АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 2021 оны цэргийн төсвийн төслийг баталжээ
АНУ-ын Конгрессын Төлөөлөгчдийн танхим 10 дугаар сарын 1-нээс эхэлсэн 2021 оны санхүүгийн жилийн батлан хамгаалахын төсвийн төслийг мягмар гарагт баталлаа. Нийт 740 гаруй тэрбум ам.долларын хэмжээтэй батлан хамгаалахын төсвийн төсөлд Пентагоны үндсэн хэрэгцээнд 635.5 тэрбум ам.доллар, Эрчим хүчний яамаар дамжуулан үндэсний аюулгүй байдлын чиглэлээр хөтөлбөр хэрэгжүүлэхэд 26.6 тэрбум ам.доллар, гадаадад ажиллагаа явуулахад 69 тэрбум ам.доллар тус тус хуваарилахаар тусгажээ. Үүнээс гадна, хий дамжуулах хоолой тавих “Умардын урсгал-2” болон “Туркийн урсгал” төслийн эсрэг хориг арга хэмжээг өргөжүүлэх, мөн Оросын зенитийн пуужингийн “С-400” системийг худалдаж авсантай холбоотойгоор Туркийн эсрэг заавал хязгаарлалт тогтоох тухай заалт багтсан байна. Түүнчлэн Украинд цэргийн тусламж үзүүлэхэд 250 сая ам.доллар хуваарилжээ.
Өнгөрсөн зун эхлээд Ардчилсан намын хяналтад байгаа Төлөөлөгчдийн танхим, дараа нь Бүгд найрамдахчууд олонхын суудал эзэлдэг Сенатын танхим 2021 оны цэргийн төсвийн төслийн өөрийн гэсэн хувилбаруудыг баталсан юм. Эдгээр хоёр баримт бичгийг нэг бүрчлэн тохиролцохын тулд хоёр танхимын төлөөлөгчдөөс комисс байгуулжээ. Хууль тогтоогчид хэлэлцэн тохиролцсон баримт бичгээ өнгөрсөн долоо хоногт танилцуулсан байна. Одоо уг баримт бичгийг Сенатын танхим хэлэлцэх юм. Хэрэв хуулийн төслийг Америкийн хууль тогтоох байгууллагын дээд танхим баталбал Ерөнхийлөгчид гарын үсэг зуруулахаар хүргүүлнэ. Харин Вашигтоны засаг захиргааны одоогийн тэргүүн Дональд Трамп энэхүү баримт бичигт хориг тавина гэдгээ мэдэгдсэн юм.
URL: