Дотно андын тухай цөөн үг

128361673_2895080430775220_4255583924355555500_o
Би Эрдэнэт хотын төр захиргааны байгууллагын “Эрдэнэт” сонины эрхлэгчээр 1990-1993 онд ажиллаж байхдаа Үржингийн Хүрэлбаатартай дотно сайхан танилцаж билээ. Тэр үед Хүрэлбаатар Нийслэлийн төв хэвлэл “Улаанбаатар” сонины Ерөнхий эрхлэгчээр ажиллаж байсан юм даг. Улсын хэмжээнд эд бараа ховор, тэр дундаа хивс нүдний гэм байлаа. Эрдэнэтийн хивсний үйлдвэр ажилчдадаа болон хотын хөдөлмөрчдөд ганц ганц хивс тусгай тасалбараар олгож, сүйхээтэй нэг нь олж авсан хивсээ өмнөд хөрш рүү гарган наймаалж, эргэхдээ элдэв бараа авч ирэн хөлжиж байсан тул хивс эрэлт хэрэгцээ ихтэй байсан цаг л даа. Хүрэлбаатар над руу утасдаж, манай редакц танайхтай холбоо тогтоомоор байна, Эрдэнэт хоттой ч танилцъя гэхэд нь би уриалган хүлээн авч, “Эрдэнэт” үйлдвэр, Хивс, Хүнсний үйлдвэрүүдээр дагуулан явж танилцуулан, хэрдээ л “Улаанбаатар” сониноор дамжуулан Эрдэнэтийн их бүтээн байгуулалтаа сурталчлаад авъя гэж бодсон хэрэг. “Улаанбаатар” сонины ажилтнууд тийнхүү Эрдэнэтэд зочилж, Хүрэлбаатар маань сониныхоо бүх ажилчдыг нэг нэг хивстэй болгож аваад буцаж билээ. Сайн удирдагчийн овсгоо юм даа.
Хүрэлбаатар сониныхоо дугаар бүрд “Ерөнхий эрхлэгчийн зурвас” булан нээж, түүндээ улс орны амьдрал, соёл урлаг, шинэ содон үйл явдлын тухай яг нэг хэмжээнд тааруулан бичиж байсан нь бас л сонин бөгөөд сэтгүүлчийн ур чадвар л юм даа. Тэрхүү тэргүүн нийтлэлүүдээ эмхэтгэн “Ерөнхий эрхлэгчийн зурвас” ном хэвлүүлсэн нь монголын сэтгүүл зүйд анхных байх аа.
Хүрэлбаатар эрхлэгч “Улаанбаатар” сонины нэрэмжит гоц авъяастны Хан гарди шагналтныг тодруулж, орон сууцаар шагнуулж байсан нь нүнжигтэй удирдагчийн шинж байж дээ. Тэр үед Д.Норовын үг, Д.Баттөмөрийн ая “Дорнын цагаан саран” дууг гитардан дуулж олны таашаал хүлээж эхлээд байсан Д.Сосорбарамыг “Улаанбаатар “сонины нэрэмжит гоц авьяастны анхны “Хан гарди” шагналтнаар тодруулан нийслэл хотын захиргаанд хүсэлт тавин хоёр өрөө байраар шагнуулж байсан нь ямархан нэр нөлөөтэй эрхлэгч байсны нотолгоо юм даа.
“Улаанбаатар” сонины Ерөнхий эрхлэгч байхдаа тэрээр Улсын арслан цолтонгуудын нэрэмжит барилдааныг анхлан санаачилсан. Бөх сонирхогчид хийгээд бөхөд хайртай монгол түмний харах дуртай энэ барилдаан улсын црлтой болон цолгүй бөхчүүдийн нэрэмжит барилдаан болон цааш дэлгэрсэн нь Ү.Хүрэлбаатарын гавьяа юм гэж би боддог. “Улаанбаатар” сонины жишгээр Эрдэнэт хотод анх Улсын заан цолтны барилдаан хийж нэлээд хэдэн жил уламжлал болгон зохиож байсныг би мэдэх юм. Аливаа юмны суурийг зөв тавьчихаар цааш цаашдаа дэвжин дэлгэрдгийн нэг жишээ энэ байх.
Ү.Хүрэлбаатар уран зохиолын судлаач хүнийхээ хувьд уран бүтээлдээ нягт нямбай ханддаг нь ажиглагддаг. Манай олон л яруу найрагч хайку шүлэг бичсэн дээ. Ү.Хүрэлбаатар ч бичсэн. Бүр хайку шүлгүүдээрээ гурван ч ном хэвлүүлсэн. Үнэнийг хэлэхэд би хайкуг өвөрмөц дүрслэгээтэй дотогш сэтгэл рүү өнгийсөн аястай гурван мөрт шүлэг л гэж боддог байснаас тийм тогтсон нарийн бүтэцтэйг нь анзаарч байсангүй. Гэтэл хайку шүлгийн 1 ба 3-р мөр нь яг таг 5 үетэй, дунд буюу 2-р мөр нь чанд 7 үетэй байдгийг Ү.Хүрэлбаатарын хайку шүлгийн гурамсан номыг уншин байж л ухаарсан. “Чөдөр гурвалжин” ном дотор ийм нэг хайку бий
Цох гэрэлтэнэ
Амиа гээн гэрэлтэнэ
Ангуучин тосно
Мөн “ГАНДИРСАН их говийн зэргэлээн дунд” номд нь
Үд дундын халуун
Үдээр тасартал шарна
Зэргэлээ буйлна
Хайку шүлгийн хэмжээг яс барьсан байгаа биз. Түүний тэдгээр номд орсон 108 хайку бүгд яг таг 5 +7 +5 үе бүхий 3 мөртэй байгаа нь аливаад яс ханддаг занг нь илтгэнэ.
Хүрэлбаатарт бас нэг гоё чанар бий. Тэр нь ханийнхаа сэтгэлийг яаж тэгж халуун дотно татаж чаддаг байна аа гэмээр. Хүрэлбаатар хаана явна тэнд хань нь хамт л инээмсэглэж явах. Хардаж сэрдсэндээ бус, халамж хайр, хүндэтгэл тийнхүү дагаж яваа гэж бодогддог. Хайртай хоёрын харц, хандлага нь андашгүй л дээ.
Хүрэлбаатар дууны шүлэгт үнэн гаршсан гэдэгтэй хэн маргах.
“… Хайрын бурхан чи хаана явна вэ
Хариулж надад хэлээд өгөөч …” гэж Сарааг дуулуут л монгол дээл бүс, гутал нь дэгжин гоё зохисон Хүрлээ найрагчийн соёо сахал, буржгар уртавтар халимаг, цулцгар хацар, зузаавтар уруул, хөлс нь бурзайж улаа бутарсан дотно царай сэтгэлд гэрэлтэх.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Б.Сарантуяагийн дуулдаг “Хайрын бурхан”, Монгол Улсын Гавьяат жүжигчин Т.Ариунаагийн дуулдаг “Нарны хаан хүүхэд” /Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе/, нэрт дуучин С.Сэрчмаагийн дуулдаг “Эрх саран” гээд л явж өгнө. Дуунуудынх нь аялгуулаг сайхантай ярих юу байх вэ. Аялгуу сайхан гарах үндэс нь шүлэгтээ байдаг л даа. Ү.Хүрэлбаатарын дууны шүлгүүдийн ур чадварыг хэлэх юун.
Тэр бас их өрөвч байх гэж бодогдох. Дуучин Ч.Амаржаргал бүсгүйг олны танил болгосон төдийгүй хожим Монгол Улсын гавьяат жүжигчин хэмээх эрхэм алдарт хүргэсэн ачлалт хүн нь чухамдаа Ү.Хүрэлбаатар. “Үггүй хайр”, “Амин нүдэн” дуу түүнийх.
“Давхраатай алаг нүд чинь ээ хө
Далдын гунигийг үргээнэ…” Ү.Хүрэлбаатарын “Амин нүд” хэмээх дууны тэр л үгэнд Амаржаргал ая хийн яльгүй гуниглангуй аяс цухалзуулан дуулдаг.
Бүр сэтгэл сэмлэж, уярал төрүүлэх ид шидтэй, ардын дуу шиг сайхан аялгуулаг шүлэг Ү.Хүрэлбаатарын хаанаас нь ундарна вэ гэмээр.
Зууны манлай эстрадын дуучин, поп хадагтай Б.Сарантуяа тэр жил Эрдэнэтийн “Хан гарди” ордонд аялан тоглолт хийсэн юм. Эрдэнэтийнхэн тоглолтыг алга ташин тун сайхан хүлээн авч байлаа. Тэгтэл үзэгчид дотроос цэцгийн баглаа тэвэрсэн луглагар сайхан эр тайзнаа гарсан нь Ү.Хүрэлбаатар байж билээ. Сараагийн баярлаж байх гэж тоймгүй, ийм гоё гэнэтийн бэлэг барина гэж бодсонгүй. Хэзээ ирээ вэ. Ажил албаар яваа юм уу хэмээн догдлон асуухад Хүрэлбаатар маань “Зөвхөн энэ тоглолтыг үзэж чамд баяр хүргэх гэж ирлээ” гэдэг юм. Тоглолтын дараа Хүрэлбаатараас лавлан асуувал үнэхээр тийм байв. Өдөртөө ирээд л тэр оройгоо мань эр буцсан. Ийм л гэгээн халуун сэтгэлээс сайхан дууны шүлэг төрдөг ажээ. Би тэгэхэд Хүрэлбаатараар тун их бахархаж билээ. Уран бүтээлдээ чинхүү сэтгэлээ өгч, амьдралаа зориулж байдгийнх нь нэгэн илрэл байх л даа. Тиймдээ ч дууны уран бүтээлтэй холбоотой аливаад илүүтэй сэтгэл зүтгэл гаргадаг болов уу.
Тэрбээр Монголын зохиолчдын эвлэлийн 80 жилийн ойгоор зохиолчдын дурсамжийг эмхэтгэн “Бурхдын сархад” ном хэвлүүлсэн нь ч анд нөхдөө гэсэн халуун сэтгэл юм даа.
2012 онд би шилмэл бүтээлийн 3 ботийнхоо нээлтийг “Хүүхдийн номын төв өргөө”-нд хийхэд Хүрэлбаатар маань хүрэлцэн ирж уран бүтээлийн минь талаар дотно сайхан үг хэлж билээ. Хэлсэн үгээ цаасан дээр буулган гарын үсгээ зурж надад дурсгал болгон өгснийг би одоо хэр нандигнан хадгалж байдаг юм. “Дуун түлхүүр” гэж гарчигласан тэрхүү үгийг 2019 онд “Дуутай хорвоо” дууны шүлгийн номынхоо өмнөтгөл болгохоор өөрөөс нь зөвшөөрөл авч хэвлүүлж билээ. Тэрхүү “Дуун түлхүүр” хэзээ нэгэн цагт дууны шүлгийн номын минь өмнөтгөл болно гэж мэдсэн юм шиг сэтгэлд хүрсэн сайхан өгүүлэмжтэйд өнөө хэр би баярлаж явдаг юм. Аргагүй л судлаач эрдэмтэн хүний гярхай ажиглалт, голч дүгнэлт, нөхрийн чин сэтгэл шингэсэн сайхан бичвэр л дээ.
Бид хоёр нэрт зохиолч Ч.Лодойдамбын мэндэлсний 100 жилийн ойн ёслолд оролцож 2017 онд Алтай хотод “Ентүм” буудлын нэг өрөөнд хамт тухлахдаа эрхэм нөхрийнхөө ёс жудагтай, аливаад ноён нуруутай, нягт нямбай атлаа, эгэл энгүүн зан төрхийг илүүтэй таньсан. Өглөө эртлэн босож Алтай хотын Шүтээний өндөрлөгт хамт гарч нутгийн ариун сэвшээнд сэтгэл сэргэн алхахдаа шүтээний 4 талд босгосон дурсгалын баганын хүрэл самбарт “Хөгөлгөр их Алтай”, “Засагт ханы хөх харчуул” зэрэг Ү.Хүрэлбаатарын шүлгээр бүтсэн дуунуудын үг дурайж байх нь атаархам байв шүү. Найрагч хүн нутаг орондоо ийм хүндтэй байна гэдэг юутай сайхан.
Ерөөс тэр юм юманд тун ч хүртээмжтэй, хаана л бол идэвхийлэн явах. Ард олныхоо дунд нэр нөлөө ихтэй нь анзаарагддаг. 2020 оны зун Эрдэнэт хотноо их зохиолч Д.Нацагдорж, Д.Пагмадулам хоёрын хайрын гэрэлт хөшөөний нээлтэд уг хөшөөг санаачлан бүтээлгэсэн “Анфиса” компанийн урилгаар Ү.Хүрэлбаатар хүрэлцэн ирж тэрхүү ёслолд зориулан хэлсэн үгийг сонсохуй тун сайн бодож боловсруулж ирсэн чамбай үг байв. Намар нь бас Эрдэнэт хотын Боловсрол соёлын газрын урилгаар ирж зохиолч уншигчийн уулзалт хийн эрдэм соёлын үрээсээ түгээж байх жишээтэй. Эрдэнэтэд ирэхээрээ манайд айлчлах нь ёс. Бүр гэргий Эрдэнэтэйгээ хамт ирж хонож өнжөөд л явж байлаа. Манай нэг гэр Эрдэнэтэд байдаг гэж дотносох. Манайхыг хэлж буй нь тэр л дээ.
Хүрэлбаатарын уран бүтээлийн талаар уншигч олон сайтар мэдэх тул энд нуршин өгүүлэх нь илүүц буй за. Үржингийн Хүрэлбаатартай уулзаж учирч явахад цаанаа л нэг тулхтай, намуун дөлгөөн, яриа хөөрөө нийлэмжтэй сайхан, халуун дулаан эрчис мэдрэгдээд байдаг юм даа.
Дамбийн ДАШДОНДОВ
Монгол улсын Соёлын гавьяат зүтгэлтэн,
зохиолч, сэтгүүлч
2020 он

URL: