Хятадын аппарат сарны гадаргуугаас дээж цуглуулж дуусжээ

712-16069734811БЭЭЖИН. /TASS/. Хятадын “Чанъэ-5″ сансрын автомат станц сарны гадаргуугийн дээд давхарга дахь сул хөрс /реголит/ цуглуулах ажлаа дуусгажээ.

Хятадын үндэсний сансрын корпорациас мэдээлснээр, 12 дугаар сарын 2-ны өдөр Бээжингийн цагаар 22:00 цагт дээж цуглуулж дуусны дараа аппаратын буух, хөөрөх хоёр модуль “дээжийг савлах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн байна”. Дээж цуглуулах ажил 19 цаг үргэлжилжээ. Ирэх өдрүүдэд “Чанъэ-5″ хөрсний дээжийг сарны тойрог замд хүргэж, дараа нь дэлхий рүү авчрах юм.
“Чанъэ-5″ аппаратыг өнгөрсөн долоо хоногт “Чанжэн-5″ зөөгч пуужингаар хөөргөсөн билээ. Хөөргөснөөс хойш гурван долоо хоног орчмын дараа (ойролцоогоор 12 дугаар сарын 17-нд) сарны хөрсний дээжийг манай гарагт авчрах ёстой байна. Нийтдээ 2 кг чулуулаг цуглуулахаар төлөвлөсөн бөгөөд үүнийг Хятадын эрдэмтэд шинжлэх ухааны зорилгоор төдийгүй саран дээр судалгааны бааз байгуулах бэлтгэл ажлыг хангах төсөлд зориулж судлахаар төлөвлөж байгаа аж.
Хэрэв даалгавар амжилттай хэрэгжвэл Хятад улс АНУ, ЗХУ-ын дараа сарны хөрсний дээжийг дэлхий рүү авчирсан дэлхийн гурав дахь улс болно. Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын гараг хоорондын “Луна-24″ станц сарнаас 170 грамм чулуулгийн дээж авчирсан юм.
Д.Жаргал
Эх сурвалж: Монцамэ агентлаг

URL:

Tags: