“ДРАГОН” төвөөс өдөрт 1000-1200 иргэнийг орон нутагт нь буцааж байна
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын өнгөрсөн сарын 24-ний өдрийн тушаалаар Улаанбаатар хотод хязгаарлалтын дэглэмд саатсан иргэдийг нутаг оронд нь буцаах арга хэмжээг энэ сарын 1-нээс эхлүүлээд байна. Дээрх хугацаанд хот хоорондын тээврийн хэрэгслээр 15 мянга гаруй, арванхоёрдугаар сарын 3-наас эхэлсэн тусгай үүргийн нислэгээр 516 зорчигчийг нутагт нь буцаажээ.
Тэдгээр тээврийн хэрэгслээр орон нутгаас 3500 гаруй, онгоцоор 233 зорчигч нийслэлд ирсэн байна. Хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээг “Драгон”, “Лавай” “Тэнгэр” төвөөр үзүүлж байгаа бөгөөд бид өнгөрсөн бямба гарагт “Сонгинохайрхан” зорчигч тээврийн төв буюу бидний хэлж заншсанаар “Драгон” төвөөр очиж, байдлыг газар дээрээс нь сурвалжиллаа. Тус төвийн талбайд орон нутгийг зорьж буй иргэдийг шалгаж, нэвтрүүлэх зургаан сувгийг нээж, цагдаагийн алба хаагчдын харуул хамгаалалтын дор мэргэжлийн хяналт, зорчигч тээврийн төвийнхөн хяналт явуулж, бичиг баримт, шинжилгээний хариу зэргийг тулган шалгаж байлаа. Уг төвөөс 10:00 цагт Баянхонгор, 12:00 цагаас Баян-Өлгий, 14:00 цагт Увс, 16:00 цагт Ховд аймаг руу өдөр бүр найм хүртэл автобусаар зорчигчдыг тээвэрлэж байгаа аж. Энэ сарын 5-наас коронавирусийн голомт болоод байгаа Орхон, Архангай аймаг руу зорчих хүсэлтэй иргэдийг цахимаар бүртгэж эхэлсэн байна.
“Сонгинохайрхан” зорчигч тээврийн төвийн дарга Ц.ЦэцэгУндралтай уулзахад, “Өнөөдөр / энэ сарын 5–ны 14:00 цагийн орчимд/ -ийн байдлаар нийт 122 тээврийн хэрэгслээр 4635 зорчигчийг баруун дөрвөн аймагт зорчуулаад байна. Эдгээр автобусны зарим нь буцахдаа орон нутгаас зорчигчдыг тээвэрлэж байгаа. Тодруулбал, 35 тээврийн хэрэгслээр 676 зорчигч нийслэлд ирсэн байна” гэж мэдээллээ. Иргэдийг орон нутагт зорчуулахад шинжилгээний хариу бичигт регистрийн дугаарыг буруу бичих, бусад мэдээллийг ташаа өгснөөс бичиг баримтаасаа зөрж багагүй хүндрэл учирч байгааг тэрбээр хэлж байсан юм. Биднийг ярилцаж суух хооронд хоёр ч хүн ийм асуудал тавьж, холбогдох байгууллагаас лавлагаа, зөвлөмж авахыг Ц.Цэцэг-Ундрал дарга анхааруулаад гаргалаа. Иймэрхүү байдал цөөнгүй гарч, зарим тохиолдолд зорчигчийн тасалбарыг буцаах, иргэнд хүндрэл чирэгдэл учруулах явдал ч байгааг Сонгинохайрхан дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга С.Болорцэцэг ярьж байлаа. Тэрбээр энд ажиллаж байгаа ажилтнууддаа үүрэг чиглэл өгөх, тус төвийн халдвар хамгааллын байдалд хяналт тавих, шалгах зорилгоор өдөр бүр эргэж тойрч байгаа аж. Бид тус төвийн даргатай хамт зорчигчдын талбайгаар явж, иргэдийг хэрхэн нэвтрүүлж байгааг харлаа. Увс аймаг руу зорчих долоон автобусыг талбай дээр байрлуулжээ. Нэг автобус руу орж үзэхэд үндсэн болон ээлжийн жолооч, сэжиг бүхий зорчигч байвал бусдаас нь тусгаарлахаар эхний хоёр суудал, жолоочийн бүхээг зэргийг гялгар материалаар тусгаарласан байна. Мөн зорчигчдыг тээвэрлэх явцад баримтлах түр журмын талаар зааварчилгаа өгч, нэг автобусанд 40-өөс дээш хүн суулгахгүй байхаар зохицуулалт хийжээ. Цааш явж, шалган нэвтрүүлэх бүсэд очиход зорчигч хооронд 1.5- 2 метрийн зай бариулах ажлыг цагдаагийн алба хаагч, тухайн чиглэлийн их, дээд сургуулийн сонсогчид зохион байгуулж, мэргэжлийн хяналт, тээврийн зохицуулалтын ажилтнууд иргэн бүрийн биеийн халууныг хэмжиж, холбогдох бичиг баримтыг шалгаж байлаа. Энэ үеэр Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн газрын III хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасгийн чиглэлийн ахлах байцаагч, цагдаагийн ахмад Б.Баттулгатай хэсэг зуур ярилцлаа. Түүний хэлснээр, тус хэлтсийн 30 алба хаагч, 20 сонсогч “Драгон” төв дээр ажиллаж байгаа аж.
Өдөрт 1000-1200 иргэнийг хөдөө орон нутагт зорчуулж байна. Энэ ажлын явцад иргэдийг 15-20 минутын дотор шалгаж нэвтрүүлэхийг хичээж байгаа ч зорчигч нь тогтоосон цагаас хоцрох, бичиг баримт, шинжилгээнд хамрагдсаныг нотлох код нь зөрчилтэй байх зэргээс үүдэж, зарим хүндрэл гарч байгааг тэрбээр хэлж байсан юм.
Тэд өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй, бага насны хүүхдээ дагуулсан иргэнд дугаар харгалзалгүй үйлчилж байгаагаа ч ярьж байлаа. Тэнд хэсэг саатах хугацаанд ачаа бараандаа түүртсэн, хүүхдээ дагуулсан хүмүүст цагдаагийн ажилтан, сонсогчид тусалж буй дүр зураг харагдаж байсныг хэлэх хэрэгтэй. Улсын онцгой комиссоос иргэдийг хөдөө орон нутагт зорчуулах түр журамд өөрчлөлт оруулсантай холбогдуулан бага насны хүүхдийг бусдаар асруулан халамжлуулж явуулах, насанд хүрээгүй хүүхдийг эцэг эх, асран хамгаалагчгүйгээр зорчуулахыг хориглосонтой холбоотой асуудал гаргахгүй байхыг ч анхааруулж байлаа. Харин хөдөө орон нутгаас ирсэн зорчигчдыг “Драгон” төвийн ар талын хашаанд хүлээн авч, биеийн халууныг үзсэний дараа бичиг баримтыг шалгаж, нийтийн тээврийн унаанд суухыг зөвшөөрөн гаргаж байсан юм. Гэхдээ энд сиймхийг ашиглан хяналт шалгалтаас гадуур өнгөрч болзошгүй дүр зураг харагдаж байлаа. Мөн өнгөрсөн сарын 29, 30, энэ сарын 1-нд шинжилгээ өгсөн иргэдийн хариу бүгд сөрөг гарсан гэх мэдээллийн дагуу зорчигчдын онлайнаар бүртгүүлж, худалдан авсан тасалбарыг шалгаад автобусанд суулгаж, орон нутагт нь тээвэрлэн хүргэсэн байна. Түүнээс хойш гар утсанд нь мэдээлэл ирүүлдэг болсноор ажил хөнгөрсөн ч ухаалаг утасгүй, байсан ч түүнийгээ ашиглаж чадахгүй иргэд байдгаас “Драгон” төвийн тасалбар түгээх цэгт цөөнгүй иргэн дугаарласан байлаа. Тэдний мэдээллийг тодруулах, тасалбарыг нь буцаах, шинээр бичиж өгөх зэргээр зарим нэг хүндрэл байгааг холбогдох албаныхан хэлж байсан юм.
Д.Мөнхжаргал
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
URL: