АН-ын асуудалд дарга нар биш дүрэм нь л буруутай гэв үү?

712-160747146399062617_2971800726242265_1430536014388002816_nАрдчилсан нам  алга болчихсон мэт байх боллоо.Улсын төсөв нь ганц хоёрхон сумд барилга барих зардал руу урсч байхад сөрөг хүчний дуу хоолой сул байв.

Эрх баригчид даварч  иргэдээ вакцинжуулахад мөнгө төсөвлөөгүй байхад ч эвлэрсэн мэт сууцгаав. Ерөнхийлөгч  төсөв хориг тавьсан ч Ардчилсан намын гишүүд шальтай дэмжсэнгүй. Энэ мэтчилэн сөрөг хүчний орон зай үгүйлэгдэж эхэллээ. Хэдийгээр улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж, хөл хорио тогтоосон ч  АН-ын гишүүдийн ам хэлийг хориогүй. Акц хийхийг нь хориглоогүй билээ.
АН яагаад ийм болов. Хоёр сонгууль дараалж ялагдсаны гор уу.  Лидергүй болсны  гай юу. Дүрэмгүйн зовлон уу, эсвэл дүрэмдэгч олширсных уу. Ийм олон асуулт байгаа ч тэд  нэг л хариулт хэлж байна. Бүх буруу намынх нь  дүрэмд байгаа гэнэ. Өөрөөр хэлбэл, дүрмээ шинэчилбэл нам нь, намын гишүүд нь  бас шинэчлэгдэж, шинэ арга барилаар ажиллаж эхлэх  бололтой.
Өнөөдөр АН  даргагүй үүрэг гүйцэтгэгчтэй байгаа. Уг нь намын даргын сунгаа явуулахаар  өнгөрсөн намар нэр дэвшигчдээ  бүртгэж, өдөр судраа  товлосон ч хөл хорионоос үүдэн тодорхойгүй хугацаагаар хойшилсон. Шинэ он гартал энэ байдал үргэлжилбэл  АН “Морь унасан толгойгүй хүн”  хэвээр  байх нь ээ. Ийм байдлаар цааш явбал тус нам  Ерөнхийлөгчийн сонгуульд  ямар ч  бэлтгэлгүй орж ялагдахаар  байгаа юм. Энэ бүхэн МАН-д л ашигтайгаар эргэнэ. Хэрэв тэгвэл  Ардчилсан нам, сөрөг хүчин мөхөхөд хүрч мэдэх юм.
Ер нь бол АН-ын байнгын  зовлон нь  дарга, цэргийн хэрүүлд  оршиж  ирснийг өөрсдөө ч хэлдэг, бусад ч дүгнэдэг. Үндэсний зөвлөлдөх хороо нь хуралдахаараа бодлого огт ярихгүй зөвхөн  намын даргаа огцруулна гээд оволзчихдог. Бүлэг, фракцийн талцал, зодоондоо өөрсдөө татагдаж унасаар ирсэн. Өөрсдөдөө дүгнэлт хийдэг, дотооддоо  хариуцлага тооцох гэгч зүйл огт байхгүй. Үүнийгээ ардчилал ийм байдаг гэж  тайлбарладаг.  Одоо ч ийм л байна.
АН одоогийнх шиг  дүрэмдээ буруугаа чихэж, гэдсэндээ хөлөө хийлцвэл сэхэхгүй. Тухайлбал, экс дарга С.Эрдэнэ “Дүрмээ шинэчлээд жил гаруй боллоо. Дахиж гар хүрэх шаардлагагүй. Дүрэмгүй тоглож байгаа нөхдүүд дүрэмдээ захирагд ажилла” гэсэн  байр суурийг саяхан  илэрхийлсэн. Дүрмийн шинэчлэл хийж буй Ажлын хэсэгт орсон  буй залуу гишүүд нь  “Дүрмээ шинэчлэхгүй бол, дарга гэгч Эзэн хаан намаар даам тоглоод, ацан шалаанд оруулчихаад хаяад явдаг” гэсэн шүүмжлэл хэлж буй.  Тус нам  хоёр сонгууль дараалан ялагдахад хэн ч хариуцлага хүлээгээгүй. Хэн ч байсан тамга, тэмдгээ ёс төдий  шилжүүлсэн болоод “Дураараа дургиж, дунд чөмгөөрөө наргих”  гэгчээр харсан зүгтээ алга болчихдог.
Үндсэндээ Н.Алтанхуягийн үеэс АН-ынхан  сайд, дарга болох амбицаа барьж чадалгүй Засгийн газраа огцруулж,  Ч.Сайханбилэгийг Ерөнхий  сайд болгосноор уруудаж эхэлсэн. Сүүлийн дараалсан хоёр ялагдлынх нь   эхний  шанг татаж  “Шүдэнз  зурсан гол хүн нь З.Энхболд байв. Түүнд хэн ч хариуцлага хүлээлгээгүй. Дараа нь С.Эрдэнэд мөн л хариуцлага хүлээлгэсэнгүй. Өнөөдөр АН даргагүй,  үүрэг гүйцэтгэгчээр толгойлуулаад  явж байна.  Гэтэл дүрэмд нь үүрэг гүйцэтгэгчтэй байна  гэсэн заалт байдаггүй. Уг нь С.Эрдэнэ  дараагийн даргадаа тамга, тэмдгээ хүлээлгэж өгөөд явах байтал тэгээгүй. Энэ алдаагаа хүлээн зөвшөөрөхийн оронд  дүрэмгүй тоглолт хийж байна хэмээн холоос шүүмжилж, “Намынхаа, улстөрийн дараа дараагийн сонгуульд амжилт гаргахын төлөө идэвх чармайлттай ажлаарай” хэмээн даажинтайгаар  ёжилж сууна.
Өдгөө  АН-ын гол алдаа өөрсийгөө толинд хардаггүй,  хариуцлага хүлээх чадвартай хүн нэг ч  байхгүй д л оршиж байна гэвэл хилсдүүлсэн болохгүй.  Гэмтэн байлаа гэхэд хариуцлага хүлээлгэх хэмжээний  зангараг, чадамж  энэ намд   бас  алга. Эзэн биегүй  дүрэм рүү буруугаа  чихэх амархан. Алдаагаа олж харах нүдгүй 300 мянга гаруй гишүүнтэй  байна гэдэг ч  эмгэнэл.
Ардчилсан нам  ийнхүү амь тавихад хүрсэн энэ өдрүүдэд ардчилсан угшилтай наван нам нийлж АН-ыг анх байгуулсан  түүхт ой,  МоАХ үүсэн байгуулагдсан тэмдэглэлт баяр  тохиож байгаа  юм. Энэ үйл явдал уруудаж яваа АН-д сэхээрэл авах дохио,  сэрүүлэг болбол сайн сан.
Ч.Зотол
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

URL:

Tags: