Бодлогын хүү буурч байхад ханш уналтаас шударга бус орлого олохын тулд Хөгжлийн банк чимээгүй байсаар…

61f4497b-a946-4c1d-b494-2b656da32b7dСүүлийн хэдэн өдрүүдэд өрнөж буй Төв банкны зүгээс бодлогын хүүг бууруулсантай холбоотойгоор банкуудын хүүний түвшин буурах, цар тахлын үед эдийн засгийг дэмжих, идэвхижүүлэх ямар бодлого гаргах дээр томоохон хүлээлт иргэд, АНН-үүдийн дунд үүсээд буй.

 Гэвч энэ дунд манай улсын Эдийн засгийн тогтв  ортой өсөлт тэргүүлэх салбарыг дэмжигч, Бодлогын банк хэмээх тодотголтой Хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх зорилгоор байгуулагдсан төрийн өмчит Хөгжлийн банк маань бүх нийтийн бэлэн байдал зарласан энэ цаг үед чимээгүй байсаар харин эсрэгээрээ валютын ханшийн өсөлт дээр тоглолт хийж шударга бус орлого олж үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих бус дэвслэх ажиллагаа хийсээр байна. 2014 оноос хойш ам долларын ханш пуужин шиг хурдтай өсч, 1 ам доллар 1400 төгрөгтэй тэнцдэг байсан бол өдгөө 2849 төгрөгтэй тэнцэж байна. Mэдээж ханш өссөн нь Tөв банк, төр засгийн буруу бодлогын үр дүн болохоос АНН, үйлдвэрлэгч нараас огтоос шалтгаалаагүй нь ойлгомжтой. Харин Хөгжлийн банк үүн дээр Засгийн газрын төгрөгөөр олгох тогтоолыг зөрчин ам долларын зээл олгочихоод цар тахлын үед ханшийн зөрүүнээс ашиг хүртээд зогсохгүй төгрөгийн зээлийн хүүг арилжааны банкуудтай дүйцэхүйцээр тогтоогоод сууж буй нь Хөгжлийн эсрэг үйлдэл гэлтэй? Ханш уналтаас мөн шударга бус орлогоо олохоор улайран дарамталдаг болжээ.

Хөгжлийн банк угтаа санхүүжилт олгосон, хүү эргэн төлөлт нь сайн гүйцэтгэлтэй яваа цөөн хэдэн төсөл хэрэгжүүлэгч нараа БОДЛОГООР дэмжиж, дэлхий нийтээрээ хямарч буй энэ цаг үед дэвслэхийн оронд ажлын байраа хадгалж үлдэх, оршин тогтноход нь дэм болж олон мянган айл өрхийн хонгилын үзүүр дэх гэрэл болох ёстой бус уу?

Дэлхийн бүх улс орнууд ажил олгогчоо авч үлдэх ард иргэдээ ажилтай орлоготой байлгахын тулд бодлогын хүүгээ эрс бууруулж, зээлийн бүтэц дээр нь дорвитойхон дэмжлэг үзүүлэх яг энэ “жороор” эдийн засгаа сэргээж байна.

Өнөөдөр Mонгол Улсын хэмжээнд 60 гаруй мянган АНН-үүд, тэдгээрт нийт 770 мянган хүн ойролцоогоор ажиллаж, нийгэм эдийн засагтаа хувь нэмрээ оруулсаар байна. Үүнээс бүх нийтийн бэлэн байдалд шилжүүлсэнтэй холбоотой тогтоосон хатуу хөл хорионы улмаас улсын хэмжээнд аж ахуйн нэгжүүд 152.9 мянган ажлын байр цөөлснийг МҮХАҮТ тогтоогоод буй.

Хэрэв энэ мэт Хөгжлийг тууштай дэмжигч байх ёстой Бодлогын банк нь АНН-үүд, үйлдвэрлэгч нараа дэмжихгүй бол энэ тоо хэд дахин нэмэгдэх нь цаг хугацааны асуудал боллоо. Эдийн засгийн гол хөдөлгүүр болсон энэ 770 мянган ажлын байрыг авч үлдэх нь төр засаг хийгээд бодлогын институцуудын энэ цагийн хамгийн том үүрэг болоод байна.

http://times.mn/f/52404/


URL: