Бид агуу зүйлсийг бүтээж чадахгүй ч агуу хайрыг бүтээж чадна

128744145_3399301313629014_1077387377784070409_n
Би айлын ганц хүүхэд. Эх маань оройтож гэрлэсэн тул эмч нар хүүхэд гаргахыг хориглосон байжээ. Харин ээж намайг гаргахын тулд өөрийгөө зольж, гэдсэндээ 6 сартай болтол эмчид очоогүй гэдэг.
Би бол гэр бүлдээ хамгийн их хүсэн хүлээсэн хүүхэд байсан болохоор эмээ өвөөгөөс эхлээд хүн бүр хайрлахын дээдээр хайрлаж, алган дээрээ бөмбөрүүлж өсгөсөнсөн.
Амьдрахын эрхээр ээж ажилдаа орж, намайг “Тимирязовын Aкадем”-ийн ойролцоо “Дубки” зогсоолын хажуугийн хүүхдийн цэцэрлэгт өглөө. Ээж маань ажилдаа хоцрохгүйн тулд хамгийн түрүүний трамвайгаар явна. Нэг трамвайнаас буугаад намайг цэцэрлэгт оруулж, багшид маань хүлээлгэн өгөөд дараагийн трамвайд сууж ажилдаа явдаг байсан.
Хэд хэдэн удаа ажилдаа хоцорсон тул ээжид маань ажлаас халах тухай сануулах арга хэмжээ авчээ. Тэр үеийн л хүмүүсийн нийтлэг төрхөөр амьдрал маань тийм ч хангалуун биш, аавын авдаг багавтар цалингаар яагаад ч хүрэлцэхээргүй байсан тул ээж маань анх удаа зүрх зориг гарган сэтгэлээ чангалан байж нэг шийдвэр гаргасан нь гурван настай намайг трамвайн буудал дээр буулгаад цаашаа шууд явах, би цэцэрлэг рүүгээ өөрөө явж орох ёстой байв.
Бурханы авралаар эхний өдрөөс л бүх зүйл амжилттай боллоо. Харин ээжийн маань хувьд буудал дээр буулгасан намайг цэцэрлэгийн хашаа руу орох хүртэл тэр хэдэн хором амьдралынх нь хамгийн аймшигтай, түгшүүртэй хором байсан нь мэдээж. Намайг буулгангуутаа трамвайны хойд цонх руу гүйн хүрж, айж сандарч том болсон нүдээр намайг харан, харан цаашлан одох ээжийнхээ харцыг одоо ч би сайн санадаг юм. Өвлийн тэсгэм хүйтэнд хөлдөөчихгүй гэсэндээ зузаан дээл өмсгөж, нүдийг маань хүртэл ороолтоор ороосон тул би цэцэрлэгтээ хүрэх гэж нэлээн чармайлт гарган удаан гэгч явна.
Харин хэд, хэдэн удаа ээж бид хоёр ингэж хөглөж байтал гэнэт ээжийн маань суусан трамвай буудлаас удаан гэгч нь хөдлөөд намайг цэцэрлэгийн хашаагаар оров уу, үгүй юу хурдаа аван давхиж одох болсныг анзаарлаа. Ийм байдлаар лав л 3 жил, намайг бүр сургуульд ортол үргэлжилсэн юмдаг. Ээж трамвай яагаад зөвхөн энэ буудлаас ингэж удаан явж эхэлдэг тухай шалтгааныг хайгаад олоогүй бөгөөд хамгийн гол нь тэрээр намайг цэцэрлэг рүүгээ гүйж орохыг хараад баяртай гэгч нь гараараа даллан цааш оддог болов. Ээжийн маань сэтгэл үнэхээр амар амгалан байсан.
Харин сургуульд орсныхоо дараа учрыг нь санамсаргүй олж билээ. Нэг удаа ээж намайг ажил руугаа дагуулж явахаар боллоо. Хамгийн эхний трамвайнд гүйж ортол жолооч эмэгтэй инээмсэглэн “Сайн уу, залуу минь? Ямар том болоо вэ? Чиний ээж бид хоёр чамайг цэцэрлэгийн хаалгаар ортол үдэж өгдөг байсныг санаж байна уу?” гэлээ.
Тэр цагаас хойш олон жил өнгөрчээ. “Дубки” трамвайн зогсоолын хажуугаар гарах болгонд үл таних бүсгүй, хүү хоёрт туслаж, хүүг нь цэцэрлэгийн хаалгаар ортол хурдаа саан зогсдог байсан сайхан сэтгэлт тэр эмэгтэйн тухай дандаа боддог юм. Бусдын амар амгалан, сайн сайхны төлөө сэтгэл гарган чадлаараа тусладаг байсан энэ эмэгтэйн тухай бодох бүр бусдын төлөө жаахан ч гэсэн сайхан зүйл хийх урам сэргэж, “хорвоо дэлхийд сайхан хүмүүс хичнээн ч олон юм бэ дээ” гэж дуу алдмаар нэг л сайхан болдог билээ.
БИД БҮГД АГУУ ЗҮЙЛСИЙГ БҮТЭЭЖ ЧАДАХГҮЙ Ч АГУУ ХАЙРЫГ БҮТЭЭЖ ЧАДНА …… SHARING IS CARING, Бусаддаа түгээж халуун хайрыг гарт нь хүргэе.
Семен Семеныч. Москва Barry Led
via Oko Mooko

URL: