Нефтийн үнэ өсжээ
Дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ өссөөр байгаа бөгөөд “WTI” маркийн нефтийн үнэ гуравдугаар сарын 6-наас хойш анх удаа 45 ам.доллароос давсан бол “Brent” маркийн нефтийн үнэ нэг торх нь 48 ам.долларт дөхжээ
Арилжааны мэдээллээс үзвэл, “Brent” маркийн нефтийн хоёрдугаар сард нийлүүлэх гэрээний үнэ 3.84 хувиар өсөж, нэг торх нь 47.81 ам.доллар болсон байна. Энэхүү сортын нефтийн нэгдүгээр сарын фьючерс хэлцлийн үнэ 4.06 хувиар өсөж, нэг торх нь 47.93 ам.долларт хүрчээ. “WTI” маркийн нефтийн нэгдүгээр сард нийлүүлэх хэлцлийн үнэ нэг торх нь 45 ам.доллар болж, 4.51 хувиар өссөн байна.
“Коронавирустэй хийж буй тэмцэл улам бүр эрчимжиж, улам амжилттай болж байна. Ирэх жил нефтийн эрэлт нэмэгдэх төлөвтэй байна” гэж PVM-ийн брокер Тамаш Варга “Reuters” агентлагт ярьжээ
Коронавирусний вакцинуудын туршилт амжилттай болсон тухай мэдэгдсэний дараа болон АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн дүнтэй холбоотойгоор нефтийн үнэ 11 дүгээр сараас хойш өссөөр байгаа юм. Их Британийн “AstraZeneca” компани коронавирусний вакцин нь 70-90 хувийн үр дүн үзүүлсэн тухай даваа гарагт мэдэгдсэн билээ. Тус компаниас өмнө Германы “BioNTech”, Америкийн “Pfizer” компаниуд вакциных нь туршилт амжилттай болсныг мэдээлсэн юм.
URL: