“Асуудал тулгарвал 1000 ор бэлэн”
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв 2 болон СХД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцлаа.
Коронавирусийн халдвартай иргэдийг эмчилж байгаа ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлгийн орны ачаалал нэмэгдвэл Хан-Уул дүүргийн “Эх хүүхдийн эрүүл мэнд”-ийн үндэсний төв рүү шилжүүлэхэд бэлэн байна. Шаардлагатай тоног төхөөрөмж, эмч мэргэжилтнүүдийн ажиллах ногоон бүс, шинээр суурилагдсан амьсгалын болон оношлогооны аппаратуудыг ажлуулах боловсон хүчнийг бэлтгэсэн. Эхний ээлжид 500 ор бэлэн байгаа бол цаашлаад 500 орыг нэмэх бүрэн боломжтой гэдгийг Эрүүл мэндийн сайд хэллээ.
Мөн Сонгинохайрхан дүүрэгт шинээр баригдсан жишиг нэгдсэн эмнэлгийн бэлэн байдалтай танилцав. Эмнэлгийн тоног төхөөрөмж, шинээр суурьлуулсан аппарад, лабораториудаас гадна мэргэжлийн эмч, мэргэжилтнүүдийн багийг бэлтгэн “Ковид-19” цар тахлын үед хэрхэн ажиллах, заавар, зөвлөмжийг хүргүүлжээ.
Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар эмнэлгийн удирдлагууд болон эмч, мэргэжилтнүүдэд хамгийн гол нь халдвар хамгааллын дэглэмээ сайн сахиж, ажлын хуваарилалтаа зөв зохицуулж ажиллахыг зөвлөлөө.
URL: