Хөл хорионы үеийн хөгжилтэй улс төр
Цар тахлын хорио дэглэмд шилжсэн учраас түмний нэг би байтугай Төрийн эрх барих дээд байгууллага хүртэл хөл хоригдож, цахим хуралдаанд шилжив. Бид цар тахлын мэдлэг мэдээлэлтэй болоод бараг нэгэн жилийн нүүр үзэж, тодорхой төлөвлөгөөтэй байх ёстой ч тулгамдасныг нуух юун. Гэнэтийн тохиолдолд иргэд олон нийт бүү хэл УИХ-ын гишүүд, төрийн өндөр дээдэс маань ч барьц алдаж, хөгжилтэй гэмээр улс төр явуулах боллоо. Цахим чуулганы хуралдаан бусад үйл ажиллагаанаас харахад тэд чамгүй бухимдалтай байгаа ч хувь хувийнхаа улс төрийг огт мартсангүй. Гэхдээ энд Засгийн газар, холбогдох байгууллагуудын ажилтнууд бүсээ тайлах завгүй, та бидний эрүүл энхийн төлөө ажиллаж байгаад талархах хэрэгтэй.
Тэгвэл УИХ-ын зарим сул гишүүд, хэтээсээ популист улстөрчид цар тахлын давлагаанд хувь улстөрчийнхөө популист араншинг дайж байгаа нь үнэхээр хошигнолтой.
“БУХАНД ЯВСАН ХҮН ҮНЭЭ ТУГАЛСАН ХОЙНО ИРНЭ” БИЗ
Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж цар тахлын хөл хорио, улс төрийн хөл хорио, хилийн хорио, гэрийн хорио гээд олон хорионд шаналж байгаа хүн. Тэгвэл Ерөнхийлөгч асан маань “Намайг вакцин олоод ир гэвэл би хоосон ирэхгүй. Хаанаас ч олоод ирнэ” хэмээн цахим шахалт хийв. Интерполоор эрэн сурвалжлахдаа тулж, тусгай үүргийн онгоцоор эх орондоо ирсэн Ерөнхийлөгч асан хилийн хориотой байх ёстой. Нөгөө талаас түүнд тогтоосон “Улс төрийн хорио” ч бий. Тодотгож хэлбэл, Ерөнхийлөгч Х.Баттулгаас санал болгосон, түүнд холбогдох 176 хуудас материал Прокурорын байгууллагын гарт байгаа. Тэгэхээр мань эр вакцин авчирна хэмээн зулрахаар шийдэв үү. Уг нь Ц.Элбэгдорждоо ч бус Монгол Улсын нэрийг бариад явахад “юм” “юм” л олдож таарна. Гэхдээ түүнд холбогдох олон хорио хэвээр үргэлжилж байгаа бол “Буханд явсан хүн үнээ тугалсан хойно ирнэ” гэдэг болно биз. Өөрөөр хэлбэл, улс төрийн ороо бусгаа байдал намдаж, болж өгвөл Ерөнхийлөгч Х.Баттулга ялагдал хүлээж, короновирусын дэгдэлт дэлхий дахинаа намдсан хойно эх орондоо газардахаа мэдэх байлгүй.
СПИРТНЫ ӨНДӨР ХЭРЭГЛЭЭНД ДӨРӨӨЛЖ ХАЙР ЗАРЛАВ
Олон улсын жишиг судалгаанаас харахад монголчуудын нэг хүнд ногдох спиртын хэмжээ хэтэрсэн, жилийн спиртны хэрэглээ дэлхийн жишгээс гурав дахин илүү байгааг тогтоосон байдаг. Тэгвэл Б.Баярсайхан гэх сэргэлэн гишүүн энэхүү судалгааг олоод харчихаж. Архи дарс хориглож байгааг илтэд буруушаав. Тэрээр “Архи дарс зарахгүй хорьж байгаагаас үүдэж хүүхэд, гэр бүлдээ хуурай агсам тавьж байна” хэмээсэн. Судалгаанд спиртны хэрэглээ өндөр байгааг харсан түшээ маань спиртны хэрэглээний хэмжээнд тохируулж ард олондоо хайр зарлав бололтой. Завханчууд өөр аргаар хайр зарлах ухаан дутах хүн сонгосон хойно гишүүнийхээ илгээсэн энэ их хайрыг нь залгилаад л хэвтээд байж дээ. Магадгүй, түүний гэр бүл, ойр орчимд нь хуурай агсам тавьдаг нөхөр байхыг үгүйсгэхгүй. Мөн хамтрагч Ц.Цэрэнпунцагийнхаа архины бизнесийг дэмжсэн ч байж болох юм.
“БАЯН ХҮНИЙГ БАЛАГ ТОЙРОХГҮЙ”
Ерөнхийлөгч Х.Баттулга цар тахлын шуурганд хавчуулан рейтингээ өсгөх гээд бүдрэв. Тэрээр хатуу дэглэмтэй үед өрх бүрд нэг сая төгрөг олгох, гэхдээ 200 мянган төгрөгийг бэлнээр, үлдсэн 800 мянган төгрөгийг үндэсний үйлдвэрлэгч компаниудаас архи тамхинаас бусад хүнсний бүтээгдэхүүн худалдан авах эрх хэлбэрээр олгох төслийг Ерөнхий сайдад хүргүүлэв. Ерөнхийлөгчийн энэхүү саналыг Засгийн газар ч дэмжсэнгүй, олон нийт ч дэмжсэнгүй. Бүдрэх бүдрэхдээ Ерөнхийлөгчийн өөрийн эзэмшлийн “Талх чихэр” болон бусад хүнсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг дурдаж, өөрийнхөө бизнесийг дэмжсэн гэх хэрэгт орохдоо тулав. Хамгийн гол нь ард түмэн гэдэг хашаанд хашаад өвс тэжээлээр бордуулж байдаг мал биш учраас эсэргүүцэхээс өөр арга байсангүй. Өөрөөр хэлбэл ард иргэдийг гэр гэрт нь хорьчихоод “Талх чихэр”-ийн хүнсний бүтээгдэхүүн, “Милл хаус”-ын гурил, “Мах импекс”-ын мах гэх мэт хүнсний бүтээгдэхүүн хэрэглээд байхад Ерөнхийлөгчийн сонгууль хүргэхээр хангалт байв. Гэтэл “Баян хүнийг балаг тойрдоггүй” гэгч болов.
ТӨРИЙН ОРДОНД ХАЙРТАЙ ЮУ, АЖИЛДАА ХАЙРТАЙ ЮУ?
Ц.Даваасүрэн гишүүн Төрийн ордонд оруулахгүй, тэр хавьдаа булганаж хуралдлаа хэмээн ихэд бухимдав. Мань эрийг эзгүйд л У.Хүрэлсүхийн Засгийн газар ямар нэг зүйлийг хувааж авах гэж байгаа мэт аашлав. Уг нь цаадуул нь өвчин л хувааж авахгүй бол өөр юу ч үгүй нөхцөлд бүсээ тайлалгүй ажиллаж байгаа хүмүүс харагдах юм. Гэтэл өнөөдрийн байдлаар Хөвсгөл аймгийн гурван суманд тэг зогсолт хийсэн учраас ажил хийх гэж бухимдаад байгаа Ц.Даваасүрэнг тийш нь томилох хэрэгтэй. Саяхан л “Та бүхний өмнөөс үхсэн ч яахав” гээд сонгуульдаж байсан нөхөр Төрийн ордонд орно хэмээн бухимдаж байхаар хөл хорионы тэг зогсолт хийсэн сумдад тусламжийн бараатай очвол зохино. Магадгүй УИХ-ын дарга Г.Занданшатар энэ мэт ажил хийхийн одонд төрсөн түшээдээ анзаарахгүй байж болно. Тэгэхээр спикр маань Ц.Даваасүрэн гишүүний ажил хийх гэсэн оргилсон хүслийг биелүүлж, томилолт өгөх хэрэгтэй. Шадар сайд Я.Содбаатар ч зөвшөөрөл өгөх шаардлагатай боллоо. Гэхдээ Ц.Даваасүрэн Хөвсгөл явуулсангүй гэж уурлаагүй, Төрийн ордон оруулсангүй гэж уурласан шүү дээ.
ШАЛДАН ГУЯ, ХООСОН АМААР ТӨСӨВ БАТЛАЛЦЛАА
Энэ сарын 11-ний өдөр хөл хорио тогтоож, 15-ны өдөр багтаан батлах ёстой төсвийг цахимаар батлалаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ богино өмдтэйгөө хууль батлав. Хийх ч ажилгүй, төлөвлөгөө ч байхгүй эрхэм гишүүн маань олны дунд шуугиан тарих гэж богино өмдтэйгөө хууль батлав уу, яав. Түүнээс бус цахимд морилохоосоо өмнө нэг өмд өмсчихөж болох байв. Дэлхийн улс төрийн түүхэнд ч ийм зүйл үзэгдээгүй байх. Ж.Бат-Эрдэнэ гишүүний хувьд урьд өмнө ч нэгэн бүсгүйтэй цахим ертөнцөд цээж нүцгэн зургаа тавьж байв. Үнэн хэрэгтээ тэр зургаа алдсан уу, хэргээр тараав уу гэдэгт эргэлзээ бий болж эхэлж байна. Ямартай ч Ж.Бат-Эрдэнэ гишүүн шалдан гуя, хоосон амаар төсөв батлалцсан анхны гишүүн боллоо.
ВИРУС ТАРААСАН МЭТ Л УУЧЛАЛ ГУЙЛАА
УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат ард түмнээсээ уучлал гуйв. Гагцхүү ард түмэн бултаараа чухам ямар хэрэг тарьчихаад ямар учраас хэнээс уучлал гуйж байгааг ч ойлгосонгүй. Цар тахал дэгдсэнд хэнийг ч буруутгах аргагүй. Дэлхий нийтэд дэгдээд нэгэн жилийн нүүр үзэх гэж байна. Аюулт тахал бол Д.Ганбатыг уучлал гуйгаад зосгож байх хооронд хэдэн зуун хүнд халдах чадвар бүхий вирус. Гэтэл чухам өөрийгөө буруутгаад байгаа юм уу, эсвэл эрх баригчдаа буруутгаад тэдний өмнөөс ч уучлал гуйгаад байгаа юм шиг. Уучлал гуйхдаа тулвал Д.Ганбат биш, өөр бусад хүмүүс гуйх ёстой байх. Олон нийт эрхэм гишүүний уучлал гуйсан эсэхийг ухаж ядаад эцэст нь “Энэ нөхөр ерөөсөө короновирус авчирч тараачихаад уучлал гуйгаад юм биш үү” хэмээн хардахад хүргэлээ.
ӨСВӨРИЙН ЗАНГАЙТЫГ ЗАМЫН ЦАГДАА ТАНЬСАНГҮЙ
Уг нь хамгийн ойр Эрээн хотод очиход л нэг ганзагчин гэж харахаас УИХ-ын гишүүн гэж харахааргүй нөхөр өөрийгөө Путин, Си Жинпин чинээ андуурав. Орон нутагт очсон ч “Хаанаас ямар зангиатай луйварчин ирэв” хэмээн сонжиулж таарна. Тэгээд ч цагийн цагт л улстөрчдийн гар хөл болж ирсэн оюутны байгууллагаас тодорч, намын дэргэдэх “Залуу луйварчид”-ын хэмээн нэрлэгдэх байгууллагаар л дамжсан нөхөр. Өөр ямар ч ажлын дадлага туршлага алга. Гэтэл Г.Дамдинням гэх нөхөр “Би УИХ-ын гишүүн атал Замын цагдаа 30 минут зогсоолоо. Намайг таньсангүй” хэмээн дээр доргүй гомдол мэдүүлэв. Гомдол нь бүр газар авч, Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарын сонорт очив. Х.Нямбаатар нь Замын цагдаад арга хэмжээ авах ёстой юм байх. Уг нь Г.Дамдинням гишүүний сонгогдсон тойрог Дархан-Уул аймаг нь халдварын голомт болсон. Хөл хорионы дэглэмээ хаа хамаагүй Ж.Энхбаярыг урин залж, зохион байгуулсан нь амжилттай болов. Гэтэл Г.Дамдинням Дархан руу бус Төрийн ордон руу ирэх гэж Замын цагдааг хүртэл Монгол Улс даяар ховлов.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
URL: