ЭМЯ: 27 шинэ тохиолдол илэрч, нийт халдвар авсан иргэний тоо 699 боллоо

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: 3103 хүнд PCR шинжилгээ хийсэн. 2020 оны 11-р сарын 25-ны 11:00 цагийн байдлаар Улаанбаатарт 6, Сэлэнгэ аймагт 20, Дорноговь аймагт 1 шинэ тохиолдол илэрч, дотоодын халдвар 262, нийт халдварын тоо 699 боллоо. Дархан-Уул, Орхон, Говьсүмбэр аймагт халдвар илэрсэнгүй.

Ингэснээр

  • Улаанбаатар хотод  60
  • Сэлэнгэ аймагт 144
  • Дархан-Уул аймагт 20
  • Орхон аймагт 17
  • Говьсүмбэр аймагт 3
  • Дорноговь аймагт 18 тохиолдол болоод байна.

ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМИЙГ САХИЛГҮЙ, ХАЛДВАР ТАРААВАЛ 3 ХҮРТЭЛ ЖИЛ ХОРИНО

ЦЕГ-ын дэд дарга Ж.Амгалан: Халдвар авсан иргэдтэй нэгдүгээр болон дам хавьтал болсон, түүнийг нь ЭМЯ, ЦЕГ, ТЕГ мэдэгдсэн иргэд онцгойлон дэглэм сахих ёстой. Хэрэв ЭМЯ-наас явуулж буй арга хэмжээг бүрэн хэрэгжүүлэхгүй бол энэ өвчин нутагших аюултай. Нэгдүгээр болон дам хавьталтай хүмүүс дэг барих хамгийн чухал байна. Ойрын болон дам хавьтлыг олж илрүүлнэ гэдэг нь хамгийн их цаг, хүн хүч шаардсан ажил болоод байна. Халдвар авсан хүмүүс явсан газар орон, уулзсан хүмүүсээ санахгүй байх, дутуу мэдээлэх зэрэг нь эргээд маш их эрсдэл үүсгэж байна. Санамсаргүй, хэнэггүй байснаасаа үүдэн халдварыг тархаавал хуультай, ялтай гэдгийг санах хэрэгтэй. Хуульд зааснаар хорио цээр, халдвараас сэргийлэх арга хэмжээг аваагүй бол торгохоос 3 хүртэл жилээр хорих ялтай.


URL: