Онцгой комиссынхон онцмуу шийдвэрээ хэрэгжүүлэх үү
Хотод гацсан хөдөөгийн иргэдийг нутагт нь буцааж, аймаг, сумынхаа хилийн цэсийг давуунгуут нь шууд тусгаарлаж, хатуу хөл хорихоор Улсын онцгой комиссынхон хэлэлцэж байна. Хамгийн гол нь халдвартай, халдваргүй нь хамаагүй “Ковид-19” тархсан бүсээс нутагтаа очсон болгоныг шууд тусгаарлах тухай мэдээлэл чих дэлсэв. Ийм тактик хэрэгжүүлэхээр хэлэлцсэний гол учир нь Онцгой комиссынхон оюутан, ажилтан гэж ялгалгүй бүгдийнх нь халаасыг сэгсрэх далд зорилготой байх магадлалтай. Засаг дарга нар эл төлөвлөгөөгөө зах зухаас нь аймгийнхаа албан ёсны группт байршуулж, иргэдийг өнгөрсөн өдрүүдэд тандаад авав. Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар ч мэдээллийг бүрэн үгүйсгэсэнгүй. Тэрбээр уржигдар ээлжит мэдээллийнхээ үеэр “Нутагтаа очсон иргэн бүрийг тусгаарлахгүй, шаардлагатайг хөл хорино” гэсэн юм. Харин дээрх мэдээллийг авсан оюутнууд дор бүрнээ нутаг буцахгүй, ижий аавдаа нэрмээс болохгүй хэмээцгээж байна. Өөрөөр хэлбэл, нэгэнт мөнгийг нь төлөөд амьдарч буй дотуур байрандаа, үхсэн ч, сэхсэн ч энэ өвлийг өнгөрүүлнэ гэдгээ илэрхийлж, нэг бус оюутан манай редакц руу утастлаа. Оюутнуудыг дотуур байрнаас нь гаргалгүй, хязгаарлаж буй. Одоогоор оюутны байранд сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй бөгөөд хэрэгцээтэй хүнс, ахуйн хэрэглээний зүйлсийг гаднаас оруулж буй билээ.
Өдгөө нийслэлд хөл хорионд орсон 10 мянган оюутан бий. Харин аймгуудын Онцгой комисс тэднийг “саах” төлөвлөгөө аль хэдийн боловсруулсныг оюутнууд олж мэджээ. Тодорхой хэлбэл, хөдөөд байгаа аав, ээжид нь албаныхан энэ талаар сэм дуулгасан сурагтай. Оюутнуудын мэдээлснээр Дундговь, Өмнөговь, Баянхонгор, Увс аймгийн Онцгой комиссынхны Шуурхай штабын хурлын үеэр эл яриа гарсан байна. Уг яриа, сэм хэлэлцсэн шийдвэр олон хүнийг бухимдуулж сэтгэл санааг нь тавгүйтүүлжээ. Тухайлбал, Баянхонгор аймгийн иргэн Ц цахим орчинд “Манай дарга нарын бизнесээ л бодох юм. Улаанбаатарт ажил хөөцөлдөж эсхүл эрүүл мэндийн шалтгаанаар ирээд гацсан хөдөөгийн хэдийгээ буудалдаа буулгаж “саана” гэнэ. Хоногийн 51 800 төгрөгийг нэг иргэнээс авах нь. Ингэхдээ 14 биш өөрсдийнхөө гайхамшигт онолоор 21 хоног тусгаарлах байх. Битгий хүмүүсийг ингэтлээ зовоогооч” хэмээжээ. Түүний ийн бачимдах нь үндэслэлтэй. Тодорхой хэлбэл, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Засаг дарга Ж.Мөнхсоёл, Эрүүл мэндийн газрын дарга В.Нарантуяа нарын гаргасан шийдвэрээр тухайн сумд хөл хорионд орох иргэд хоногт 51 800 төлөх жишиг загвар гаргасан гэнэ. Улмаар гэрээний эх загвараа ч бэлдээд амжсан бололтой. Уг тамга тэмдэг бүхий гэрээний зураг цахим орчинд тархсан бөгөөд дээрх мэдээллийг албаныхан одоогоор үгүйсгээгүй байна.
Түүнчлэн Увс аймгийн ЗДТГ-аас үүнтэй утга агуулга ижил мэдээллийг “Увс-Миний Нутаг Увс-Миний Нутаг” нэртэй албан ёсны цахим хуудсаараа дамжуулан энэ сарын 21-нд гаргасан. Тус мэдээлэлд “Халдвартай бүс нутгаас Увс аймгийн зорин ирж буй иргэдийн анхааралд! Тусгаарлах байрны төлбөр өдрийн 50 000 төгрөг буюу 21 хоногийн нэг сая 50 мянган төгрөг төлөх ёстойг анхааруулъя. Аймгийн Онцгой комиссын Шуурхай штаб” хэмээн дурдсан байв. Харин нэг цагийн дараа Увс аймгийн ЗДТГ-аас хуурамч хаягаас оруулсан ташаа мэдээлэл хэмээн өмнөх бичсэнээ үгүйсгэв. Маргааш нь бүүр хөгжилтэй зүйл болов. Өнөөх постод бичсэнийг цааш түгээж, шүүмжилсэн Увсын Улаангом сумын иргэн П.Энхмааг тус ЗДТГ-ынхан худал мэдээлэл тараалаа, хуулийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн баахан чичилжээ. Нөгөөдөр нь кино цаашаа зүйл боллоо. Иргэн рүү дайрч давшлаад байсан өнөөх Увс аймгийн ЗДТГ-ынхан чинь албан ёсны хуудсаараа дамжуулан ташаа мэдээлэл оруулсандаа уучлал гуйлаа.
Тодруулбал, Пүрэвийн Баттогтох гэсэн хаягаас “Сайн байцгаана уу. Увс аймгийн иргэдээ. Миний бие Увс аймгийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны даргаар ажилладаг бөгөөд өнөөдрийн шуурхай штабын жижүүрт гарсан хэвлэл мэдээллийн ажилтны алдаанаас болж олон нийтийн сүлжээнд “Тусгаарлах байрны төлбөр өдрийн 50 мянган төгрөг” гэсэн агуулга бүхий мэдээлэл оруулсныг устгасан болно. Тиймээс энэ мэдээлэлдээ албаны даргын хувьд иргэд та бүхнээс албан ёсоор уучлалт хүсье. Дахиж ийм алдааг давтахгүй ажиллах болно” хэмээн ташаа мэдээлэл оруулснаа хүлээн зөвшөөрчээ. Өөрөөр хэлбэл, тандалт хийх зорилгоор халдвартай бүс нутгаас ирсэн иргэдээс хоногт 50 мянган төгрөг авна хэмээх зар оруулсан бололтой юм. Улмаар иргэд эсэргүүцээд эхлэнгүүт нь мэдээллээ устган, улмаар хэвлэл мэдээллийн ажилтандаа хариуцлага тооцно гэдгээ мэдэгдэв. Эх сурвалжийн мэдээлснээр аймгийн Онцгой комиссынхон халдвартай, халдваргүйгээс эс хамааран тухайн сумд тээвэр хийж очсон жолооч нарыг тусгаарласан гэнэ. Мөн л зөрчил маргаан үүсэнгүүт тусгаарласан иргэдээ байршуулсан буудлаасаа яаран сандран гаргасан юм байх. Улмаар үүнийгээ “Ар гэрийнхэн нь хүлээж авна гэсэн учраас гаргасан” хэмээн тайлбарлажээ.
Нийслэлд ирээд гацсан Увс аймгийн Улаангом сумын иргэн П.Энхмаагаас энэ талаар тодруулахад “Увс аймгийн ЗДТГ-ынхан албан ёсны цахим хуудсаараа дамжуулан худал мэдээлэл тараасан. Тийм атлаа тухайн мэдээллийг байршуулсан хэвлэлийн ажилтнаараа “туг тахиад” өнгөрөх бололтой. Тухайн ажилтан дур мэдэн халдвартай бүс нутгаас ирсэн иргэн бүрээс хоногт 50 мянган авна гэж бичээгүй болов уу. Шуурхай штаб дээр энэ тухай ярьсан гэдгийг хэд хэдэн эх сурвалж баталж буй. Тэгээд ч Увсын ЗДТГ-ын Хэвлэл мэдээллийн албаны дарга нь худал мэдээлэл тарааснаа хүлээн зөвшөөрсөн. Зөрчлийн тухай хуулийн 5.13-1-т “Гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед энэ талаар олон нийтийг төөрөгдүүлэх, худал мэдээ, мэдээлэл түгээсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 5000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж тодорхой заасан байдаг. Увс аймгийн ЗДТГ-ынхан ажилтнаа торгох тухай мэдэгдэх нь чухал биш. Өмнө нь Зөрчлийн хуулийн дээрх заалтын дагуу том дарга нар сэтгүүлч, иргэн хоёрт “эр бяраа гаргасаар ирсэн. Энэ удаа дээрх заалтын дагуу Увсын ЗДТГ-ынхныг таван сая төгрөгөөр торгож, хариуцлага тооцох ёстой. Учир нь хууль бүх нийтэд тэгш үйлчлэх ёстой. Манай сумын ЗДТГ-ын албан ёсны фэйсбүүк хаягаас тухайн худал мэдээллийг тараасан. Мөн ташаа мэдээлэл тарааснаа ч хүлээн зөвшөөрсөн” хэмээн хариуллаа. Хуульчид ч түүнийг зүй ёсны шаардлага тавьж байна хэмээн үзэж байна. Үүнээс гадна өнгөрсөн жил Франц иргэнээс коронавирусийн халдвар илрэхэд тухайн сумын иргэн “Франц иргэн манай сумаар дайран өнгөрсөн” хэмээн фэйсбүүктээ бичээд 150 мянган төгрөгөөр торгуулж байжээ.
Ер нь газар газар маш олон иргэн гацчихаад гэртээ харьж чадахгүй байгааг бид мэднэ. Тухайлбал, Сэлэнгэ аймгийн Мандал, Хүдэр сумд 1000 гаруй самарчид хөл хорионд орчихсон гэртээ харьж чадахгүй, машиндаа, хөдөө хээр амьдарч буй. Мөн нийслэлд алба, амины ажлаар ирсэн 30 мянган орчим иргэн саатаад байгаа билээ. Харин тэдгээр иргэдийг нутагтаа очиход нь аймгийн Онцгой комиссынхон нь хашиж, хорьж, хүчээр тусгаарлаад бөөн бөөн мөнгө нэхэхээр сэм зэхэж сууна. Энэ бүх үйл явцыг хараад зуд болоход НОХОЙ зоолдог, зовлон тохиолдоход ЛАМ таргалдаг гэгчийн үлгэр болоод байна уу гэх хар төрснөө нуумааргүй байна. Өөрөөр хэлбэл, зарим аймгийн дарга нар ард олны гачигдал бэрхшээлийг далимдуулан ашиг хонжоо олох дээрх мэт төлөвлөгөөг хэдийн боловсруулжээ Улсын онцгой комиссын дарга, Шадар сайд Я.Содбаатар өнөөдөр хийсэн ээлжит мэдээллийнхээ үеэр орон нутгийн иргэдийг арванхоёрдугаар сарын 1 гэхэд хотоос гаргана гэв. Тодруулбал, хөдөөгийн иргэдийг 119.mn апплэйкшнээр бүртгээд тодорхой асуумж авч, шинжилгээнд хамруулаад буцаах гэнэ. Товчхондоо тэднийг бүртгэлжүүлж, хүндрэлгүйгээр буцаах ажлыг зохион байгуулж эхэллээ. Харин иргэдийг нутагтаа очиход нь аймгийн Онцгой комиссынхон хэрхэх бол гэсэн асуулт хариултгүй үлдлээ. Онцгой комиссынхон сэм гаргасан шийдвэрээ хэрэгжүүлэх болов уу, яах бол.
Эх Сурвалж: Unuudur.mn
URL: