Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өргөн барилаа

16068777345fc70226ef3b3

  Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарт Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын, Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг (2020.12.01) Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өргөн мэдүүлэв.

  Зохиогчийн эрхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зохицуулалтыг боловсронгуй болгох, цахим болон харилцаа холбооны бусад сүлжээ, өргөн нэвтрүүлэг, олон суваг дамжуулагч, дуу хөгжим, дуу авиа бүхий дүрст бүтээлийн эрх зүйн зохицуулалтыг тодорхой болгох, зохиогч, эрх эзэмшигчийн эрхийг төлөөлөн хэрэгжүүлэх хамтын удирдлагын байгууллагын эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлох шаардлага үүссэн хэмээн үзэж төслийг боловсруулан, дараах шинэлэг зохицуулалтыг тусгасан байна. Тухайлбал, нэр томъёоны тодорхойлолтыг нэмж, зарим нэр томъёог өөрчлөн найруулжээ. Зохиогчийн эрхийн хамгаалалтын хугацааны хувьд гэрэл зураг болон хавсарга уран бүтээлийг ашиглах онцгой эрх нь уг бүтээлийг туурвисан өдрөөс эхлэн 25 жилийн хугацаанд, кино урлагийн болон дуу авиа бүхий дүрст бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээлийг анх нийтэлсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд, бүтээл ашиглах онцгой эрхийг гэрээгээр хуулийн этгээдэд шилжүүлэх тохиолдолд бүтээл ашиглах онцгой эрх нь бүтээл нийтлэгдсний дараа жилийн 1 дүгээр сарын 1-нээс эхлэн 50 жилийн хугацаанд тус тус хамгаалагдахаар төсөлд тусгажээ. Мөн зарим бүтээлийн зохиогчийн эрхийн онцлогийг, бүтээл ашиглах онцгой эрхийг шилжүүлэх, эсхүл бүтээл ашиглах онцгой эрхийг лиценз олгох замаар бусдад бүтээл ашиглуулах үндсэн арга хэлбэрийг тодорхойлж, бүтээл ашиглах эрх шилжүүлэх гэрээ болон лицензийн гэрээний үндсзн нөхцөлийг нарийвчлан тусгасан байна.

Зохиогчийн эрхийн зөвшөөрөл шаардагдахгүй байх онцгой нөхцөлийг нарийвчлан тодорхойлж, бүтээлийг төлбөргүйгээр болон зөвшөөрөлгүйгээр ашиглах “шударга ашиглалт”-ын нөхцөлийг тодорхойлон төсөлд тусгажээ. Түүнчлэн дүрслэх урлагийн бүтээлийн зохиогчийн эрхийн талаар, хэвлэн нийтлэгдсэн бүтээлийг тусгай хэрэгцээт хүмүүст зориулан хэвлэх, хуулбарлах, хуулбарыг хил дамнуулан солилцох, нийтэд түгээх болон нийтийн хүртээл болгоход зохиогчийн эрхийг хязгаарлахтай холбоотой зохицуулалтыг нэмж тусгасан байна.

    Цахим орчноос гадна харилцаа холбооны бусад сүлжээнд зохиогчийн эрхийг хамгаалах, бүтээлийг зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр ашиглахаас урьдчилан сэргийлэх технологийн хамгаалалтын арга хэмжээний талаар мөн төсөлд нэмж тусгажээ. Түүнчлэн бүтээл ашиглалтын тарифыг хянаж батлах, бүтээл ашиглах, төлбөр төлөх, хуваарилахтай холбоотой гомдлыг урьдчилан шийдвэрлэх, маргаан бүхий талуудыг эвлэрүүлэн зуучлах чиг үүрэг бүхий Зохиогчийн эрхийн зөвлөлийг байгуулах эрх зүйн үндэслэлийг төсөлд тусгасан аж.

    Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл: Хууль хоорондын зөрчил, хийдэл үүсгэхгүй байх үүднээс 2006 онд батлагдсан Патентын тухай хуулийг Оюуны өмчийн тухай хуулийн үзэл баримтлал, зохицуулалтад нийцүүлэх, “Монгол Улсын хууль тоггоомжийг 2020 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн 141-д “Патентын тухай хуульд Дэлхийн оюуны өмчийн байгууллагаас өгсөн саналыг үндэслэн патентын эрхийн хамгаалалтыг дэлхий дахины чиг хандлага, Дэлхийн оюуны өмчийн байгууллагын гэрээ, хэлэлцээрт нийцүүлэн боловсронгуй болгох” гэж тусгасны дагуу Патентын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулжээ.

    Төсөл нь нийт 9 бүлэгтэй бөгөөд шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар болон ашигтай загварыг бүртгэхээс гадна тухайн бүтээлийн онцгой эрхтэй холбоотой асуудлыг зохицуулах, лицензийн гэрээний зохицуулалтыг нарийвчлах, шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварыг ялгаж, бүтээгдэхүүний загварыг тусад нь бүлгээр зохицуулахаар заасан байна. Мөн “Мэдүүлгийн бүрдлийг хянах” болон “мэдүүлгийн бүрдлийн шүүлт хийх” ажиллэгааны ялгааг тодруулж, “хайлт” хийх ажиллагаатай холбоотой зохицуулалтыг төсөлд нарийвчлан тусгажээ.

    Патент олгох болон патент олгохоос татгалзах шийдвэрийг дахин хэлэлцэх, шинийг санаачлагч, мэдүүлэг гаргагчид хугацааны хөнгөлөлт үзүүлэх нөхцөлийг бий болгох нь зүйтэй хэмээн төсөл санаачлагч үзсэн байна. Шинэ бүтээл, бүтээгдэхүүний загвар, ашигтай загварын мэдүүлгийг цахим хэлбэрээр гаргах зохицуулалтыг шинэчилж, мөн чанарын шүүлт хийлгэх хүсэлт гаргах, шинэ бүтээл, ашиггай загвар, бүтээгдэхүүний загварын бүтээлийг нийтэд мэдээлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгасан байна. Түүнчлэн патентын эрх зүйн зохицуулалтыг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээний холбогдох зохицуулалттай нийцүүлэх нь зүйтэй хэмээн үзэж холбогдох зохицуулалтуудыг төсөлд тусгажээ.

    Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Барааны тэмдгийн эрхийн хамгаалалтын үйл ажиллагаа бүрэн цахимжсантай холбогдуулан барааны тэмдгийн мэдүүлэг гаргах,  мэдүүлэгт шүүлт хийх, бүртгэлд бүртгэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, нийтлэх зэрэг үйл ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын конвенц, хэлэлцээр, гэрээ зэрэг олон улсын гэрээнд хэлэлцээрт нийцүүлэх, давамгайлах огнооны эрхийн зохицуулалт, барааны тэмдэг, газар зүйн заалтыг ашиглах хугацаанаас хамааруулан хүчингүй болгох, мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах нөхцөлийг тодорхойлох зэрэг зохицуулалтыг хуулийн төсөлд тусгах шаардлага үүссэн байна. Түүнчлэн хууль хооронд зөрчил, хийдэл, давхардал үүсгэхгүй байх үүднээс төслийг боловсруулжээ.

    Хуулиар тодорхойлсон газар зүйн заалт, хамтын тэмдэг нэр томъёог Худалдаанд хамаарах оюуны өмчийн эрхийн тухай хэлэлцээрт заасантай нийцүүлэн шинэчлэн тодорхойлсноо төсөлд тусгасан байна. Хуулиар тогтоосон барааны тэмдгийг бүртгэхээс татгалзах үндэслэлд барааны тэмдгийг “шударга бусаар давуу эрх эдлзх зорилгоор бүртгүүлэхээр мэдүүлсэн” бол тухайн барааны тэмдгийг бүртгэхгүй байх нөхцөлийг нэмж тусгажээ. Барааны тэмдгийн шүүлтийг чанаржуулах, барааны тэмдэг, газар зүйн заалт бүртгэгдсэний дараа маргаан гарах асуудлаас урьдчилан сэргийлэх зорилгоор мэдүүлгийн шүүлтийн шатанд гуравдагч этгээдээс эсэргүүцэл гаргах боломжийг бүрдүүлсэн байна.

    Барааны тэмдэг эзэмшигч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган барааны тэмдгийн улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлжээ. Мөн газар зүйн заалтын хэрэглэгч өөрийн нэр, хаяг өөрчлөгдсөн, эсхүл эрхээ шилжүүлсэн тохиолдолд тухай бүр хүсэлт гарган газар зүйн заалтын улсын бүртгэлд өөрчлөлт оруулах шаардлагыг үүрэгжүүлсэн зохицуулалтыг төсөлд тусгасан байна. Бүртгэгдсэн барааны тэмдгийн анхдагч огнооноос өмнө уг барааны тэмдэгтэй адил тэмдгийг адил бараа, үйлчилгээнд шударгаар хэрэглэж байсан этгээдийн хувьд үйлчлэх онцгой эрхийн зохицуулалт болон барааны тэмдгийг нийтэд түгээмэл болсонд тооцоход үйлчилгээний хураамж төлөхөөр төсөлд тусгажээ.

  Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл: Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их Хурал 2017 оны 12 дугаар сарын 07-ны өдөр баталж, 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр дагаж мөрдөж эхэлсэн. Тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.8-д төрийн албанд захирах, захирагдах ёсыг баримтлахаар заасныг хэрэгжүүлэх зорилгоор төслийг боловсруулсан байна. Түүнчлэн Улсын Их Хурлын шийдвэрээр удирдлагыг нь томилдог байгууллагын дэд даргыг тухайн байгууллагын дарга томилж байгаа жишгийг харгалзан Авлигатай тэмцэх газрын дэд даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар томилохоор заасан Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсгийн зохицуулалтыг өөрчилж, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилдог байхаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулсан байна.

    Хуулийн төсөл нь 2 зүйлтэй бөгөөд 1 дүгээр зүйлд Авлигын эсрэг хуулийн 21 дүгэзр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, Авлигатай тэмцэх газрын даргыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн санал болгосноор Улсын Их Хурал 6 жилийн хугацаагаар Улсын Их Хурал томилохоор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын дарга томилж байхаар тус тус тусгажээ. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг тус газрын дарга томилохоор тусгасантай холбогдуулан дэд даргыг улируулан томилох, чөлөөлөх, түдгэлзүүлэх, огцруулах, түүний бүрэн эрхийн хугацаа, Засгийн газрын гишүүнтэй адил бүрэн эрхийн баталгаа, хангамжтай байхаар заасан зохицуулалтыг хасахтай холбогдсон өөрчлөлтийг хуулийн төслийн 2 дугаар зүйлд тусгасан. Мөн хуулийн төсөлтэй холбогдуулан “Төрийн өндөр албан тушаалтны зэрэг зиндаа, түүнтэй адилтгах төрийн албан тушаалтны зэрэглэл тоггоох тухай” Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 19 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулсан байна.

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл: Хууль тогтоомжийн тухай хуульд заасны дагуу “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох Үндсэн чиглэл”-ийн төсөлд Засгийн газрын гишүүд, түүнчлэн Улсын дээд шүүх, Улсын прокурорын ерөнхий газар, Шүүхийн ерөнхий зөвлөл, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Монголын хуульчдын холбоо, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим зэрэг холбогдох байгууллагаас санал авч нэгтгэсэн байна.

    “Монгол Улсын хууль тогтоомжийг 2024 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэл”-ийн төслийг хуулийн төсөл, Улсын Их Хурлын тогтоолын төсөл гэсэн хоёр үндсэн хэсэгтэйгээр боловсруулжээ. Төсөлд хуулийн 149 төсөл, Улсын Их Хурлын тогтоолын 12  төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр тусгасан байна.

    Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслөөс 2020 онд 34, 2021 онд 82, 2022 онд 21, 2023 онд 12, Улсын Их Хурлын 12 тогтоолын төслийн 3-ыг нь 2020 онд, 3-ыг нь 2021 онд, 2022 онд 4, 2023 онд 2 тогтоолын төслийг боловсруулж өргөн мэдүүлэхээр заажээ. Үндсэн чиглэлийн төсөлд тусгагдсан 149 хуулийн төслийн 54 нь шинэчилсэн найруулга, 43 нь анхдагч хуулийн төсөл, 42 нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, 10 нь олон улсын гэрээ соёрхон батлах тухай хуулийн төсөл юм байна хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.


URL: