“Чингис хаан” музейн барилгад зориулж ирэх оны улсын төсөвт тусгасан мөнгийг танаж, “КОВИД-19” цар тахлын эсрэг зарцуулах нь зүйтэй гэж хэсэг бүлэг гишүүд ярилцаж, энэ санаагаа ч хүчтэй илэрхийлж эхэллээ. Тэднийхээр бол 2021 оны улсын төсөвт тусгасан хөрөнгө оруулалтуудаас ганц “үргүй” зардал нь “Чингис хаан” музейн барилга гэнэ дээ. Монголчууд бид өдий хүртэл “Бидний өвөг, дээдэс бол Чингис хаан” хэмээн олон улсад өөрсдийгөө танилцуулж, цээжээ дэлдэж, нэр алдар, байгуулсан гавьяаных нь сүр хүчний дор нуугдан явж ирсэн. Тэгсэн атлаа “Чингис хаан”-ы гэх тодотголтой юу хийж, бүтээж, байгуулсан бэ. Хамгийн чухал нь Чингис хаанаас хойших 800 гаруй жилийн түүхэн дурсгалт эд зүйлс, өв сан, төрт ёсны ном сударт, баримт сэлтийг бид хадгалж, хамгаалж, авч үлдэж чадсан бил үү. Мэдээж сархадны шилэн дээр зургийг нь мөнхөлж, нэрээр нь бонд гаргаж, гадаадаас зээл авч, төрийн ордныхоо өмнө суугаа хөшөөг нь залахаас өөрөөр шүү дээ. Үнэндээ өнгөрсөн 30 жил төр засгаас Чингис хааны үлдээсэн өв соёл, төрт ёс, түүхэн уламжлал, үнэт зүйлсээ хамгаалах, сурталчилан таниулах чиглэлээр дорвитой ажил хийгээгүй.
Гэтэл биднийг “Чингис хаан” хэмээн дэмий цээжээ дэлдэж суух хооронд Хятадууд Чингис хааны тухай хэд хэдэн баримтат болон цуврал кино хийгээд дэлхий нийтэд цацаж, түүхэн дурсгалуудыг нь өөрийн болгоод өмчлөөд эзэн суучихсан, ном сурах бичигтээ өөрсдийн хаан байсан мэтээр бичиж, хүүхдүүддээ тэгж заагаад сууж байна. Яг одоо бол бидэнд Чингис хаан гэх зөвхөн нэр нь л байгаа. Харин “Чингис хаан бол Монголын эзэнт гүрний их удирдагч байсан” гэх нотлох баримтууд нь харь улсад, хөрш Хятадад байгаа. Үйл хэрэг, үнэт зүйлсийг нь хадгалж, хамгаалж чадахгүй байгаа хэрнээ хоосон бахархаад яах юм бэ. Харин Монгол Улсын Засгийн газар 2019 оны долдугаар сарын 3-нд түүхэн шийдвэр гаргасан. Тэр бол “Чингисхаан” музей байгуулах тогтоол баталсан явдал юм. Гэсэн ч музейн зураг төсөл боловсруулах ажил удааштай байсан. Энэ үед Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Монголын төр сүүлийн 30 жил уул уурхай ярьсан. Нэг зүйл орхигдуулсан нь соёл, урлагийн хөгжил, соён гэгээрүүлэх үйлс. Эв нэгдэлтэй байж, эх орондоо, хойч үедээ юм хийж үлдээе. Санхүүжилтийг нь Засгийн газраас шийдвэрлээд байхад гүйцэтгэл хийгдэхгүй байгаад дунд шатны дарга нар буруутай. Ажлаа хийж чадахгүй бол тэтгэвэртээ гараад, ажлаа өгцгөө” хэмээж, яаравчлуулж байлаа. Улмаар энэ оны дөрөвдүгээр сарын 2-нд хуучин Байгалийн түүхийн музейн газар дээр “Чингис хаан” музейн шавийг тавьж, ёслолд оролцсон төрийн түшээд цөм л “Монголчууд бидний хувьд түүхэн өдөр тохиож байна” хэмээн онцолж байсан.
Чингис хаан музей бол зүгээр ч нэг музей төдий бус Монголын түүхийг харуулах, судлах, сурталчлах бүх орчныг бүрдүүлсэн цогцолбор болж босно. Эл музейд Чингйс хаанаас гадна Хүннү гүрний хаан Модун Шаньюгаас эхлээд VII дугаар Богд Жавзандамба хутагт хүртэл 36 хааны түүхийг дэлгэн харуулна. Мөн олон улсын эрдэмтэн судлаачид судалгаа шинжилгээ хийх танхим, хурал зөвлөгөөн хийх танхим, оюутан сурагчдад зориулсан түүхийн хичээлийн танхим зэрэг сургалт, судалгааны танхимууд эл музейд байх юм.
Түүнчлэн хамгийн чухал нь Чингис хаан музейд одоо монголд байгаа дурсгал, үзмэрүүдээс гадна дэлхийн 36 орноос Чингис хаантай холбогдолтой үзмэрүүдийг авчирч байрлуулна. Өөрөөр хэлбэл, Хятадуудын “биднийх” гээд өмчлөөд сууж байгаа үзмэрүүдийг, дэлхийн бусад орны музейнүүдэд хамгийн үнэтэй, ховорт тооцогдож байгаа Чингис хаантай холбоотой үзмэрүүдийг эх орондоо авчирч, өөрийнх нь музейд залах юм.
Товчхондоо, “Чингис хаан” музей ашиглалтад орсны дараа монголчууд бид Чингис хааны нэрээр, алдар гавьяагаар нь нүүр улайхгүй бахархаж, үйл хэрэг, үлдээсэн үнэт зүйлсийг нь хойч үедээ өвлүүлэн үлдээх эрхтэй болох юм.
Одоо л нэг Чингис хаанаараа нүүр бардам бахархах нь, түүхэн гавьяаг нь үр хойчдоо зааж зөвлөх боломжтой болох нь, хамгийн чухал нь харь улсад гарчихсан түүхэн дурсгалууд эргэж ирэх нь хэмээн ард түмэн баярлаж, ашиглалтад орохыг нь хүлээж суугаа. Гэтэл “Чингис хаан” музейд зориулж төсөвт тусгасан мөнгийг “КОВИД-19” цар тахлын эсрэг зарцуулна гэж хэсэг бүлэг төрийн түшээд нь яриад, энэ санаагаа хэрэгжүүлэх гээд сууж байна. Коронавирусээр далимдуулан “Чингис хаан” музейн төслийг зогсоох нь хэн ашигтай юм бэ.
Дэмжээд байгаа сөрөг хүчнийхэнд үү, Чингис хааны дурсгал, үзмэрийг худалдаж баяжаад байгаа Хятад наймаачдад уу. Коронавирус гэж ард түмнийг айлгаад ардуур нь “Чингис хаан” музейн төслийг зогсоох харь орны бодлогыг манай төрийн түшээд гүйцэлдүүлээд байна уу. Музейн төслийг нь царцаагаад түүхэн дурсгалуудыг нь баттай өөрийг болгох гэсэн соёлын наймаачдын гар хөлийн үзүүрүүд төрд шургалчихсан байна уу.
Мэдээж, Коронавирус аюултай юу, аюултай. Бүр хүний амь насанд хүрэх аюултай. Гэхдээ түүхэн өв соёл, үнэт зүйлээ хадгалж, хамгаалж чадахгүй алдах нь үндэстнийг мөхөлд хүргэх аюултай гэдгийг тэд ойлгохгүй байх шиг. “Цар тахлын үед музей шиг хэрэггүй юм байхгүй” гээд яриад сууж байгаа нь үнэндээ үндэстнийхээ эсрэг бодлого ярьж байгаа хэрэг шүү. Жишээ нь, “Чингис хаан” музейн барилгыг нэг, хоёр жилээр хойшлуулаад яаралтай шаардлагатай зүйлсдээ хөрөнгө мөнгөө зарцуулах нь зөв” гэж байна. Гэтэл “Чингис хаан” музейн барилгыг хойшлуулсан хоёр, гурван жилд их хааны хичнээн ховор дурсгал хулгайн замаар орж, ямар үнэтэй үзмэрүүд хил дамнан наймаалагдаж байгааг тоо- цох арга байхгүй шүү дээ. Өнгөрсөн 30, 40,…100 жил бид түүхээ хулгайлуулсаар ирсэн, Тэднээс буцааж авъя гэсэн ч “Өөрийнх нь нэрээр нэрлэсэн музей ч байхгүй юм байж” гэдэг үгээр л амаа таглуулаад сууж байгаа.
Тиймээс түүхээ хамгаалахын төлөө 30 жил хийгээгүй ажлаа нэг эхлүүлсэн дээрээ дуусгамаар байна. Коронавирусийн эсрэг санхүүжилтийг нэн яаралтай шийдвэрлэх нь зөв ч гэлээ энэ мэт түүх соёл, үндэстний үнэт зүйлсийг хамгаалах чиглэлээр тусгасан мөнгөнд гар дүрмээргүй байна.
Б.ЦОГТБАЯР