Өнөөдөр анхны хүн дүрст Люсигийн араг ясыг олсон өдөр

126289420_4676149592456076_289840133965550233_o
1974 оны 11-р сарын 24-ний өдөр Кливлендийн байгалийн түүхийн музейн палеоантропологич Дональд Йохансон /Donald Johanson/ болон түүний аспирант Том Грэйгийн /Tom Gray/ баг Этиопын Афарын гурвалжингийн Авашийн хөндий дэх Хадар хэмээх газраас AL-288-1 нэртэй бүлэг чулуужсан ясыг олсон. Энэ яснуудын 40 хувь нь гоминины /hominins/ Australopithecus afarensis төрлийн эмэгтэй хүний араг яс байсан бөгөөд Люси гэдэг нэрээр алдаршжээ. Этиопт энэ бүлэг олдворыг Амхарик хэлээр “чи гайхамшигтай” гэсэн утга бүхий Dinkinesh гэж нэрлэдэг.
Люсигийн олдвор нь эрт үеийн австралопитекин бөгөөд 3.2 сая жилийн тэртээд амьдарч байсан гэж үздэг. Араг яс нь гоминин сармагчинтай адилхан жижиг гавлын яс, хоёр хөл дээрээ босоо явдаг хүнтэй (бусад гоминины адил) адил гэж нотлогдсон. Энэхүү хосолмол байдал нь хүний хувьслын үзэл баримтлалд, тархины хэмжээ нэмэгдэхээс өмнөх хоёрдмол үеийнх гэж дэмжигдсэн байна. 2016 оны судалгаагаар Australopithecus afarensis нь мөн ой модоор голдуу амьдардаг байсан гэж үзсэн боловч энэ нь бас бага зэрэг маргаантай байгаа юм.
“Люси” гэдэг нэрийг Битлз хамтлагийн “Очир тэнгэрийн орон дахь Люси” /Lucy in the Sky with Diamonds/ дуунаас санаа аван өгчээ. Учир нь малтлагын баг нөхөн сэргээлтийн ажлын орой бүр экспедицийн хуаранд чанга, давтан сонсдог байжээ. Энэхүү олдворыг олон нийтэд зарласны дараа “Люси” нийтийн сонирхлыг ихэд татсан бөгөөд тухайн үед уг нэрээрээ олны танил болсон.
Люси дэлхий даяар алдаршиж, түүний нээлт, сэргээн босголтын түүхийг Йохансон номондоо дэлгэрэнгүй өгүүлжээ. 2007 оноос эхлэн олдворын цуглуулга болон холбогдох эд өлгийн зүйлсийг АНУ-д зургаан жилийн хугацаатай аялан олон нийтэд дэлгэн үзүүлэв. Үзэсгэлэнг “Люсигийн үлдээсэн өв: Этиопын Хидио эрдэнэс” буюу Lucy’s Legacy: Hidio Treasures of Ethiopia гэж нэрлэжээ. Өвөрмөц олдворуудад хохирол учруулах эрсдлээс хамааран, үндсэн музейгээс бусад газарт чулуужсан цуглуулгыг хайрцагтай нь үзүүлэхийг илүүд үздэг байв. Жинхэнэ олдворыг 2013 онд Этиопт буцааж өгсөн бөгөөд дараа дараагийн үзэсгэлэнгүүдэд хуулбарыг ашигласан болно.
Анх Этиопийн Афар гурвалжинд хүний гарал үүсэлтэй холбоотой үнэт олдвор байх боломжтой гэдэг таамгийг 1970-аад онд Францын геологич, палеоантропологич Морис Тайб /Maurice Taieb/ дэвшүүлсэн. Ингээд Тайб нь Олон улсын Афарын судалгааны экспедицийг (IARE) байгуулж, олон улсын нэртэй гурван эрдэмтдийг тус бүс нутагт судалгааны экспедиц хийхийг урьсан юм. Үүнд: Америкийн палеоантропологич, Кливлэндийн Байгалийн түүхийн музейн эрхлэгч, хожим нь Аризона мужийн их сургуулийн харьяа Хүний гарал үүслийн хүрээлэнг байгуулсан Дональд Йохансон, Британийн гэж нэрлэгдсэн Палеоантропологич Мэри Лики /Mary Leakey/, мөн Францын палеоантропологич Ив Коппенс /Yves Coppens/ нар багтсан. Удалгүй экспедиц Америкийн дөрөв, Францын долоон судлаачтайгаар ажиллаж, 1973 оны намар Хадар орчмын газруудад хүний гарал үүсэлтэй холбоотой шинж тэмдгүүдийн талаар судалгаа хийж эхлэв.
1971 оны 11-р сард хээрийн судалгааны эхний улирлын төгсгөлд Йохансон урд талын хэсэгтээ бага зэрэг хэрчигдсэн шилбэний ясны дээд үзүүрийн олдворыг олжээ. Түүний ойролцоо гуяны доод үзүүр олдсон бөгөөд түүнийг хооронд нь холбоход өвдөгний үений өнцөг нь AL 129-1 гэсэн энэ чулуужсан яс нь босоо алхдаг гоминин болохыг тодорхой харуулсан байна. Энэхүү олдворыг хожим нь гурван сая гаруй жилийн настай болохыг тогтоосон бөгөөд энэ нь тухайн үед мэдэгдэж байсан бусад гоминины олдворуудаас хамаагүй эрт үед хамаарагдаж байсан юм. Энэ газар нь дараа нь “Люси”-г олсон газраас 2.5 км зайтай, Люсигийн хэлтэрхийнүүд олдсон газраас 61 м-ийн гүнд чулуулгийн давхаргад байв.
Ингээд дараа жилийн буюу 1974 оны судалгааны үеэр 11-р сарын 24-нд 162-р бүсээс анх эрүүний яс олж улмаар шууны ясны хэлтэрхий, гавлын ар хэсгийн хэлтэрхий, ахиад нэг метр орчмын дороос дунд чөмөгний яс, түүний дороос нугалам, аарцагны яс, хавирга, эрүүний хэсгийг олсон нь анх удаа нэг гоминины ийм олон яснууд олдсон хэрэг байв. Энэ бол AL-288-1 буюу “Люси” байсан юм. Тэд үргэлжлүүлэн уйгагүй хайсны эцэст түүний ясны 40%-ийг олж чадсан юм.
Этиопын засгийн газрын зөвшөөрлөөр Йохансон бүх ясны хэлтэрхийг Огайо дахь Кливленд байгалийн түүхийн музейд авчирсан бөгөөд антропологич Оуэн Лавжой /Owen Lovejoy/ яс бүрийг бэхжүүлж, сэргээн засварлав. Түүнээс хойш есөн жилийн дараа л тэр бүтнээрээ /40%/ угсрагдаж, Этиопт буцаж ирсэн.
Люси нь 1.1 метр өндөр, 29 кг орчим жинтэй, шимпанзе шиг жижиг тархитай байсан боловч түүний аарцаг, хөлний ясны байдал нь яалт ч байхгүй “Люси” болон түүний төрөл босоо алхдаг анхны хүн төрөлтнүүдийн нэг байсныг нотлоно. Түүний аарцагны бүтцээр эмэгтэй байсныг тогтоосон бөгөөд нас барах үедээ 12 орчим настай байсан гэж түүний шүд болон бусад ясанд хийсэн судалгаагаар багцаалджээ.
Люсигийн үхлийн шалтгаан тодорхойгүй бөгөөд ямар ч байсан араатан амьтанд бариулж үхсэн гэх ямар нэг тэмдэг байхгүй бөгөөд түүнийг үхэх үед юмуу ойролцоо үед нь үүссэн байж болох ганц гэмтэл зүүн аарцагын ясны орчимд байдаг байна. 2016 онд Техасын их сургуулийн судлаачид Люсиг өндөр модноос унаж үхсэн байх гэсэн таамаг дэвшүүлсэн боловч Йохансон болон Уайт нар хүлээн зөвшөөрөөгүй байдаг.
Одоо Люсигийн жинхэнэ араг ясыг Аддис-Абеба дахь Этиопын үндэсний музейд хадгалдаг.

URL: