Оюутолгойн далд уурхайн зардал хэтэрч, хугацаа хойшилсон шалтгааныг судална

7be0ee3a8319725a42b5ac5b65c513b0a4915fae

“Оюутолгой” ХХК-ийн ТУЗ өчигдөр хуралджээ. Тус хурлаараа Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын зардал хэтэрсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах зорилгоор тусгай хороо байгуулах шийдвэр гаргасан байна. ТУЗ-өөс байгуулсан тусгай хороо нь дөрвөн гишүүнээс бүрдэх бөгөөд “Эрдэнэс-Оюутолгой” ХХК-иас нэр дэвшүүлсэн хоёр, “Туркойс Хилл Ресурс” компаниас нэр дэвшүүлсэн хоёр гишүүнээс бүрдэх юм байна. Тусгай хороо нь Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал нэмэгдсэн, хугацаа хойшилсон шалтгааныг судалж дүгнэлт гаргах хөндлөнгийн шинжээчдийг сонгон томилох, шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн саналаа ТУЗ-ийн хуралдаанд хэлэлцүүлэх үүрэг хүлээх ажээ. Төслийн менежмент, уурхайн дизайн, зардал хянах болон бусад холбогдох асуудлыг дэлгэрэнгүй судлах шинжээчдийн дүгнэлт хамгийн ихдээ зургаан сарын хугацаанд гарах боломжтой гэж тооцоолсон байна.

Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг ашиглалтад оруулахад нийт 5.3 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэж анх тооцоолж байсан ч 2019 оны долоодугаар сарын 16-нд “Рио Тинто” компаниас далд уурхайн хөрөнгө оруулалтын хэмжээ 1.2-1.9 тэрбум ам.доллароор нэмэгдсэн талаар мэдэгдсэн. Мөн ашиглалтад орох хугацаа анх тооцоолж байснаас 16-20 сараар хойшлох талаар мэдээлсэн юм. Оюутолгой зэс, алтны бүлэг ордын нийт нөөцийн 80 орчим хувийг далд уурхайгаас олборлоно гэж тооцоолж байгаа бөгөөд далд уурхай ашиглалтад орсноор “Оюутолгой” ХХК нь зэсийн олборлолтоор дэлхийд гуравдугаарт орох хэмжээний томоохон уурхай болох юм.

Энэхүү шийдвэрийн талаар Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ “Оюутолгой ХХК-ийн хэрэгжүүлж буй далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалтын зардал анх төсөвлөсөн хэмжээнээс даруй 30 гаруй хувиар нэмэгдэж, далд уурхайн ашиглалтад орох хугацаа хоёр жил орчмоор хойшилсон шалтгааныг судалж, хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлт гаргуулах чиглэлээр “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөс тодорхой арга хэмжээ авч ажиллаж байгаа нь сайн хэрэг. “Оюутолгой” ХХК-ийн үйл ажиллагаанд ТУЗ-өөс тавих хяналт сулралгүй, компанийн сайн засаглалын зарчмууд хэрэгжиж байгааг харахад баяртай байна. “Оюутолгой” ХХК-ийн ТУЗ-өөс гаргасан шийдвэрийг бид дэмжиж байгаа. Далд уурхайн бүтээн байгуулалтын хөрөнгө оруулалт нэмэгдсэн шалтгааныг хөндлөнгийн шинжээчдийн дүгнэлтээр тодорхой болгох нь “Оюутолгой” ХХК-ийн болон бүх оролцогч талуудын ашиг сонирхолд нийцэж, тус компанийн үйл ажиллагааны тогтвортой, үр ашигтай байдлыг урт хугацаанд хангахад хувь нэмэр оруулна гэдэгт итгэж байна. Засгийн газар Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалтыг бүрэн дэмжиж ажилладаг. Дэлхийн хэмжээний томоохон уурхай ашиглалтад орж Монгол Улсын эдийн засаг, нийгмийн хөгжилд зохих хувь нэмрээ оруулах цаг удахгүй ирнэ гэдэгт итгэлтэй байна” гэжээ.

Эх Сурвалж: Eagle.mn


URL: