Сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр дөрвөн сар хүртэл худалдана
Иргэд, аж ахуйн нэгжүүдийг дэмжих зорилгоор Засгийн газраас хэд хэдэн арга хэмжээ авч байгааг танилцууллаа.
Үүнд:
Гэр хорооллын 220 мянган өрхөд сайжруулсан шахмал түлшийг 50 хувь хямдралтай үнээр буюу нэг тн-ыг 75 мянган төгрөгөөр 2020.12.03-ны өдрөөс 2021.04.01 хүртэл худалдана. Нийслэлчүүд өвлийн улиралд өдөрт 4,000 тн, сард 120 мянга орчим тн сайжруулсан түлш хэрэглэдэг.
2021.07.01 хүртэлх хугацаанд зах, худалдааны төв болон худалдаа, үйлдвэр, үйлчилгээ, хувийн сургууль, цэцэрлэг, хүүхэд харах үйлчилгээний зориулалтаар байр, талбай түрээслүүлсэн албан татвар төлөгч түрээсийн төлбөрөө бууруулсан нь гэрээ болон төлбөрийн баримтаар нотлогдсон тохиолдолд бууруулсан хэмжээгээр түрээсийн орлогод ногдуулах аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хөнгөлөлтийг үргэлжлүүлэн эдлүүлнэ. УИХ-д өргөн мэдүүлнэ.
Хугацаандаа төлөөгүй татварын алданги, торгуулийг 2021.07.01 хүртэл чөлөөлөхтэй холбоотой хуулийн төслийг УИХ-аар хэлэлцүүлнэ.
“Ковид-19” цар тахлын халдварын хүрээг хумихтай холбоотойгоор халдвар гарсан зургаан аймаг болон нийслэлд гурван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргаж тусгаарлалт, халдваргүйжүүлэлт хийнэ.
Халдвар гарсан аймгууд болон Гашуунсухайт, Шивээхүрэн, Цагааннуур, Эрээнцав, Замын-Үүд боомтод Засгийн газрын Ажлын хэсэг хяналт шалгалтыг эрс сайжруулах чиглэлээр ажиллаж байна.
Эх сурвалж: Засгийн газар
URL: