УОК: Ирэх сарын 1-ээс 10 хоногт орон нутгууд руу зорчих хөдөлгөөнийг нээнэ
Улаанбаатар хотоос орон нутаг руу явах 85 мянга орчим иргэн хүсэлт гаргасан байна. Мөн нийслэл рүү ирэх хүсэлтэй 5300 орчим иргэн байна. Зорчих хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 1-10 хооронд зохион байгуулахаар төлөвлөжээ.
-ОБЕГ-ын тэргүүн дэд дарга, бригадын генерал Г.Ариунбуян:
-Засгийн газар, УОК-оос бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан хөл хорионы улмаас гацсан иргэдийн хүсэлтийг судалж ирэх сарын 1-нээс нэгдсэн зохион байгуулалттай зорчуулах тусгай журам баталлаа. Энэ ажлыг ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдоор ахлуулсан ажлын хэсэг зохион байгуулсан. Бэлтгэл ажлын хүрээнд тасалбар түгээлт болон хувийн тэргээр зорчих хяналт бүртгэл 16 аймаг руу нээх бөгөөд халдвар бүртгэгдсэн таван аймаг эхний долоо хоногт багтахгүй. Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон аймгийн хөдөлгөөнийг арванхоёрдугаар сарын 7-оос нээнэ. Мөн Өмнөговь экспортын гол бүс тул зорчих хөдөлгөөнийг 7-ноос зохион байгуулна.
-ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд:
-УОК-ын даргын тушаалаар ажлын хэсэг энэ сарын 24-нд байгуулагдсан. Түр журам энэ сарын 25-нд батлагдсан. Тээвэрлэлт, цагийн хуваарь баталж бэлэн боллоо. Өнгөрсөн дөрвөн өдөр судалгаа авч 85 мянга орчим иргэн хамрагдсан. Дунджаар 100 гаруй мянган иргэн шилжилт хөдөлгөөн хийх төлөвтэй байна.
Энэ сарын 29-нөөс шинжилгээ авч эхэлнэ. Тухайн иргэн 48 цагийн дотор шинжилгээ өгнө. Гэхдээ шинжилгээ авах нэмэлт 20 цэг байгуулна. Иргэд хувийн тээврийн хэрэгслээр зорчиж болно. Зохион байгуулалттай нийтийн тээврийн хэрэгслээр зорчиж болно.
Цар тахлын үед цахим системийг ашиглаж иргэн үйлчилгээний байгууллагууд бага харилцахаар зохицуулж байна. Тодруулбал, www.119.mn хаягт иргэд бүртгүүлэхдээ асуумж бөглөнө. Дараа нь, хүсэлтийг харгалзан байрлалаас хамаарч шинжилгээ өгөх байр, цагийн хуваарийг өгнө. Бүртгүүлсэн иргэн товлосон өдрийн заасан цагт шинжилгээ өгнө. Иргэдээс PCR шинжилгээ авна. Хариу 6-8 цагийн дараа гарна. Шинжилгээний хариу сөрөг гарсан тохиолдолд цахимаар тасалбар авна. Нийтийн тээврийн үйлчилгээг авахдаа хуваарилсан автовокзалд бөөгнөрөл үүсгэхгүй зорчуулна. Хооллох газрууд хаалттай тул иргэд хоолоо бэлдэнэ. Зорчигчид зориулсан санамж гарч байна. Тогтоосон цэгүүдэд тээвэрлэлтийн баримт бичигийг хяналтын цэгүүдэд уншуулна. Орон нутагт очсон иргэдийг Онцгой штаб хүлээн авах ба тухайн иргэн өөрийн байх газартаа 14 хоног тусгаарлана. Иргэд хувийн машинтай зорчихдоо шинжилгээний хариу сөрөг гарсны дараа хөдөлгөөнд оролцно. Мөн тээвэрлэлтийн бичиг баримт QR кодоо уншуулаад зорчино. Ингэхдээ замын хяналтын байгууллагуудад бүртгүүлж, эцсийн цэгт очихдоо мэдээлнэ. Ийм схемээр тээвэрлэлт зохион байгуулахаар төлөвлөж байна. Зорчих хөдөлгөөнийг 10 хоног зохион байгуулж байгаа нь шинжилгээ болон тээврийн хэрэгслийн хүчин чадлаас хамаарч байна. Эхний ээлжинд албан ажил болон хувийн ажлаар саатсан хүмүүсийг зорчуулна. Дараа нь оюутнууд зорчино. Мөн автобуудлуудад цагийн хуваарь гаргасан. Өнөөдрийн байдлаар Улаанбаатараас Архангай руу явах 23 автобус бэлэн байна.
ХОТ ХООРОНДЫН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ ГАРЧЭЭ. ТОДРУУЛБАЛ,
Драгон зорчигч тээврийн төвд
08:00 Улаанбаатар- Архангай аймаг
11:00 Улаанбаатар-Баянхонгор
12:00 Улаанбаатар-Баян-Өлгий
14:00 Улаанбаатар Увс
16:00 Ховд чиглэл рүү зорчино.
Тэнгэр худалдааны төв авто буудал
08:00 Дорнод
10:00 Сүхбаатар
12:00 Хэнтий
14:00 Говь-Алтай
16:00 Булган
Лавай авто буудал
08:00 Өвөрхангай
10:00 Төв аймаг
12:00 Завхан
14:00 Дундговь
16:00 Хөвсгөл чиглэлд цагийн хуваарийн дагуу 10 хоног үйлчилгээнд гарна.
Иргэдийн саналыг авах явцад холын аймгуудад агаарын тээврээр зорчих хүсэлтээ өгчээ. Ажлын хэсгийнхэн онгоцоор иргэдийг тээвэрлэх боломжтой гэж мэдэгдэв. Хэдийгээр хөл хорионы улмаас гацсан иргэдийн асуудлыг ийнхүү шийдвэрлэхээр болсон ч УОК-оос халдвар гараагүй 15 аймагт халдвартай иргэнийг зорчуулахгүй байх зарчим баримталж байна. Энэ үүднээс иргэдийг 20 цэгт PCR шинжилгээнд хамруулсны дараа орон нутагт зорчих эсэх зөвшөөрлийг олгох юм байна.
Мөн орон нутаг руу явахаас хоёр хоногийн өмнө шинжилгээ өгөх хэрэгтэй. Үүнээс өмнө шинжилгээ өгвөл хариу хүчингүй болох нөхцөл үүснэ. Шинжилгээ өгснөөс хойш 72 цагийн дараа орон нутагт очих боломжтой гэж үзэж байна.
Улсын онцгой комиссын даргын шуурхай хуралдаан Төрийн ордонд болж байна. УОК-ын даргын шуурхай хуралдаан цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан өдөр бүр болж буй. Улмаар цаг үеийн асуудлаар мэдээлэл солилцож, шаардлагатай үед шийдвэрүүдийг гаргаж байгаа юм.
Өчигдрийн хуралдаанаар Улаанбаатар хот болон орон нутагт хөл хорионд гацсан иргэдийг буцаах, QR код нэвтрүүлэх талаар хэлэлцэж шийдвэрлэсэн. Түүнчлэн арванхоёрдугаар сарын 1-ний өдрөөс хөдөө орон нутаг болон нийслэлд гацсан иргэдийг хэрхэн буцаах талаар тодорхой чиглэлүүдийг өгсөн.
Б.ЦЭЦЭГ
URL: