Г.Билгүүдэй: “Монголын нууц товчоо” 1240 онд зохиогдсон гэдэг нь худал
Чингис хааны төрсөн өдөр буюу Монгол бахархлын өдөр саяхан тохиосон. Үүнтэй холбогдуулан ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Гаадамбын Билгүүдэйтэй ярилцаж Монголын нууц товчооны зарим нууцыг эргэн сөхлөө.
-Манай улс 2012 оноос хойш Чингис хааныхаа төрсөн өдрийг өвлийн эхэн сарын шинийн нэгэнд тэмдэглэж байна. Түүхийн үүднээс энэ шийдвэр хэр бодитой вэ?
-Чингис хааны мэндэлсэн өдрийг «Алтан товч» тэргүүтэн XVII зууны сурвалж судруудад “Зуны тэргүүн сарын 16-ны улаан тэргэл өдөр” гэж тэмдэглэсэн байдгаас хожим хойно “Тавдугаар сарын 30” гэж тогтоосон гэдэг. Үүнийг албан ёсоор хүлээн зөвшөөрсөн хоёр улс байдгийн нэг нь БНХАУ, нөгөө нь Монгол Улс.
Гэвч манай орны судлаачид 2012 оны үеэс Чингис хаан өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн гэдгийг тогтоосон. Тиймээс Ерөнхийлөгчийн зарлигаар 2012 оноос энэ өдрийг Чингис хааны төрсөн өдөр, Монголын бахархалт өдөр болгон тэмдэглэж байна. «Монголын нууц товчоон»-д “Есүхэй баатар Татарын Тэмүжин үгэ-г олзолж ирэх үед Чингис хаан Ононы Дэлүүн болдогт төрж, Татарын Тэмүжин-үгэг барьж ирэхэд цагт тохиолдож төрөв гэж Тэмүжин нэрийг өгчээ” гэж бичсэн байдаг. Монголчууд дайн байлдааныг морио тарган үед намар орой эсвэл өвлийн эхэн сард хийдэг байх гэх уламжлалыг үндэслэж Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлжээ хэмээн тогтоосон. Гэхдээ энэ өдрийн тухайд шүүмжлэлтэй ханддаг судлаач нар ч бий. Төрсөн газрынх нь тухайд Хэнтий аймгийн Дадалаас өөр суманд төрсөн гэж маргадаг судлаачид ч бий. Ер нь “Монголын нууц товчоон”-д гарч буй газар зүйн нэрийн байршлыг тогтоохдоо ул суурьтай хандах шаардлагатай.
-“Монголын нууц товчоон” зохиогдсоны 780 жилийн ой энэ жил тохиолдож байна. Хэзээ зохиогдсон нь мөн л олон жил маргаан дагуулж ирсэн. Таны тухайд 1240 оны үед зохиогдсон гэдэгтэй санал нийлдэг үү?
- “Их хуралдаа хурж, хулгана жил хуран сард Хэрлэний Хөдөө арлын Долоон болдог Шилхэнцэг хоёрын зуур /завсар/ хааны ордос бууж бүхүй бичиж дуусав” гэж “Монголын нууц товчоон” төгсдөг. Төгсгөлийн үгэнд дурдсан хулгана жил нь хэдэн он гэдгийг зөв тогтоосон цагт Монголын нууц товчоон хэзээ бичигдсэн нь ил болно. Энэ зохиолыг анх судалсан гадаад, дотоодын эрдэмтэд Чингис хаан болон Өгэдэй хааны түүхийг багтаасан учир 1240 онд зохиогджээ гэсэн саналыг ХХ зууны эхээр дэвшүүлсэн. Иймээс ч 1940 оныг уг зохиолын зохиогдсоны 700 жилийн ой гэж үзэн Монгол Улсад “Монголын нууц товчоог” эртний монгол хэлнээс орчин цагийн монгол хэл рүү орчуулах ажил 1940 онд эхэлсэн. Энэ ажлыг тухайн үед Цэндийн Дамдинсүрэн гүйцэтгэж 1941 онд “Шинжлэх ухаан” сэтгүүлд “Монголын нууц товчоон”-ы эхний гурван бүлгийн орчуулгаа хэвлүүлж байв. Үлдсэн хэсгийн орчуулгаа дуусгаж 1947 онд “Монголын нууц товчоон”-ы 12 бүлгийг бүгдийг дуусган тусгай дэвтэр ном болгон хэвлүүлсэн түүхтэй. Дараа нь 1990 онд 750 жилийн ойгоор нь ЮНЕСКО-д дэлхийн хүн төрөлхтөний гайхамшигт өв хэмээн бүртгүүлсэн. “Чингис хааны түүхийг хадгалж ирсэн Монголын түүх соёл, урлаг, уран сайхан, утга зохиолын гайхамшигтай дурсгалт бичиг байна. Энэ номыг зохиогдсон өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх ёстой” гэсэн тогтоолыг ЮНЕСКО гаргасан. Үүний мөрөөр «Монголын нууц товчоо» зохиогдсоны 750 жилийн ойг хуран сард буюу наймдугаар сарын эхээр өргөн хүрээнд тэмдэглэж, дэлхийн том эрдэмтэн судлаач оролцсон олон улсын хурал хийсэн. Тэр цагаас хойш Нууц товчоо зохиогдсоны ойг 10 жил тутам нэг удаа тэмдэглэсээр энэ жил 30 жил болсон тул бид 780 жилийн ой гээд яриад байж байна.
Судлаач хүний хувьд хулгана жилийг 1240 он гэж тогтоосныг буруу гэж боддог. Учир нь 1240 онд Өгэдэй хаан амьд сэрүүн, Хархүрэм хот дэлхийн төв болчихсон байсан үе. Энэ үед алтан ургийн хан хөвгүүд, мянганы, түмний ноёд Хэрлэний Хөдөө аралд их хуралдаа хуран цуглах ямар ч шалтгаан байгаагүй юм. Тэгээд ч 1240 онд Хэрлэний Хөдөө аралд их хурал болсон гэх мэдээ аль ч түүхэнд байхгүй. Тиймээс 700 гаруй жилийн өмнөх үйл явдлыг он дараалал, үйл явдлын логик утга агуулгаар эргэцүүлэн бодоход хулгана жил гэдэг нь 1228 он байх ёстой. Чингис хаан Тангад улсыг байлдан дагуулж мөхөөгөөд 1227 оны наймдугаар сард тэнгэрт халив. Түүнийг нас барсны дараа алтан шарилыг нь эх нутагт нь маш нууц байдлаар онголсон гэдэг. Тиймээс хаана оршуулсныг нь одоог хүртэл дэлхий даяараа хайж байна. Чингис хаан амьд байхдаа гурав дахь хүү Өгэдэйг их хааны ор суухаар гэрээслэл үлдээсэн. Гэрээслэлийн дагуу бага хүү Тулуйн удирдаж байсан төвийг эзэлсэн хөвгүүд, охид ноёд дээр Цагаадай, Бат тэргүүтэй баруун гарыг эзэлсэн хөвгүүд, Отчигин ноён, Есүнхэй тэргүүтэн зүүн гарыг эзэлсэн алтан ургийн ноёд, түмний ноёд, мянганы ноёд бүгдээр Хэрлэний Хөдөө аралд (1228 оны зун) цуглаж Өгэдэйг санал нэгтэйгээр их хаанд өргөмжилсөн. Тиймээс хулгана жилийн хуран сарын хурал гэдэг 1228 оныг хэлж байна гэж гадаад дотоодын олон эрдэмтэд үзэх болсон. Хэрэв бид 1228 онд зохиосон гэдгийг хүлээн зөвшөөрвөл энэ жилээс найман жилийн дараа буюу 2028 онд “Монголын нууц товчоон” зохиогдсоны 800 жилийн ой болно. Гадаад дотоодын олон эрдэмтэн ингэж хэлдэг ч өмнө нь буруу тогтоосон тэр хугацаагаараа энэ агуу их зохиолын 780 жилийн ойг нь тэмдэглэж байна. Үүнийг зайлшгүй тодруулж залруулах шаардлагатай гэж бодож явдаг.
-Нууц товчоо нэрнээсээ эхлээд олон хүний нүднээс далд нууц газар хадгалж байсан байгаа юм. Мөн олон зууны турш уламжилсан учраас ихэд нандигнадаг байж таарах нь?
- “Монголын нууц товчоон” бол Чингис хааны хөвгүүд алтан ургийнхны дунд зохиогдсон ном учраас 1228 онд бичиж дууссан гэх тэр анхны уг эх Монголын хааны ордонд хэн хамаагүй хүн үздэггүй, нууцлан хадгалдаг байсан. Хааны удмын биш ямар ч хүнд үзүүлдэггүй ёстой байжээ. Алтан ургийн ноёд цуглаж дараагийн хаанаа сонгох үед “Бидний өвөг дээдэс ийм ёс уламжлалтай байсан” гэж зочдодоо уншиж өгдөг, нандин баримт бичиг байсан. Тиймээс нууц гэсэн санаагаа нэрэндээ шингээсэн болов уу.
- Алтан ургийн хүнээс өөр хүнд үзүүлдэггүй байсныг нь хэрхэн баталдаг юм бэ?
-Чингис хааны үр удмаас баруун тийшээ явсан Тулуйгийн хүү Хулагу/Хүлэгү/ хаан баруун зүгт аян дайн хийж Багдадын халифатыг эзлэн /одоогийн Сири, Иракийн нутаг дэвсгэр/ Дамаск хотын орчим Ил хаант улсыг байгуулсан. Энэ Ил хаант улсад 1310 оны орчимд Монголын түүхээс гадна тэр үеийн дэлхийн түүхийг багтаасан нэгэн ном гарсан нь Рашид-ад-Дин гэх их түшмэлийн бичсэн “Жамми ат таварих буюу Судрын чуулган” байв. “Судрын чуулган”-ы зохиогч Рашид-ад-Дин тэнд Ил хаант улсын ордонд хадгалагдаж байсан “Алтан дэвтэр” гэх номыг авч үзэх хүсэлт гаргахад алтан ургийн хүн биш гэдэг шалтгаанаар үзүүлэхийг зөвшөөрөөгүй гэдэг. Харин түүний оронд Монголын түүхийг цээжээр мэддэг Болд чинсан тэргүүтэй хүмүүсийн ярьсан зүйлс “Судрын чуулган”-д бичигдэн үлджээ. Энэ Ил хаант улсын ордонд “Алтан дэвтэр” гэх нэрээр дурдагдаж байгаа бичиг ном нь “Монголын нууц товчоон” шиг бүтээл байсан байх магадлалтай юм. Хулагугийн төрсөн ах Хубилай хааны өмнөд Хятад газрын Алтан болон Сүн улсыг эзлэн байгуулсан Их Юань улсын хааны ордонд алтан авдар чулуун өргөөнд алтан ургийн хүнээс өөр хүнд үзүүлдэггүй “Тобчиан” гэж нэрлэсэн ном байдаг байжээ. Энэ товчооныг Юань улсын зарим бичгийн түшмэд үзэх гэхэд мөн алтан ургийн хүн биш гэх шалтгаанаар үзүүлэхийг зөвшөөрдөггүй байсан гэдэг. Энэ мэт баримтаар Монголын хааны ордонд ямар нэгэн нууц, хэн хамаагүй хүнд үзүүлдэггүй нууцын өндөр зэрэглэлтэй түүхийн сурвалж бичгүүд байдаг байжээ.
-Чингис хааны төрсөн газар, “Монголын нууц товчоон”-ы зохиогдсон газар нь тодорхой байна. Харин “Монголын нууц товчоон”-ы зохиогч хэн байсан бэ гэх асуудал огт шийдэгдээгүй үлджээ. Таны аав Ш.Гаадамба гуай энэ талаар судалгаа хийж байсан байхаа?
-Эх бичгийн үүднээс монгол газар монгол хэлээр зохиогдсон гэдэг нь батлагдсан гэж болно. Харин зохиогчийн тухай бол судлаач эрдэмтэн болгон өөрийн гэсэн таамгаа дэвшүүлэн бичсэн байдаг. Аав маань 1988 онд Хөх хотод болсон “Монголын нууц товчоон”-ы олон улсын ярилцах хуралд “Монголын нууц товчоон”-ы зохиогч нь Чингис хааны ордны, бүүр дотоод ордны дотор байсан Хоргасун хорчи гэдэг хүн зохиосон бололтой гэдэг таамгаа дэвшүүлсэн юм. Энэ Хоргасун хорчи бол Чингис хаан Өгэлүн эх, Бөртэ үжин хатны дэргэд түшиж яв гэж тушаасан түшмэл болно. Энэ Хоргасун хорчийн нэрнээс магадгүй “Аргасун хорчи юм уу”, “Аргасун хуурчийн домог” гэдэг зохиол үүсчээ гэсэн. 1228 оны Хэрлэний Хөдөө арлын их хуралд анх бичиж дуусгасан гэх “Монголын нууц товчоон”-ы уг эхийг бичсэн зохиогч нэр усаа бичиж үлдээх уламжлалгүй байснаас бид одоо хэн зохиосныг мэдэхгүй таамагласаар байгаа билээ. “Монголын нууц товчоон”-ы уг эх ямар нэгэн байдлаар Хятад газар хятад үсгийн галигаар бичигдэн уламжлах болсноор хятад нэртэй болсон юм. Тэр хятад нэр нь “Юань-чао ми щи гэнэ. Энэ нэрний “Юань-чао” гэдэг нь “Юань улсын” гэх утгыг илтгэдэг бол “ми” гэдэг нь “нууц” гэсэн утгатай. Сүүлийн “щи” гэх нь “түүх” гэсэн утгатай дөрвөн үгээр орчуулжээ. Хятад нэрийн энэ дөрвөн үсгийн гарчиг тул томоор бичсэний доор арай бага шиг хэмжээтэй үсгээр “ман хө лүнь ню ча” гэсэн таван үсгийг баруун тал дээрээс доош нь бичиж, зүүн талд нь “то а чань” гэх гурван үсгийг бичсэн хуулбар эхийг Хятад газраас илрүүлжээ. Үүнийг анх олж илрүүлсэн Хятадын бичгийн хүн Гү Гуанчи ойлгохгүй байсан тул энэ номыг бичсэн хүний нэр эсвэл албан тушаал байна гэж таамаглаж байжээ. Харин энэ үгийг монгол хүн уншвал “Монголын нууц товчоон» гэсэн үг байна гэж амархан ойлгохоор байна. Монгол үгийг хятад үсгээр үе таслаад биччихсэн нь тэр. Энэ нь зохиогчийн нэр биш, харин уг зохиолын монгол нэр гарчиг байсан учраас бид энэ зохиолыг одоо «Монголын нууц товчоон» гэж нэрлэсээр байна.
Олон хүн хэн зохиосон бэ гэдгийг судалж мэдэхийг хүсдэг. Учир нь зохиогч нь нэрээ бичээгүй. Гэвч ордон дотор Чингис хаантай ойрхон хүн бичсэн байж таарна. Тиймээс хаад язгууртны ордон доторх төрийн хэрэг бичиг хөтөлдөг хүмүүсийн дундаас хайх хэрэгтэй гэж үздэг. Төрийн заргач хийдэг байсан учир Чингисийн өргөмөл дүү Шигихутаг бичсэн гэсэн таамгийг гадаадын эрдэмтэд гаргасан. Олон хүн янз бүрийн таамаг дэвшүүлдэг.
-Монгол хэлээр бичсэн Нууц товчоог одоог хүртэл олоогүй. Ер нь Монголдоо байх, олох магадлал бий юу?
- Монголоор бичсэн нууц товчооны уг эх олдохгүй байгаа нь үнэн. Хэрэв тэр уг эх олдсон бол энэ олон маргаантай асуудал нэг тийш шийдэгдэж цэгцрэх байх сан. Энэ уг эх бичигдсэнээс хойш 150-160 жилийн дараа хятад үсгээр монгол хэлийг үе тасалж бичсэн, гол агуулгыг нь товчлон хятад хэлээр орчуулчихсан хувилбар Хятад газраас олдсон. Хятад үсгээр галиглагдсан энэ эхийг олон дахин хуулан бичих явцад доторхи бичвэрийг өөр өөрөөр тасалсан хоёр хувилбар бий болжээ. Үүнийг судлаачид 12 бүлэг 282 зүйлтэй “Монголын нууц товчоон”-ы эх гэдэг. Бичсэн хэл нь монгол. Тэмдэглэсэн үсэг нь хятад. Монголчууд өөрсөддөө зориулж бичсэн энэ хувилбарыг Хятад газар хятад үсгээр бичсэн ”Юань щи” гэсэн эх сурвалжтай хольж андуурч болохгүй. Өөр хэлний бүрхүүл дотор орж хадгалагдсан монгол хэлээрх эх бидний үед уламжилж ирсэн. Ийм бичгийг Хятадын бичгийн хүмүүс хуулж бичих замаар 12 бүлэгтэй, 282 зүйлтэй хуулбар эх, 15 бүлэгтэй, мөн 282 зүйлтэй гэсэн хоёр хуулбар эх бий болжээ.
Монгол уг эх олдохгүй байгаа ч, үүнийг бүр алга болсон гэж үзэж болохгүй. Монголын түүх соёлын ховор ном судруудыг цуглуулах, хэвлүүлэх гэгээн сайхан хүсэл, мөрөөдлөөр Судар бичгийн хүрээлэнг 1921 онд байгуулж, анхны даргаар ажиллаж байсан Онходын Жамъян гүн хуучны ном судар цуглуулах талаар олон ажил хийсэн. Тэр ажлын хүрээнд 1925 онд Дорнод аймгаас нэгэн тайж хүний гэрт нь байсан жижиг судрыг олж ирсэн нь Лувсанданзаны “Алтан товч” байсан юм. Монголын нууц товчоонд 282 зүйл байдгийн 235 зүйл нь энэ “Алтан товч”-д байна. Энэ нь 83 хувь орчим нь байна гэсэн тооцоо байдаг. Ийм номыг 1925 онд олсон гэхээр Нууц товчооны уг эх Монголдоо байж болохын нэг дам баримт болно. Уг эхийн иймэрхүү судар бичиг ном хаа нэгтэйгээс гарч ирэх болов уу гэсэн горьдлого эрдэмтдийн дунд бий.
- Нууц товчоог олны хүртээл болгох эхлэлийг Цэндийн Дамдинсүрэн гуай тавьсан. Тэрээр орчин цагийн Монгол хэл рүү орчуулаагүй бол хүн бүр уншиж, мэддэг болохгүй байсан болов уу?
-Анх зохиогдохдоо монгол хэлээр байсан ном маань Монголын хаадын ордны дотор Юань улсын үед өмнөд оронд нүүж Юань улсын нийслэл Дайду, монгол хаадын зуслан Шанду хотод байх үедээ хятад дүрс үсгийн галигийн бүрхүүл дотор ороод хятад газар уламжлагдсан байдаг. Тэр өмнөд газар оронд хятад дүрс үсгийн галигийн бүрхүүлд орсон эхийг эргүүлэн монгол хэлээр сэргээх сийрүүлэх, орчуулах ажлыг Монголд хамгийн түрүүн гүйцэтгэсэн хүн бол Богд хаант Монгол Улсын нийслэлд хүрээнд Гадаад явдлын яамны дэд сайдын ажлыг үүрэглэж байсан Бодлогот баатар гүн Хөлөнбуйрын Цэндэ гэж хүн байсан юм. Гэвч энэ анхны орчуулга хэвлэгдэн түгж чадалгүй байж байгаад Орос улсын Дорно дахины судлах хүрээлэнгийн Гар бичмэл номын фондод 1930 оны эхээр орж хадгалагдаад Монголд төдийлөн дэлгэрээгүй. Ийм нөхцөл байдалд 1940-өөд оны эхээр “Монголын нууц товчоон”-ыг хэвлэх асуудал гарахад анхандаа Цэнд гүнгийн орчуулгыг хэвлүүлэх санаа байсан боловч нягталж үзээд олон шүлэгтэй зохиолыг үргэлжилсэн үгээр орчуулсан, зарим газар товч бөгөөд нягт бус орчуулга байна гэж үзээд Цэндийн Дамдинсүрэн “Монголын нууц товчоон”-ыг шинээр орчуулан хэвлүүлэхээр болжээ. Тиймээс Ц.Дамдинсүрэн 1941 онд нууц товчооны эхний гурван бүлгийг орчуулаад “Шинжлэх ухаан” сэтгүүлд өмнөх үгийн хамтаар нийтлүүлсэн. Өмнөх үгэндээ “Долоон зуун жилийн урьд энэ зохиол анх зохиогдох үедээ уншигчдад аль зэрэг уран сайхан сонирхолтой байсан бол мөн одоо цагт Монголын уншигчдад тэр зэрэг уран сонирхолтой болгож үзэхийг чармайсан билээ. Орчуулагч миний бие, монгол ардын аман зохиолоор хүмүүжиж, аман зохиолыг дууриан шүлэг бичиж оролддог тул Нууц товчоог орчуулах ба ялангуяа түүний шүлгийг орчуулахад үнэн зүрхнээс сэтгэл хөдөлж, чухам тохиромжтой сайхан үүрэг гэж оролдож гүйцэтгэв” гэсэн байдаг. Энэ орчуулгыг 1947 онд монгол бичгээр тусгай дэвтэр болгон хэвлэв. Тиймээс Монгол Улсад Нууц товчоог Цэндийн Дамдинсүрэн гуайн орчуулгаар л мэддэг болсон юм.
Эх сурвалж: Зууны мэдээ
URL: