Л.Мөнхбаясгалан: За Дулмаа минь… уучлаарай
- Та нар битгий хуц аа !!!-
Цар тахалын улмаас Засгийн газрын шийдвэрээр хатуу хөл хорионд ороод Улаанбаатрчууд, Сэлэнгэ, Дарханчууд бараг 20 хонолоо. Энэ хооронд өдөр тутмын орлогоороо амьдардаг өрх бүлийн орлого тасарч тэд хоол ундаа дэлгүүрээс зээлж өрийн дэвтэр зузаарсаар байна. Жижиг дунд бизнес эрхлэгчид өдөр өдрөөр дампуурлаа зарлаж байна. Зарим банк ажилчидынхаа цалинг өгөхгүй ээлжийн амралтыг нь хүчээр өгч байна.Харин үед Монгол улсын Ерөнхийлөгч өрх бүрт сая төгрөгийн ваучер олгох санал гаргав. Тэр дундаа ваучераар хүнс хоолоо авах компаниудаас өөрийнхөө хувьцаа эзэмшдэг компаниудыг хасахаа ч мэдэгдсэн. Гэвч Засгийн газар хүлээн авсангүй. Зарим их мэдэгчид үүнийг халамж хэмээн андуурч, ажлын байраа нэм гэж дүвчигнэв.
Хатуу хөл хорионы үед нэмдэг ажлын байр ч гэж хаана байх билээ. Ерөнхийлөгчийн санаачилсан сая төгрөг бол халамж биш. Энэ бол нөхөн олговор. “За Дулмаа минь, чиний ажлыг бид Засгийн газрын шийдвэрээр зогсоолоо. Тиймээс чи орлогогүй болж ажил амьдрал чинь доголдлоо. Гэхдээ энэ бол цар тахал гэдгийг ойлгож байгаа биз дээ. Тиймээс энэ удаа яахын аргагүй ийм шийдвэр гаргасан төр засгаа уучлаарай. Энэ мөнгөөр түр ч гэсэн аргацаагаарай. Энэ бол нөхөн олговор юм шүү. Бид өвчний тархалтыг яаралтай хяналтад аваад хориогоо тавихаар өдөр шөнөгүй ажиллаж байна. Ажил амьдарлыг чинь доголдуулсандаа хүлцэл өчин байна ” гээд сая төгрөг өгөх юм. Ийм л ухааны юм. Энэ бол нөхөн олговор. Дэлхийн бараг бүх орон ингэж өгч байгаа. Харин Монгол улс л байдаггүй. Бид уг нь татвараа төлсөн. Та нарын үг болгонд чинь орсон. Маскаа зүү гэхэд нь зүүсэн. Хандив өг гэхэд нь өгсөн. Гэрээсээ битгий гар гэхэд нь гараагүй. Хөл хориход чинь хөлөө хориулсан. Хувийн машинаа тавиад автобусанд чихэлд гэхэд нь чихэлдсэн. Өвлийн хүйтэнд гадаа дугаарлаж шинжилгээ өг гэхэд чинь үр хүүхдээ хөтлөөд хөлдөж үхтлээ дугаарлаад өгсөн. Та нарын хий гэснийг л хийсэн. Харин та нар яагаад бидэнд нэг удаа нөхөн олговор өгч болдоггүй юм бэ. Бид татварт төлсөн мөнгөө давагдашгүй хүчин зүйл үйлчилж байгаа энэ хэцүү хүнд үед авья гэсэн. Харин та нар өгсөнгүй…Харин ч хөөрхий иргэдээсээ УИХ -ын баян гишүүд нь хандив гуйж жүжиглэв. Хүчээ нэгтгэсэн эрх баригчдад одоо хэлэх үг бол “Та нар битгий хуц аа !!! “
URL: