Ковид-19-ийн үед согтууруулах ундааг хориглохын нөлөө
Дэлхийн зарим орон цар тахлын үед эмнэлгийн ачааллыг нэмэхгүйн тулд согтууруулах ундааг хориглосон. Тэгвэл энэ шийдвэр ямар нөлөө үзүүлсэн бэ?
Ковид-19 цар тахлаас үүдэн дэлхий даяар хүмүүс олон сарын туршид хөл хорионд орж, ажлын байрны аюулгүй байдал, эрүүл мэндийн асуудал хөндөгдсөн. Энэ үеэр олон улс оронд зарим иргэн согтууруулах ундаа хэрэглэх нь нэмэгдсэн нь ойлгомжтой. Дөрөвдүгээр сард явагдсан судалгаагаар британичуудын 21 хувь нь хөл хорионд орсноор өмнөхөөсөө их уух болсон нь тогтоогдсон бөгөөд Канадад ч үүнтэй төстэй тоо гарчээ.
Харин Өмнөд Африкт согтууруулах ундааг борлуулах, тээвэрлэxийг бүрэн хориглох шийдвэр гарсан. Энэ шийдвэрийн үндэслэл нь согтууруулах ундаанаас үүдэлтэй өвчин, гэмтлээр эмнэлэгт ирэх хүмүүсийн тоог бууруулах замаар Ковид-19 өвчнөөр өвчилсөн иргэдэд эмнэлгийн орыг хүрэлцээтэй байлгахад оршиж байв. Өмнөд Африк ийм шийдвэр гаргасан ганц улс биш. Тайланд, Энэтхэгт ч мөн ийм шийдвэр гаргаснаас гадна Кенид ресторанд согтууруулах ундаа худалдахыг хориглосон.
Өмнөд Африкт 4 сарын туршид үргэлжилсэн хориг 8 сарын 15-нд дуусгавар болсныг ДЭМБ-ын судалгаагаар хамгийн их хэмжээгээр согтууруулах ундаа хэрэглэдэг улсын тоонд багтдаг тус улсын иргэд таатай хүлээн авчээ. Өмнөд Африкт цагаан арьст үндэстний цөөнх төрийн эрх барьж байх үед хар арьстнуудыг согтууруулах ундаа хэрэглэхийг хориглодог байсан бөгөөд тухайн үед хууль бусаар үйл ажиллагаа явуулдаг цэнгээний газрууд эсэргүүцлийн бэлэг тэмдэг болж байсан бөгөөд цагаан арьстнуудын дэглэм дууссаны дараагаар согтууруулах ундаа хэрэглэх нь соёл болж хэвшжээ.
Тэгвэл энэхүү хоригийн нөлөө нь юу байв? Энэ асуудалд Өмнөд Африкийн эрх баригчдад өөр сонголт байгаагүй гэх тайлбарыг өгч болно. Учир нь наймдугаар сарын эхэн үе гэхэд тус улс Ковид-19 өвчний халдварын тоогоор дэлхийд тавд эрэмблэгдэж байсан бөгөөд вирус хурдацтай тархаж байснаас үүдэн эмнэлгийн ор хүрэлцэхгүйд хүрээд байв. Гэхдээ иргэдийн дунд согтууруулах ундааг хориглох шаардлага байсан эсэхэд эргэлзэх хандлага байна. Жишээ нь бартендерээр ажиллаж байсан Иоханнес Рамаци хоригийн үед ажлаа алдаж, одоог хүртэл ажилгүй байгаа бөгөөд “Надад тун онцгүй байна. Би ажил олох ёстой. Учир нь би хүүхдүүдээ тэжээх ёстой. Би дөрвөн хүүхэдтэй” гэж ярьжээ.
Нийгмийн өвчлөл
Үүнээс согтууруулах ундаа үйлдвэрлэлийн салбарт маш хүчтэй цохилт учирсан нь ойлгомжтой. Тус улсын Согтууруулах ундаа худалдаалагчдын холбооны тэргүүн Лаки Нтиманегийн хэлснээр Өмнөд Африкт энэ салбарт 1 сая орчим хүн ажилладаг. Түүний хэлснээр “Зарим талаараа улсын эдийн засаг энэ салбар дээр тулгуурладаг. Улсын нийт ДНБ-ий 3 хувь нь согтууруулах ундааны салбараас бүрддэг.” Мөн түүний тодорхойлсноор согтууруулах ундааг хориглосноор хууль бус худалдаа, хар зах зээл зэрэг нийтлэг сөрөг үзэгдэл гардаг.
Түүхээс харахад ийм үзэгдэл олон гарсны нэг нь АНУ-д 1920, 1930-аад онд гарсан үзэгдэл билээ. Одоо ч ийм үзэгдэл гарч буй бөгөөд Мексикийн зарим мужид цар тахлын үед согтууруулах ундааг хориглосноос үүдэн иргэд хар зах зээл дээрээс хорт метанол агуулсан үндэсний архийг уусан иргэд амиа алдсан тохиолдол гарсан. Өмнөд Африкт ч тавдугаар сард хөл хорионы үед архинаас гадна тамхийг хориглосны дараа ч архи, тамхины далд зах зээл цэцэглэсэн нь ойлгомжтой.
Хоригоос үүдэлтэй гэнэтийн сөрөг нөлөө
Согтууруулах ундаа борлуулагчдын холбооны Лаки Нтиманегийн хэлснээр Засгийн газар хориг тогтоосноор олон зуун мянган хүнийг ажилгүй болоход хүргэсэн бөгөөд тэрээр согтууруулах ундааг бүрэн хориглох нь гол асуудлыг шийдэхгүй, харин иргэдийн боловсролд анхаарах нь илүү урт хугацааны, үр дүнтэй шийдэл гэж үзэж байна.
Харвардын Их сургуулийн эдийн засагч Жеффри Мирон архийг хориглосноос үүсэх асуудал нь шийдэгдэх асуудлаасаа үргэлж илүү байдаг, тэр дундаа архины хэрэглээ, худалдааг далд зах зээлд шилжүүлдэг гэж үздэг.
Түүний тодорхойлсноор “Далд зах зээл нь иргэдэд хэрхэвч сайшаагдахааргүй онцлог шинжтэй. Тухайлбал энэ зах зээл илүү хүчирхийлэл дагуулсан хэв шинжтэй, чанарын хяналтын тогтолцоо сул тул санамсаргүй тохиолдлоор хордоx эсвэл хэтрүүлэн хэрэглэх үзэгдэл гардаг. Мөн татварын ашгийг цуглуулах боломжгүй болдог.” хэмээжээ.
Мироний хэлснээр дэлхийн ихэнх улсын хувьд согтууруулах ундааны татварын орлого нь тийм ч жинтэй байр суурь эзэлдэггүй байж болох ч салбарыг тэр чигт нь хууль бус болгох нь эдийн засгийн үр өгөөжөд тодорхой сөрөг нөлөө үзүүлдэг байна. Мөн иргэд ажилгүй болж, эрүүл мэндийн даатгалд хамрагдах боломжгүй болж, сэтгэл гутралд орсноос үүдэн эрүүл мэндийн үзүүлэлт ч буурдаг гэж эдийн засагч тодорхойлжээ.
Ковид-19-ийн нөхцөл байдлыг харахад түүний үзэж байгаагаар халдвар тараах боломжтой үйл ажиллагааг, тухайлбал иргэдийг ресторан, цэнгээний газарт цуглахаас сэргийлэх нь илүү үр дүнтэй. Харин иргэдийг дэлгүүрээс согтууруулах ундаа худалдан авах боломжтой байлгах нь эдийн засагт эерэг нөлөөтэй. Мөн тэрээр хүчирхийллийг бууруулахын тулд согтууруулах ундааг хориглох нь ч үр дүнд хүрдэггүй гэжээ. Тэрбээр “АНУ-ын жишээг авч үзэхэд хоригийн үед зохион байгуулалттай гэмт хэрэг, хууль бус худалдаанаас үүдсэн хүчирхийлэл нэмэгджээ. Учир нь иргэд далд зах зээл дээр үүсэн маргааныг хуулиар шийдвэрлэхээс илүүтэй хүч хэрэглэж, буугаар шийдэхийг эрмэлздэг” хэмээн Мирон тайлбарласаж байна.
URL: