Төрийн тахилгат ууланд олгосон лицензүүд-5

712-1607558598712-160643468011-27-3

Ховд аймгийн Дарви, Говь-Алтайн  Бугат, Тонхил сумын хилийн заагт орших Сутай хайрханыг  2007 онд Ерөнхийлөгчийн  183 тоот  зарлигаар төрийн тахилгатай болгож байв. Эндээс төр тахина гэсэн бол тэр чигээр нь  төрийн хамгаалалтад авсан гэх ойлголт төрнө. Ийм  байх учиртай санагдана. Гэтэл  Ерөнхийлөгчийн  зарлигаар дархалсан байхад Засгийн газар нь юм уу, Ашигт малтмал, газрын тосны газар эсвэл БОАЖЯ нь мэдэж эсвэл мэдэн будилж уул уурхайн компанид зөвшөөрөл өгсөн, өөгшүүлсэн  жишээ олон. Нэг гараараа тахиж, нөгөө гараараа ухаж төнхдөг увиагүй  төр Монголоос өөр газарт байдаггүй байх.

Сутай хайрханыг төрийн тахилгатай болгосны дараахан  Дарвийн нуруу орчим  дахь нүүрсний том ордын эзэмшигч нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Мо Эн Ко” буюу “Mongolian energy corporation” гэх компани  Хонгконгийн хөрөнгийн бирж дээр хувьцаа гаргаж  өчнөөн  тэрбум  ам.доллар босгосон нь  ил болсон. Энэ үеэс Төрийн тахилгат  Сутай хайрханы салбар уулс болоод тэр хавийн газар нутаг  сүйдэх  болсон нь нууц биш. Хөшөөтийн нүүрсний уурхайн нөөцийг 1967 онд Орос, Монголын геологчид тогтоосон бөгөөд Тавантолгойн орд газартай энэ зэрэгцэхүйц сайн чанарын коксжсон нүүрстэй гэж үздэг. Нөөцийн хэмжээ нь 2.4 тэрбум тонн.  Ховд аймгийн хэмжээнд ашиглалтын болон хайгуулын 186 лиценз олгосон байдгаас олонхи нь “Мон Эн Ко”-д байдаг гэсэн мэдээлэл бий.  Мөн эртнээс хятадуудад өгөх бэлтгэл ажил бага багаар, хэнд ч үл анзаарагдам далд байдлаар  хийж ирсэн.
Тухайлбал, Хөшөөтийг стратегийн орд газраас хасуулж, Мянган угалзтын нурууг тусгай хамгаалалттай газар нутгийн эхний ангилал болох дархан цаазтай газар нутагт хамаарч байсныг нь болиулсан байсныг  сэтгүүлчид хөндөж бичсэн нь цөөнгүй.
Тэгвэл УИХ, Засгийн газрын түвшинд дөнгөж өнгөрсөн жил Сутай хайрханы цогцолбор газрыг байгалийн  нөөц газрын ангиллаар улсын хамгаалалтад авах   асуудлыг  хэлэлцэж, нийт 22 газрын нэрийг баталсны дотор оруулсан.
Сутай хайрхан  уулын  орчмыг байгалийн нөөц газарт авсан дээрх шийдвэртэй ойролцоо тус газарт таван жилийн менежментийн төлөвлөгөө боловсруулах  хэлэлцүүлэг Ховд аймагт болсон.  БОАЖЯ, “Дэ Нейче Консерванси” (TNC) байгууллагын  Монгол дахь хөтөлбөрийн газар хамтран “Сутай хайрхан” уулын Байгалийн нөөцийн газрыг хамгаалах таван жилийн хугацаатай менежментийн төлөвлөгөө” боловсруулж байгаагаа мэдээлсэн. Үүгээр Сутай хайрхан уулын Байгалийн нөөцийн газрын менежментийн  төлөвлөгөө хэрэгжүүлэх газрын хилийн зааг, хамгаалалтын бүс, үнэт зүйлийг сонгосон. Биологийн олон янз байдлын өнөөгийн нөхцөл байдлыг үнэлэх, эрэмбэлэх, хамгаалах  тухай ярилцаж, цаашид тулгамдаж буй асуудлыг  тодорхойлох зорилготой гэж байв.
Хэлэлцүүлэгт оролцогчдын зүгээс Сутай хайрхан уулын орчны бүсэд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компани, аж ахуйн нэгжийн  үйл ажиллагаанаас шалтгаалсан байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, орчны бохирдлыг багасгахад хяналт тавих, дүйцүүлэн хамгаалах аргыг хэрэглэх замаар хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, нутгийн иргэдэд түшиглэсэн байгаль хамгааллыг сайжруулах, орчны бүсийн байгалийн дурсгалт газар, соёлын өвийг түшиглэсэн  орон нутгийн аялал  жуулчлалыг хөгжүүлэх,  иргэд олон нийтэд сурталчлан таниулах санал гаргасан байдаг юм байна.
Байгалийн нөөц газрын менежментийн төлөвлөгөө боловсруулснаар  Сутай хайрхан уулын  экосистемийг судлах, дахин давтагдашгүй байгалийн унаган төрхийг нь хадгалах, нэн ховор амьтан, ургамал устаж  үгүй болохоос урьдчилан сэргийлэх боломж бүрдэнэ. Тэгвэл Сутай хайрханы ар бэлд одоо ч нүүрс олборлосоор байгаа “Мо Эн Ко” компани цаашид яах вэ гэдэг асуулт гарч байна. Нөгөө талаар “Мо Эн Ко” компани өнгөрсөн онд  Хөшөөтийн уурхайгаас нэг  сая тонн нүүрс БНХАУ руу экспортолж, “Ховд Хөшөөт хөгжил сан”-д 2.3 тэрбум төгрөг төвлөрүүлсэн.  Энэ хөрөнгө оруулалтаар Ховд аймгийн эдийн засаг, нийгмийн салбарын 54 төсөл, хөтөлбөр арга хэмжээг санхүүжүүлсэн. Хөшөөтийн уурхайгаас Цэцэг, Дарви, Мөст, Зэрэг, Жаргалант гэсэн нөлөөллийн 10 сумын   иргэдэд нийт 5000 тонн нүүрсийг 50 хувийн хөнгөлөлттэй үнээр, Ховд, Эрдэнэбүрэн, Буянт, Мянгад гэсэн суманд Хотгорын уурхайгаас 1850 тонн нүүрсийг тус тус олгосон. Өөрөөр хэлбэл, Ховд аймгийн төдийгүй улсын хөгжил, бүтээн байгуулалтад голлох хувь нэмрийг оруулж байдаг  учраас үйл ажиллагааг нь тасалдуулж болохгүй хэмээн зарим хүн хэлдэг.
Гэтэл Төрийн тахилгат  Сутай хайрхан уул, Хөшөөтийн хөндийн үзэсгэлэнт байгаль,  цогцолбор газрын бүрэн бүтэн байдал, доройтол  нүүрсний олборлолтын  үйл ажиллагаанаас шууд хамаарсаар ирсэн. Сутай хайрхан уулаас эх авдаг мөрөн голуудаас  чимээгүй  ширгэж байхад  хэн ч энэ талаар дуугараагүй.
Социализмын үед  Сутайн ууланд хоригдлуудаар мод бэлтгүүлж,  ойн санг нь хядсанаас  гол горхи ширгэх үндэс тавигдсан байж болох. Дараа нь Хөшөөтийн уурхай ашиглалтад орсноор бүр ч лавширсан байж мэдэх юм.
Бас нэг мэдээлэл анхаарал татаж байсан нь 2009 оны үед “Эм Эн Ай Жи”  гэх компанийн  Ярантын боомтоор оруулж ирсэн гэх 84 тонн химийн хорт бодисыг  Хөшөөтийн уурхайн нурах шахсан байранд ил задгай хадгалснаас тэр хавийн ундны ус химийн хорт бодист бохирдох, нутгийн иргэдийн биеэр тууралт гарах болсон гэх асуудал хэсэгтээ шуугиан тариад намжсан.
Өдгөө зөвхөн Хөшөөтөөс Хятадын хил рүү нүүрс зөөх 320 орчим км автозамыг гэхэд Мянган угалзатын нурууг хөндлөн дайруулж барьсан байдаг.  Мянган угалзатын нуруунд  дархан цаазтай аргаль угалз, янгирын сүрэг идээшсэн нутаг. Монгол Алтайн нурууны нэгэн салбар уулс. Мянган угалзатын нуруу Их мянган, Бага мянган гэж хоёр хэсгийн дундуур дайруулан  зам тавьснаас аргаль, янгир нь дүрвэх болсныг иргэд хэлдэг.
Монгол Улсын тогтвортой хөгжилтийн үзэл баримтлал-2030, эрх баригч МАН-ын мөрийн хөтөлбөрт орсон тусгай хамгаалалттай газар нутгийг нэмэгдүүлэх бодлогын хэрэгжилт 2019 онд хоёр хувиар л нэмэгдүүлсэн үзүүлэлттэй байгааг УИХ-ын нэр бүхий гишүүд хэлж байв. Тодруулбал, Сутай хайрханыг байгалийн нөөц газрын ангиллаар  улсын тусгай хамгаалалтад авах асуудлыг хэлэлцэж батлах үеэр энэ асуудал хөндөгдөж байсан юм.
Газар нутаг, байгаль орчноо хамгаалах  нэн чухал бодлогод эрх баригчид ийнхүү  хойрго хандаж байгаа нь харамсалтай. Сутай хайрхан төрийн тахилгатай уул юм бол  цогцолбор газар, салбар уулсыг  хамтад нь  төр  хамгаалах л ёстой. Зарлигаас давсан  уул уурхайн эрх ашиг  байдаг юм бол төрийн тахилгыг больж, тэр чигт нь  нүүрсний ордын чиглэлээр  ашиглах ёстой байж таарна. Наашаа харж төрийн тахилга үйлддэг, цаашаа хараад   уул уурхайнханд ухуулж төнхүүлэх зөвшөөрөл өгдөг  Монголын төр хоёр  нүүртэй  байж таарахгүй.
Ч.Олдох
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL: