Махчин шувуудын “Оршуулгын газар” буюу Петро Чайна- Дачин тамсаг

shuwuu
Нэг зүйлийн талаар бичихгүй бол хоолой дээр сүүлийн хэдэн сар гарч ирээд байлаа.
Дорнод аймгийн Матад сумын нутагт байх Петро Чайна- Дачин тамсагийн газрын тосны 19 дүгээр талбай бол Монгол орны хээрийн болон тус бүс нутгаар дайран өнгөрч буй нүүдлийн махчин шувуудыг зүйл зүйлээр нь хэдэн мянгаар нь хядаж байгаа газар. Энэ талбайг цахилгаан түгээх 10 болон 15кВ-ын шугам аалзны тор шиг бүрхчихсэн. Цахилгааны шугамууд нь шувуудыг хамгаалсан ямар ч хамгаалалтын тоноглолгүй. Бараг шон болгоны дор тогонд цохиулж эндсэн махчин шувууд байдаг. Үүний дийлэнх нь идлэг шонхор, шилийн сар гэх манай орны хээрийн экосистемийн 2 гол төлөөлөгч шувууд байсан. Бид өнгөрсөн хугацаанд хоёр ч удаа шалгаж баримтжуулсан. Манай нүүдлийн судалгаанд хамрагдаж байсан залуу шонхор маань энд ирж үхсэн тул бид шалгасан юм. Зам дагуу ердөө 339 шонг тест маягаар шалгаж үзэхэд 8 зүйлийн 161 бодгаль шувуу хүчдэлд цохиулан эндсэн байхыг бүртгэж зургийг нь авч баталгаажуулж байлаа. Энэ шугамын шон хоорондын зай 50м байсан ба нийт шалгасан шонгийн урт 6.7км (N=339) болсон. Иймд 7км хүрэхгүй зайд нийт 161 шувуу эндэж хорогдсоны дотор Олон улсын болон бүс нутгийн хэмжээнд ховордож буй 2 зүйлийн 26 шувуу байсан. Энэ талбайд нийт хэдэн км урт хичнээн тооны ийм аюултай шон байгааг мэдэхгүй, мөн тус талбайд цахилгааны шонгуудыг хэдэн жилийн өмнөөс татаж байршуулсныг мэдэхгүй юм. Хэрэв мэдээд хуримтлагдсан нөлөөг нь тооцож үзвэл жилд хэдэн мянган шувууд энэ талбайд ирж үхдэгийг тооцож болох юм.
Гэтэл энэ их үхэл хорогдлыг нэмэгдүүлэх гэсэн шиг хэн нэгэн байгууллага энд баахан хиймэл үүр хийсэн байхтай таарав. Идлэг шонхор бол өөрөө үүр засаж чаддаггүй онцлогтой шувуу. Бусдын үүрийг булаах эсвэл хуучин үүрийг эзэмшиж үүрлэнэ. Өөрөөр хэлбэл идэш тэжээл элбэгтэй ч үүрлэх орчин байхгүй бол үржиж чадахгүй гэсэн үг. Тиймээс идэш тэжээл элбэгтэй нутагт нь хиймэл үүр хийж тэдний үржлийг дэмжих боломжтой. Энэ аргыг зөв гэдгийг мэдсэн ч харамсалтай нь үхэл хорогдол ихтэй нутагт энэ менежментийг хийнэ гэдэг бол маш буруу юм. Уг нь дэд бүтцийн (өндөр хүчдэл, салхин сэнс гэх мэт) зүгээс шувуудад үзүүлэх сөрөг нөлөө их байгаа бол тус нутагт шувуудыг цуглах, үржүүлэх зэрэг тоо толгойг нь нэмэгдүүлэхийг хязгаарлах ёстой байдаг. Харамсалтай нь энэ газарт байгаль орчны үнэлгээ хийсэн байгууллага нь энэ тухай мэддэггүй бололтой. Дээрх хиймэл үүрэнд шувууд үүрлэвэл ангаахайнуудын өд ургаж гүйцээд үүрнээсээ нисэж сурах дадлага хийх шаардлага гардаг. Энэ үед нисэж сурч буй ангаахайнууд тус аюултай шонгууд дээр сууна. Ингэснээр үүрнээс ниссэн ангаахай бүр хүчдэлд цохиулан эндэх эрсдэлтэй болж байгаа юм. Энэ бол хиймэл үүр тавьж тэдний тоо толгой, үржлийг дэмжих арга бус үхэл хорогдлыг нэмэгдүүлэх нөхцлийг бүрдүүлж байгаа юм.
Уг нь энэ бүс нутаг бол Хялганат хээр буюу үлийн цагаан оготны тархац байдаггүй газар. Өөрөөр хэлбэл өндөр ургамалжилттай учир үлийн цагаан оготно оршин тогтнох боломжгүй. Харамсалтай нь энэ нутаг хүний зүгээс үзүүлэх нөлөө хэт ихэссэнтэй холбоотой газрын доройтол, талхагдал гэдэгт өртөж ургамалжилтгүй болж мэрэгч амьтад тархан амьдрах таатай орчин бүрдсэн байна. Бэлчээр талхагдаж, мэрэгч амьтад олширсон нь махчин шувуудын хувьд энэ бүс нутагт нягтшил өндөртэй байрших нөхцлийг бүрдүүлсэн. Гэтэл тал нутаг учир махчин шувуудын хувьд олзоо агнах сууж харуулдах ганц газар нь цахилгааны шонгууд юм.
Олон жил үргэлжилж буй энэ “аллагын” талаар Петро-Чайна Дачин тамсаг руу Монголын шувуу хамгаалах төв хоёр ч удаа албан тоот явуулж энэ асуудлыг яаралтай шийдэж шонгоо аюулгүй болгож махчин шувуудыг хамгаалах талаар шаардлага явуулсан. Энэ албан тоотоо аймаг, орон нутаг болон БОАЖЯ руу хүртэл хамт давхар өгсөн байгаа. Харамсалтай нь Петро-Чайна Дачин тамсаг өнөөг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй л байна.
Дашрамд хэлэхэд манай ЗГ, БОАЖЯ, ЭХЯ шувуудад халтай хээрийн энэ аюултай шонгуудыг Олон улсын төсөл хөтөлбөрийн шугамаар эхнээс нь засаад хамгаалаад эхэлсэн, Хэнтий, Дорноговь, Дундговь зэрэг аймгууд хамрагдсан, энэ ажилд Монголын шувуу хамгаалах төв мөн мэргэжлийн байгууллагын хувьд хамтран ажиллаж байгаа. Иймд Петро Чайна зэрэг хувийн өндөр хүчдэлийн шугамтай газруудад байгаль хамгааллын хариуцлагыг нь мэдрүүлэх шаардлагатай байна.

URL: