Дахиад л айдас, болгоомжлол. Хөл хориог цуцалсны дараа Европыг юу хүлээж байгаа вэ?

11-27-8З.БАТЦЭЦЭГ

Европ, Америкт баярын улирал эхэлж байна. Гэхдээ энэ удаа олуулаа цуглаж, шуугиантай тэмдэглэж чадахгүй нь. Талархлын өдөр, хар баасан гараг, Зул сарын өмнө хэдэн сая хүн худалдааны төв явж, дараа нь нэгнийдээ зочилдог. Гэвч энэ жил Европ, Америкчуудыг  баяраа нүсэр тэмдэглэхгүй байхыг уриалж байна. Учир нь хоёрдугаар давалгаа дуусаагүй байна. Эрх баригчид баяр бөөнөөрөө тэмдэглэсний дараа дахиад дэгдэлт үүсэхээс айж байна.

Аажмаар гарах

Францын удирдагч Эммануэль Макрон 11 дүгээр сарын 24-ний мягмар гарагт ард түмэндээ хандаж “Анхаарлаа дахин сайжруулах хэрэгтэй,  ойр дотныхноо хамгаалж, ялангуяа эмзэг хүмүүст анхаарлаа хандуулж, маскаа тогтмол зүүж, гэрт найз нөхөд, зочид ирвэл мөн маскаа зүүгээрэй” гэж уриаллаа.

Францад өвчлөлийн оргил үе 11 дүгээр сарын 7-нд байсан. Цаашид байдал засарч 11 дүгээр сарын 24-нд ойролцоогоор 9 мянган хүн халдвар авсан гэсэн тоо байна. Гэхдээ иргэд нь Макронаас  анхаарулга сануулга биш, хэт хатуу хорио цээрийг сулруулахыг хүлээж байсан юм. Үнэхээр зарим хориог цуцалж байгаа. Энэ долоо хоногт дэлгүүрүүд ажиллаж эхлэх ба хүмүүс гэрээсээ гурван цагийн хугацаатай 20 км зайд явж болох ажээ. Сүм хийд мөргөлчдийг оруулах ба нэг удаад зөвхөн 30 хүртэл хүн орж болох юм байна.

12 дугаар сарын 15-наас театр, кинотеатр, музей ажиллаж эхэлнэ. Хөл хорионы цаг орой 21 цагаас өглөө 7 цаг хүртэл үргэлжилнэ. Баар, ресторанууд ямар ч байсан Зул сар хүртэл хаалттай. Мөн Макрон вирус аюултай гэж байгаа хүмүүсийг 12 дугаар сарын сүүлч, 1 дүгээр сарын эхэн гэхэд дархлаажуулалтад хамрагдах ёстой гэж нэмж хэлсэн байна. Үүний тулд Европын Холбоо Америкийн Модерна эмийн компанитай 160 сая тун вакцин авах гэрээ хийсэн тухай Еврокомиссын тэргүүн Урсула фон дер Ляейн хэлсэн. Вакцины үр дүн 94,5% гэж компани мэдэгдэж буй. Өмнө нь Европын Холбоо Германы BioNtech, Америкийн Pfizer компаний вакцин авахаар тохирсон. Тэднээс Европ 300 сая тун авах юм. Энэ нь хүрэх ёстой гэжээ.

Өвчлөх хандлага

Герман дараа жилийн эхний гурван сарын дотор вакцинжууулалт хийх төлөвлөгөөтэй байгаа юм. Үүнээс  наана энгийн баяраа тэмдэглэнэ гэж найдалтгүй. Баварийн Ерөнхий сайд Маркус Зедер “Жирийн уулын цанын амралт бидэнд байх боломжгүй” гэж хэлжээ.

11 дүгээр сарын дундуур Канцлер Ангела Меркель Берлинд халдвар хяналтаас гарсан, илүү хатуу хөл хорио тогтоохыг шаардаж байлаа. Тэгэхэд хоногт 14,5 мянган хүн өвчилж байжээ. Тиймээс холбооны мужийн Үасгийн газар цар тахлыг зогсоох төлөвлөгөө хамтарч гаргахыг санал болгосон юм. Тиймээс ямар ч байсан 12 дугаар сарын 20 хүртэл ресторанууд нээхгүй, хамгийн ихдээ нэг дор 5 хүн цуглана, олон нийтийн газар маск заавал зүүх ёстой гэж шийджээ. Зул сарыг нэг дор 10 хүн тэмдэглэж болно. Гэхдээ дараа нь бүгд сайн дураараа өөрсдийгөө тусгаарлана. Сүм хийд арга хэмжээгээ явуулж болох ч аль болох цөөн хүн цуглуулна.

Гэтэл Австри улс энэ сарын дунд хамгийн их оргил үе (11 дүгээр сарын 23-нд 9,5 сая хүн халдвар авчээ) байсан хэдий ч уулын цанын амралтыг хаахгүй гэжээ. Хаавал  тэд 2,4 тэрбум евро алдах юм. Англичууд бас хөл хорио сулрахыг хүлээж байна. Баярын ширээний ард 3 гэр бүл л цуглаж болно. Зарим нэг дэлгүүр, спортын танхимууд, үсчин бага багаар үйлчлүүлэгч авч байгаа юм.

Шинж тэмдэггүй цар тахал

АНУ урьдын адил хамгийн хүнд хэвээрээ байна. Лхагва гарагт 11 дүгээр сарын 25-нд бас нэгэн рекорд эвдэгдэн хоногт 88 мянган хүн эмнэлэгт хэвтжээ. Олон муж улсад эмнэлгийн орны хүчин чадал удахгүй дуусна гэж эмч нар сануулж байна. Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төвийн удирдагч Роберт Редфилд “Шинж тэмдэггүй өвчнүүд хаалттай орчинд олноор цугларч байгаа учраас дэгдэлт их байна. Жинхэнэ цар тахал тараагч нь олон нийтийн унаа биш. Үнэн хэрэгтээ энэ бол чимээгүй тахал. Шинж тэмдэггүй халдвар 12-35 насны залуучууд дунд их байна” гэж тайлбарлажээ.

Ийм нөхцөл байдалтайгаар энэ улс одоогоор хамгийн аюултай баяр болох Талархлын өдөртэйгөө золгож байна. Жил бүр 11 дүгээр сарын сүүлчийн пүрэв гарагт гэр бүлээрээ, бөөнөөрөө баярын ширээний ард сууж өргөн дэлгэр тэмдэглэдэж, дэлгүүр их хэсдэг билээ. Өвчний хяналт урьдчилан сэргийлэх төв баяраа даруухан гэр бүлийн хүрээнд тэмдэглэхийг хичээнгүйлэн гуйж байна. АНУ-ын гол халдвар судлаач эмч Энтони Фаучи баярын амралтаар аяллаар явахаасаа өмнө дахин дахин бодоорой хэмээн гэмгүй цугларалт шинэ дэгдэлтийг үүсгэж болно гэдгийг санууллаа. Шинэ сонгогдсон Ерөнхийлөгч Жо Байден эхнэр Жиллийн хамт үлгэр жишээ болон талархлын өдрөөр тэднийд нэг л зочин ирнэ гэв. Дональд, Мелани Трамп нар баяраар Цагаан ордонд байх юм.

Энэ долоо хоногт АНУ-ын ЭМЯ вакцин түгээлтийн гинжин хэлхээг шалгах юм байна. Тэгвэл вакциныг ариун цэвэр хянатын хэлтэс хурдан батлана гэж бэлдэж байгаа гэдгээ хэллээ. Удахгүй хэдэн долоо хоногийн дотор батлагдах юм байна.

Азийн давалгаа

Хятадын компани таван вакцин арван улс оронд явуулж байгаагийн гурав дахь үе шат эхэлжээ. Судалгаанд 60 мянган сайн дурыхан хамрагдаж байна. Хэвлэлээр өргөн хэрэглээнд вакциныг гаргаагүй байхад зарим нэг Хятадын хотуудад хийгээд эхэлсэн тухай бичигдэж байна. Хятадад үе үе энд тэнд дэгдэлт бүртгэгдэж байгаа. Шанхайн онгоцны буудал Фудунд 2 ажилтнаас коронавирус илэрсний дараа 17,7 мянган ажилтныг шинжилгээнд явуулжээ. Интернэтээр хэдэн зуун хүн эмх замбараагүй байдал үүсгэж байгаа бичлэг гарсан ч энэ нь яг онгоцны буудал дээр гэдэг нь батлагдаагүй юм.

Тяньжинд түрүү долоо хоногт 5 өвчтөн илэрснээс болж 2,2 сая хүнийг шинжилгээнд хамруулжээ. Манжуурт Оросын хилтэй залгаа 2 хүн өвдсөнөөс болж 200 мянган хүнийг шинжилгээнд хамруулж сургуулиудыг хаажээ.

Хонконт засаг захиргааны тусгай бүсэд 85 хүн халдвар авч, үүний 63 нь зугаа цэнгэлийн газраас авчээ. Одоо бүх бар, шөнийн клуб, нийтийн сауныг долоо хоногоор хаажээ.

Өөр нэгэн Азийн томоохон хот болох Сөүлд бүх үзвэр үйлчилгээний газрууд хаалттай. Бямба гарагт 330 халдвар, урьд өдөр нь 386 халдвар бүртгэгджээ. Солонгосын эрүүл мэндийн сайд Пак Нын Ху “Ковид-ын 3 дахь давалгаа эрчээ авч байна. Нөхцөл байдал их хүнд байгаа” гэж хэлжээ.

Ази эхний давалгааны дараа вирусыг амжилттай барьж байсан. Түрүүчийн цар тахлын туршлага, байнга маск зүүдэг зуршил, Засгийн газрын тавьсан шаардлагыг биелүүлдэг, хот хотоор нь хөл хорио тогтоодог зэрэг нь их хэрэг болжээ. ДЭМБ Европыг Азаас суралцах хэрэгтэй гэж сануулж байгаа. ДЭМБ-ын төлөөлөгч Дэвид Наварро “Эхний давалгааг хяналтндаа оруулсны дараа зуны саруудад засгаас шаардлагатай дэд бүтцийг бүтээх боломжоо алдсан” гэж хэлжээ. Энийгээ засахгүй бол хоёр дахь давалгааны дараа он гараад Европыг 3 дахь давалгаа хүлээж байгаа гэж тэрээр нэмж хэллээ. Набарро хэлэхдээ “Азиуд халдварыг тархаахгүй, цагаасаа өмнө хөл хориог суллахгүй, гараа сайн угааж, зайгаа барьж, маскаа тайлахгүй байна. Европчууд тэднээс үлгэр дууриал авах хэрэгтэй. Тэгэхгүй бол цар тахлынн шинэ давалгаа ирнэ” гэсэн байна.

Эх сурвалж: www.ria.ru


URL:

Tags: