хэргийг гадагш нь мэдэгдэж болохгүй гэсэн үүргийг албатууддаа өгчээ-
Эрхэм уншигч танд маш харамсалтай сэтгэл эмтрэм, аймшигтай мэдээ дуулгах гэж байгаадаа хүлцэл өчье. Төрийн албан хаагчид ажилдаа хайнга хандаж, албан тушаалын төлөө халаа, сэлгээ хийж суухад хүүхдүүд хохирсоор байгаа учраас энэ талаарх мэдээллийг дарга нарын чихэнд хүргэж, анхаарлыг хандуулахын тулд энэхүү харамсалтай, аймшигтай мэдээллийг олон нийтэд хүргэхээс аргагүйд хүрлээ.
Тодруулбал, Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборт 16 настай хүү 11 настай хүүг удаа дараа хүчирхийлсэн хэрэг гарчээ. Тухайн хэргийг нийслэлийнхэн ихэд нууцлаж, хэргийг гадагш нь гаргахгүй байхыг албатууддаа үүрэгджээ.
Бидэнд олдсон баттай мэдээллээр 16 настай хүү өнгөрсөн зургаадугаар сараас хойш 11 настай хүүг хүчирхийлж байсан нь хэдхэн хоногийн өмнө илэрсэн байна. Одоогоор хохирогч хүүг хохирогчийг хамгаалах төвд байршуулж, 16 настай хүүг тусгай төв дээр тусгай өрөөнд тусгаарлаад байгаа аж. Хэргийг Баянзүрх дүүргийн прокурор дээр хянаж байгаа ч Ковид 19-өөс үүдэлтэйгээр үйл явц нь удаашраад байгаа аж. Ямартай ч бид энэ аймшигтай мэдээллийг албаныхнаас тодруулахыг хүсээгүй. Учир нь ийм аймшигтай олны зэвүүцлийг төрүүлэх хэрэг гарсан байхад тэд мэдээллийг чандлан нууцлахыг албатууддаа үүрэг болгон өгсөн учраас тэд арьсаа хамгаалж “Ийм зүйл болоогүй” гэх хариултыг өгөх нь тодорхой байсан юм.
Нийслэлийн Засаг даргын дэргэдэх Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолборын даргаар Б.Бат-Орших гэгч байдаг бөгөөд томилогдоод хоёр жил гаруйн нүүрийг үзэж буй аж. Гэвч тэрбээр энэ албыг хаших болсноор байгууллага нь дордсон уу гэснээс дээрдээгүй гэдгийг зарим хүн хэлж байгаа юм. Түүнчлэн өмнөх дарга нь ч энэ мэт асуудлаас болж ажлаасаа чөлөөлөгдөж байжээ.
Учир нь өнгөрсөн жил тус төвд нэг охиныг хүчирхийлснээс болж тухайн охин жирэмсэлж, тусгай төвийнхөн охиныг нууцаар үр хөндүүлсэн асуудал ч гарч байсныг тэд бас л нуужээ.
Мөн тус төвийн багш нар камергүй өрөөнд хүүхдүүдийг оруулж, зодож дарамталдаг тухай мэдээлэл ч байна. Хүүхдүүд толгой хорогдох газаргүй учраас арга буюу тус төвд өдөр хоногийг өнгөрөөдөг байна.
Хэдийгээр энэ аймшигтай хэрэг хотын дарга Д.Сумъяабазарт хамааралгүй ч гэлээ түүний шууд удирдлага дор нь байдаг харьяа газар учраас эрхэм даргыг уг асуудалд анхаарлаа хандуулж хариуцлага алдсан тус цоцгцолборын дарга Б.Бат-Орших болон холбогдох хүмүүст нь яаралтай арга хэмжээ авч мэргэжлийн баг хамт олноор тус цогцолборын хүүхдүүдэд сэтгэл зүйн арга зөвлөгөө өгөөсэй гэдгийг хүсэх байна.
Хамгийн аймшигтай 16 настай хүү 11 настай хүүг өнгөрсөн зургаадугаар сараас хойш өнөөг хүртэл хүчирхийлсэн байхад яагаад тус цогцолборын дарга гэгдэх Б.Бат-Орших мэдээгүй явна вэ. 11 настай хүү ямар их сэтгэлийн дарамтад орж ямар хэцүү байсныг ч төсөөлөхийн аргагүй. Тиймээс энэ хэргийг нууцлахыг үүрэгдсэн дарга нар болон багш нарыг нь яаралтай олон нийтэд ил болгож тэдэнд зохих хариуцлагыг нь хүлээлгээх ёстой болов уу. Учир нь тэд ядарч туйлдсан бяцхан хүүхдүүдийг минь ээж, аав шиг нь хайрлана хэмээн татвар төлөгч бидний мөнгөөр цалинжиж амьдралаа залгуулж буй хэрнээ яагаад ийм хүйтэн хөндий цэвдэг сэтгэлээр тэр хүүд хандах болов оо.
Хатуухан хэлэхэд, тус төвийн багш нар болон сэтгэл зүйчид нь хүүхдүүдэд хэрхэн яаж анхаарлаа хандуулдаг тэдэнтэй тулж ажилладаггүй байсныг энэхүү аймшигтай үйл явдал харуулж байна. Мэдээж бид хохирогчийн хүүгийн байгаа хохирогчийг хамгаалах төвийг энд дурдахыг хүссэнгүй. Учир нь хүүгийн аюулгүй байдлыг бодсон учраас өөрсддөө олдсон бүх мэдээллийг энэхүү нийтлэлдээ дурдахыг хүссэнгүй.
Эцэст нь сэтгүүл зүйн салбарынхаа андууддаа хандаж хэлэхэд өнөөдрийн бидний мэдээлсэн энэхүү аймшигтай үйл явдал таны сайтын хандалтыг өсгөх хийгээд нэр хүндийг тань өндөрт өргөх мэдээлэл биш шүү гэдгийг сануулах байна. Учир нь өмнө нь хохирсон олон хүүхдийг зураг хөрөгтэй нь олон нийтэд мэдээлж байсан учраас ийнхүү сануулсан хэрэг. Харин бид хүүг ийм байдалд хүргэсэн дарга даамалуудыг олон нийтэд ил болгож тэднээс хүүгийн цаашид амьдарах амьдралын баталгааг нь нэхэж уг мэдээллийн араас явах нь зүйтэй биз ээ.
Бид буруутанд хариуцлага тооцох хүртэл хотын дарга Д.Сумъяабазарын чихнээс хонх уях болно гэдгээ мэдэгдэж байна.

URL: